© Dandaa.mn. 2011-2024
12-р сарын 27, Баасан
Улаанбаатар °C
Нийгэм

Д.Жавзандорж Ардын хувьсгалаас хойш лхаарамба цол авсан анхны монгол лам

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц 31 жил хашсан тэргүүн хамбын албан тушаалаасаа буух өргөдлөө өгсөн. Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргав, улс төрийн нөлөө байв уу, түүний орыг хэн залгамжлах вэ гэсэн олон асуулт ундарч байсан ч мэдээллүүд ил боллоо. Сүм хийдийн үйл ажиллагааг сайжруулж, нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, төр шашны харилцааг хуульчлан шинэ шатанд гаргах, дэлхий дахинд Монголын бурхан шашинтнуудын оюун санааны нэгдмэл байдлын нүүр царай болох, ес болон аравдугаар Богдыг тодруулах үйл хэрэгт Д.Чойжамц хамбын гүйцэтгэсэн үүрэг их байлаа. Дараагийн хамба одоо тэргүүн хамба Д.Чойжамцын бий болгосон хөрс суурин дээр морилж дараагийн түүхэн үүргээ гүйцэтгэх эрхийг атгана. Дараагийн хамбаар олон түмний дунд Монгол багш хэмээн өргөмжлөгдсөн Лхаарамба Д.Жавзандорж томилогдох нь тодорхой болоод байна.

Ийнхүү Сүхбаатар аймагт төрж, өссөн, айлын дөрвөн хүүхдийн нэг Дуламрагчаагийн Жавзандорж гэж залуухан лхаарамба бурхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн хамбаар суух нь. Шашны зүтгэлтнүүдийн хувьд нэр хүндтэй залуухан лхаарамбыг одоо олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах цаг болж. Гандантэгчэнлэн хийдийн их хамбаар томилогдсон лхаарамба Дуламрагчаагийн Жавзандорж нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд 1991 онд 11 насандаа шавилан буян номын үйлээ эхэлсэн. Улаанбаатар хотод ирээд Зүүн хүрээ Дашчойлон хийд, Гандантэгчэнлэн хийдийн Дашчоймпил дацанд буддын гүн ухаанд үргэлжлүүлэн суралцаж байгаад 1998 онд Энэтхэгт суралцахаар явжээ. Ингээд Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэн 2018 онд лхаарамба цол хамгаалсан байна. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр дүүргэсний эцэст лхаарамбын шалгалт өгөх эрх авдаг. Эрхээ аваад зургаан жилийн турш шалгалт өгдөг юм байна. Д.Жавзандорж лхаарамбын шалгалтад дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч цолоо авчээ. Мөн 2003-2017 онд Энэтхэгийн Гоман дацандаа багшилж байсан. Түүнийг  Ардын хувьсгалаас хойш лхаарамба цол авсан анхны монгол лам гэдэг. Энэ оны эхээр Энэтхэгийн Гоман дацангийнхаа нууц тарнийн шалгалтыг амжилттай өгч, төгсгөлийн зэргийн шалгалтдаа тэргүүлсэн байна. 2018 онд лхаарамба цолоо аваад 2019 оноос Монголдоо ирж, Гандантэгчэнлэн хийдэд сууж, Монголын Шашны дээд сургуульд багшлах болжээ. Монгол багш хэмээн алдаршсан Д.Жавзандорж лхаарамба нийгэмд чиглэсэн буддын ном сургаал, бясалгал, сургалт, танин мэдэхүй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Сумади Гирди" НҮТББ-ыг байгуулсан, мөн соён гэгээрүүлэх чиглэлийн айлдвар бичлэг түгээж, ёс суртахууны лекц хичээлүүд нь олонд хүрсэн нэгэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..