© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Улс төр

Т.Бадамжунайн охин Гаваа: Аавыг анх яллагдагчаар татсан хэрэг хэрэгсэхгүй болж, өөр хэрэгт хамжигчаар холбосон

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы танхимд таныг өөрийг нь заналхийлсэн гэж гэж мэдэгдсэн. Тэр мессеж хэвлэлд ч дэлгэгдсэн. Ерөнхий сайдад тийн хандах шалтгаан таны хувьд юу байсан юм бэ?

-Би өөрөө Ерөнхий сайдад илгээсэн мессежээ заналхийлсэн агуулгатай гэж үзэхгүй байгаа.

Сүүлийн жилүүдэд цөөн хэдэн хүнийг бүх зүйлд буруутгадаг хандлага хавтгайрсан. Мессеж явуулдаг өдөр аав маань харвасан. Ухаангүй болсон, их хүндээр харвасан. Миний хувьд “Ингээд л үхэж байгаа юм байна” гэж бодсон. Гэтэл эмнэлэгт тусламж эрээд очиход “Харваагүй байна” гээд буцааж байх жишээтэй. Энэ мөчид “Сүүлдээ эрүүл мэндийн тусламж ч авч чадахүй болж” гэдэг эмоцоор хувийн үзэл бодлоо илэрхийлж, тийм мессеж бичсэн.

-Эмч нар Т.Бадамжунайг таниад, тусламж үзүүлэхээс татгалзлаа гэж та ойлгосон юм уу?

-Эмч бол шинэ харвалт биш байна гэх мэтээр тайлбарласан л даа. “Харвасан гэж үзэхээргүй байна, хүнээ аваад яв” л гэсэн. Бүр гэртээ гарч болно гэж хэлсэн. Үүний дараа араас таньдаг хүнээр “Энэ ноцтой харвалт мөн шүү. Анхаараарай” гэж хэлүүлж байх жишээтэй.

-Тэр өдрийн процессыг дэлгэрүүлж ярихгүй юу. Хоёр эмнэлгээр дамжсан гэж ойлгосон, яг ямар тусламж үйлчилгээ авсан бэ. Ямар хугацаа зарцуулсан бэ?

-Аав тухайн өдрийн өглөө 08.30 цагийн үед унтаагаараа харвасан. Огт хурхирдаггүй хүн л дээ. Харвасан хүн сэрж чадахгүй болохоороо их чанга хурхирдаг юм байна. Тэгж мэдээд, сэрэхгүй байхаар нь ээж түргэн дуудсан. Түргэн тусламж бараг л хоёр цаг болж байж ирсэн. Үзээд, харвалт байж магадгүй, харьяаллын дагуу УГТЭ-т оч гэж зөвлөсөн. Эмнэлэгт 11.00 цаг өнгөрөөж очсон.

Очиход хүлээн авахын, зүрхний, харвалтын тасгийн эмч нар үзсэн. MRI-д хоёр удаа оруулсан гэсэн мөртлөө дараа нь “MRI ажиллаагүй” гэж хэлсэн. Мөн томографид оруулсан гэсэн. Энэ хугацаанд ямар ч тусламж үйлчилгээ үзүүлээгүй. Энэ хооронд бид зүү  тавиулснаар аав үл ялиг ухаан орсон л доо. УГТЭ үйлчилгээ үзүүлээд ухаан орсон хэрэг биш юм.

Эмч нь бол “Харвалт биш байна. Өмнөх харвалтын үлдэгдэл байна” гэж хэлсэн, их гайхсан. Өмнө нь харваж байгаагүй шүү дээ. Ингээд бараг л хөөгдөөд гарсан. Дараа нь арга буюу УХТЭ-д ирэхэд анхны үзлэг хийсэн эмч л шууд харвалт байна гэж хэлсэн. MRI хийлгээд баталгаажуулсан. Улмаар энэ эмнэлэгт 10-аад хоног хэвтсэн. Одоо ганцаараа явж чадахгүй, суухад ч хүндрэлтэй, мартаж санадаг болсон Тэр өдрийн орой УХТЭ-т хэвттэлээ тусламж үйлчилгээ аваагүй, оройн 20.00 цаг хүргэсэн.

-Сэтгүүлч нарт хуучин харвасан түүхээ шинээр өвчилсөн болгон, эмчийн бичиг авч, шүүх дээр ашиглахыг оролдсон гэх мэдээлэл ирсэн нь анхаарал татаж байв?

-Манай аав өмнө нь харваж байгаагүй. Тэгэхээр хуучин харвалт гэдэг ойлголт байхгүй. Мөн бид тийм бичиг авах шаардлагагүй. Учир нь цагдан хоригдоогүй, гэрээрээ байсан үе. Шүүх хурал болох болоогүй учраас эрүүл мэндийн тодорхойлолт авах шаардлага байхгүй. Харин УХТӨ-ээс өгсөн мэдээллээр хүнд төрлийн шинэ харвалт мөн, энэ нь ой санамжид сөргөөр нөлөөлж, хэл яриа, хөдөлгөөнд нь саажилт үүсгэсэн. Урт хугацааны эмчилгээ шаардлагатай гэсэн.

-Аав тань Филиппинээс ирсэн дороо хоригдсон байдаг. Тэр үедээ эрүүл мэнд нь хэвийн байсан уу?

-Хэвийн. Мөн 461-р хорих ангид байхдаа хоёр удаа үзлэгт хамрагдахад “Эрүүл” гэж л гардаг байсан.

"... Ирэхийг хэд хэдэн удаа оролдож, тийзээ бичүүлсэн ч түүнийг нь цуцлуулж байсан"

-Түүнийг Монголд ирсэн үйл явдал яг ямар нөхцөл байдалд өрнөснийг сонирхмоор байна. Онгоцноос гавтай буусан нь түүнд оргон зайлах сонирхол байсныг илтгэх мэт. Тэр гадаадад хэрхэн амьдарч байсан бэ?

-Анх Монголоос явсан нөхцөл байдлыг хэлж мэдэхгүй, улс төрийн талаас нь. Харин манай ээж олон жил өвдсөн, гадаадад авч яваад эмчлүүлье гэдэг хувийн шалтгаан бол байсан. Аав тэндээ хууль ёсны дагуу амьдарч байсан. Гэмт хэрэгт холбогдоод, саатуулагдаж ирсэн гэдэг нь худал. Х.Нямбаатар сайдын очсоныг мэдсэн, уулзья гэхэд нь өөрөө очсон. Аваад явна гэхэд нь "Тэгье, би явна. Монголд очоод, хэрэг байвал шалгуулж, ард нь гаръя” гэж өөрөө шийдээд ирсэн байдаг.

2018 онд хилээр гарахдаа ч ямар нэг хэрэгт холбогдоогүй байсан. АТГ-аас үүнийг баталгаажуулж байсан удаатай. Тэгэхээр анх оргон зайлж, Монголоос гарсан гэдэг худал. Монголд буцаж ирсэн өдөр нь л анх хэрэгт холбогдуулж, яллагдагчаар татсан.

-Оргон зайлаагүй юм бол яагаад энэ хугацаанд эх орондоо ирэхгүй байсан юм бол. Тодорхой шалтгаанаар Монголоос явсан, хуулийн байгууллагаас дуудсаар байсан гэж ойлгогддог?

-Улс төрийн шалтгаан бий байх. Өөрөө бол ирэхийг их хүсэж байсан. Ирэхийг хэд хэдэн удаа оролдож, тийзээ бичүүлсэн ч түүнийг нь цуцлуулж байсан. Эндээс ирүүлэхгүй байх мессежийг өгдөг байсан л даа. Би энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл муу байна. Бас ярьж болох эсэхийг мэдэхгүй байна.

-Т.Бадамжунайг гадаадад байх хугацаанд гэр бүлийн хүрээндээ  28 үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар танай зүгээс тодорхой мэдээлэл өгч байгаагүй?

-Сонинд манай гэр бүлийг давхардсан тоогоор 28 объект эзэмшдэг гэж бичсэн байдаг. Анзаарах юм бол нэг байрыг таван хүн дээр тоолсон байх жишээтэй. Аав, ээж хоёр нэг байранд амьдардаг байлаа гэхэд хоёр гэж тоолсон. Миний харснаар дөрвөн объект гэр бүлийн гишүүн бүрд давхар тоологдсон. Хоёрт, УБЕГ-аас эд хөрөнгийн жагсаалтын лавлагааг эх сурвалж болгож гэж харсан. Энэ түүхчилсэн лавлагаа. Худалдсан, шилжүүлсэн түүхүүд.

Олон дурдагдаж буй байрнуудын 2-3 нь өмнө нь амьдарч байсан ч одоо шилжүүлсэн. Огт хамааралгүй объектуудыг ч дурдсан байсан. Хүргэн, худуудын байр ч орж ирсэн байдаг. 28 объект гэдгийг АТГ-аас шалгасан. Эх үүсвэрийн хувьд авлигын шинж байхгүй гэдгийг тогтоосон.

-Эх үүсвэр дээр нь огт асуудал байхгүй юу. Нэг хүргэн нь хотын Ерөнхий архитектораар ажиллаж байсан. Энэ олон үл хөдлөх хөрөнгүүд авлига байсан юм биш үү л гэж хардагддаг?

-Одоо бодитоор байгаагаа тоолоход дөрвөн ам бүлийн есөн объект байгаа юм билээ. Гараж, үйлчилгээний объектуудыг оруулаад. АТГ-аас шалгаад цэвэр гэж үзсэн тул одоо үргэлжилж буй хэрэгт багтаагүй гэж ойлгож байна.

-Хүүхдүүд нь төрд ажиллаж байсан намтартай. Ихэнх нь хувийн бизнестэй хүмүүс үү?

-Хүргэн ах бид хоёр төрд ажиллаж байсан. 2018 онд ажлаа өгсөн. Хэл ам их байсан. Миний нөхөр, ихэр, эгч, ээж нар хувийн бизнестэй улс.

"...Аавын сууж байсан өрөөнд одоо манай хуулийн фирм ажиллаж байгаа"

-Т.Бадамжунайн хил гарахаас өмнө сууж байсан оффис нь авлигын шинжтэй гэж анхаарал татдаг шүү дээ.

-Миний санаж буйгаар 2016 онд ашиглалтад орсон оффис худалдаж авсан. Мөрдөн байцаалтын үед энэ оффисыг худалдан авсан эх үүсвэрийг шалгасан.  Бид ч холбогдох тайлбар мэдүүлгээ өгсөн. Гэр бүлийн хүмүүс бидний хувьд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд дуудагдаж гэрчийн мэдүүлэг өгч байсан л даа. Би өөрийн хуулийн фирмээ одоо энэ оффист ажиллуулж буй. Энэ оффисын хувьд ямар нэг авлигын асуудал байхгүй.

-Таны хуулийн фирм Т.Бадамжунайд өмгөөлөл үзүүлж байгаа юу?

-Манай фирмээс нэг, нийт дөрвөн өмгөөлөгч баг болон ажиллаж байгаа.

-Та жишээ нь төрд ажиллаж байгаад хувийн секторт шилжжээ. Хувийн бизнес эхлүүлэх хөрөнгөө та бүхэн ер нь яаж босгосон бэ, аавынх нь нөлөөлөл байсан уу?

-Манай аав улс төрд орохоос өмнө бизнесмэн байсан хүн. Анхны эксель таксинуудыг оруулж ирсэн, “Меркури” худалдааны төвийг байгуулсан гэх мэт намтартай. Сэлбэгийн наймаа ч хийж байсан. Өөрөөр хэлбэл бизнесийн суурь эх үүсвэртэй байсан. Сарын 60-70 саяын цэвэр орлоготой гэж гардаг.

Бүхий л бизнес тэгээс эхэлдэг шүү дээ. Манай эгч л гэхэд баристгаар ажилладаг байсан. Өдгөө кофены бизнес эрхэлдэг байх жишээтэй. Манай гэр бүлийн хувьд хувцасны дэлгүүр ажиллуулдаг. Мэдээж анхнаасаа ашигтай ажиллахгүй, урт хугацаанд өсөж бойжиж буй л бизнесүүд.

-Та дэлгүүр, хуулийн фирм давхар ажиллуулдаг юм уу?

-Хувцасны дэлгүүр бол манай гэр бүлийн хүний бизнес. Би өөрөө хуулийн фирмтэй.

-Хуулийн фирм нь Т.Бадамжунайн сууж байсан оффист ажиллаж байгаа юм байна. Тэр оффис өмнө нь ямар зориулалттай байсан, дараа нь танай хуулийн фирм яагаад тэнд үйл ажиллагаа явуулах болсон юм бэ?

-Анх манай аав ашигладаг байсан. Хоёр жил орчим хугацаанд. Үүний дараа манай эгч хааяа нэг сургалт энэ тэр зохион байгуулдаг байсан. Ингээд 2020 оны арваннэгдүгээр сараас эхлээд бид хуулийн фирмээ ажиллуулах болсон.

-Та бүхний төрийн болон хувийн ажил хэрэгт Т.Бадамжунайн нөлөөлөл байсан уу?

-Би 2010 онд төрийн албаны шалгалт өгч, АМГТГ-т мэргэжилтнээс эхэлж ажилласан. Би төрийн мөнгийг арвидуулъя л гэж ажилласан. Хүргэн ахыгаа ч тэгж, шударга ажилласан гэж боддог. Төрөөс зээл, тендер, концесс, тусгай зөвшөөрөл авч байсангүй. Надад ямар ч нөлөөлөл байгаагүй, би ч өөрөө нөлөөлөлд автдаг хүн биш. Дараа нь Монголбанканд мөн шалгалтаа өгч орсон. Мөн түүний дараа Төрийн өмчийн хороог агентлаг болж байгуулагдахад нь сонгон шалгаруулалтад оролцсоноор ажиллаж эхэлсэн.

"Тодорхойлолт авахаар Г.Пүрэвбат ламд нэг удаа хандсан ч ашиглаагүй"

-Т.Бадамжунай гэхээр үлгэр домог мэт зүйлс яригдсаар ирсэн. Төр, шашны олон хүнтэй холбоотой байсан гэдэг. Энэ ч утгаар гэр бүлийнхэн нь шашны зүтгэлтнүүдэд хандаж, Ерөнхийлөгчид ял хөнгөрүүлэх агуулгаар хүсэлт өгсөн гэж ч яригдсан. Жишээ нь, ийм хүсэлт тавьсан нь үнэн үү?

-Ерөнхийлөгчид хандаж хүсэлт гаргаагүй, хандах ч боломжгүй. Бидний зүгээс нөлөөлөх боломж байхгүй. Яг энэ цаг үед бидэнд туслах хүн ч олдохгүй. Харин Г.Пүрэвбат ламд нэг удаа хандсан. Цагдан хоригдож байх үед хувийн байдлыг тодруулах шаардлага үүсдэг юм билээ. Гэмт хэрэг үйлдэх сэдэлтэй хүн ер нь мөн үү гэж.

Энэ үүднээс өмнө нь хийж байсан ажлуудаар нь тодорхойлолт авахаар Г.Пүрэвбат ламд хандсан. Үүнийг гэхдээ ашиглаагүй болно. Хэргийн үндсэн шүүх хурал товлогдоогүй, урьдчилсан хэлэлцүүлэг ч болоогүй байхад ял ярина, бүр ялыг хөнгөрүүлэхийг хүснэ гэдэг асуудал байх бололцоогүй.

-Шүүхэд шилжүүлсэн хэргийн үндэслэл нь давтан мөнгө угаасан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авлига өгөхийг завдсан зэрэг зүйлчлэлүүдтэй. Та яллагдагчаар татагдсан энэ үндэслэлүүдтэй танилцсан уу. Жишээлбэл, авлига өгөхийг завдсан гэдэгт ямар кэйсүүд нэрлэгдэж байгаа вэ?

-Би хэргийн оролцогч биш учир материалтай танилцах эрхгүй. Өөрийнхөө дуудагдаж өгсөн тайлбар, мэдүүлгийг л мэдэж байна. Гэр бүлийн хүрээнд авсан мэдээллээр бол, анх яллагдагчаар татагдсан хэрэг нь одоо хэрэгсэхгүй болчихсон. Одоо өөр хэргүүд явж байгаа. Тэдэнд “Хатгагч, хамжигч” гэдэг агуулгаар холбогдож байгаа юм билээ.

-Анх “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлаар яллагдагчаар татсан. Энэ нь хэрэгсэхгүй болсон гэж үү?

-Тийм, нотлогдоогүй. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотойгоор яллагдагчаар татагдсан нь нийтэд ил. Ийм учраас хариулж байгаа юм. Хэрэг шүүх рүү шилжсэн учир бид зүйлчлэлүүдийн талаар дэлгэрүүлж ярих нь нөлөөллийн шинжтэй болчих эрсдэлтэй болов уу.

-Т.Бадамжунайтай ойрын харилцаатай байсан гэгддэг хүмүүс ямар  мэдүүлэг өгсөн юм бол?

-Би хэргийн материалтай танилцдаг субъект биш учраас мэдэхгүй байна.

-Та аавынхаа дэргэд удаан байсан охин нь. Т.Бадамжунай олон хүнтэй уулздаг, олон асуудлыг зохицуулдаг байсан нь бол үнэн. Тэдэнтэй та бүхэн холбоотой байна уу. Өөрөөр хэлбэл, тэднээс тусламж хүссэн үү?

-Хэнтэй ч тусламж хүсэх агуулгаар холбогдоогүй, харилцаа холбоотой байдаг хүмүүс байхгүй. Бидэнд тусалъя гэж өөрсдөө хандсан ч хүн байхгүй. Бид хэн нэгэнд гай болохгүй гэдэг зарчмыг л барьж байна. Бүгдийг хуулийн дагуу шийдэгдээсэй, аливаа нөлөөлөл битгий орж ирээсэй гэж хүсч байгаа. Т.Бадамжунай нэг хүнтэй л холбогдвол түүнийг ч мөн цоллодог муухай юм явж байна шүү дээ.

-Т.Бадамжунайн уулзах хүмүүсийн хүрээг хязгаарласан байгаа юу?

-Хязгаарлаагүй. 461-р ангид дөрвөн сар хоригдсон, мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Зөвхөн хилээр гарахыг хориглосон.

-Мэдүүлэгт нь үндэслэж, шинэ хэргүүд үүсгэн, өөр субъектүүдийг гэрчээр дуудсан гэсэн?

-Тийм мэдээлэл хаанаас задарсныг мэдэхгүй л байна. Гэхдээ түрүүнд хэлсэнчлэн, анх яллагдагчаар татсан хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Өөр шинэ хэргүүд үүсгэсэн, тэдэнд нь гүйцэтгэгчээр бус “Хатгагч, хамжигч” гэдэг ойлголтоор холбогдож байгаа юм билээ. Тэгсэн мөртлөө гүйцэтгэгчдийнх нь хэрэг шүүхэд шилжээгүй. Би ч мөн та бүхэнтэй ойролцоо мэдээлэлтэй яваа.

-Та охины нь хувьд, энэ хэргийг хэрхэн шийдэгдээсэй гэж харж байна. Магадгүй танай гэр бүлд эрхийн зөрчлүүд үүсэж байна уу?

-Ажлаа хийхэд хүндрэл гарч л байна. Компанийнхаа нэрээр аливаа ажилд оролцох гэхээр “Т.Бадамжунайн хүүхэд юм байна, тэгвэл авахгүй” гэдэг зүйл олон. Нэгэнт улс төрч хүний хүүхэд болж төрсөн, үүнд гомдоллохгүй. Бид нийгэмд төрсөн ойлголтуудыг өмнө нь няцааж, хэвлэлд гарч ирж байсангүй. Магадгүй тухай бүрд нь няцааж, бодит мэдээллүүдийг өгөөд явсан бол... ч гэж бодох тал байна.

Эрхийн зөрчил гэхэд, анх Филиппинээс өөрөө хүсээд ирсэн хүнийг гэмт хэрэгтэн мэт харагдуулсан. Сүр дуулиан болгож, гав зүүж авчирсан. Ямар ч хүнд нэр төр бий. Хоёрт, ямар ч тохиолдолд хүн эмнэлгийн тусламж авах эрхтэй. Гэтэл бараг л “Манай эмнэлгээс холуур яв” гэсэн утгаар хандана гэдэг харамсалтай.

Хэргийн тухайд хэлэх юм байхгүй. Бид Монгол Улсын шүүхэд итгэж байна. Шударгаар шийдэгдэнэ гэдэг хүлээлттэй байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..