© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Улаанбаатар

Бетонон ширэнгэтэй тэмцэх Х.Нямбаатарын тактик

Сар шинийн өмнө Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хууль зөрчин газар авч барилга барин нийслэлийг бетонон ширэнгэ болгосон барилгын компанийнхантай үзэлцэнэ гэдгээ мэдэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын хар дансанд “Эко констракшн”, “Тайгам алтай” компаниудаас гадна “Кристал таун”,  “Хан хилс” зэрэг хотхоныг барьсан барилгын компаниуд орсон.

Энэ талаар тэрбээр “Өмнөх цаг үед дандаа авлигажсан байдлаар газар олголт хийж, замбараагүй орон сууцны хороолол барьчихаад гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохохыг оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ ээ.  Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд газартаа тултал нь бетонон ширэнгэ барьдаг шуналаа татаарай гэж хэлье. Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барихаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барина. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна. “Их Монгол”, “Баян Монгол”, “Олимп”, “Элизабет”, “Кристал таун” зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. “Голден парк” гэж гамшиг болсон газар байна. “Алтай хотхон”-ы 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй.

“Кинг тауэр”-ыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз.

Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм. Газрын наймаачид, барилгынхан надруу дайраад нэмэргүй шүү” гэж мэдэгдсэн юм.

Удахгүй дулаарахад газар бүрт барилгын ажил эхэлнэ. Харин энэ үед Улаанбаатар хотын захирагч төлөвлөснийхөө дагуу газар чөлөөлөлт хийж, сургууль, цэцэрлэгүүдийг барих ажлыг эхлүүлж чадах уу гэдэг нь нийслэлчүүдийн хувьд анхаарал татсан, хүлээлт үүсгэсэн асуудал юм.

Учир нь, дээр нэр дурдсан орон сууцны хорооллуудад нэг ч төрийн өмчийн сургууль, цэцэрлэг байдаггүй нь түгжрэлд нэрмээс болж буй.  Зөвхөн Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хороонд 40 мянга орчим иргэн оршин сууж байгаа статистик гарсан. Иймээс Баянзүрх дүүргийн 36 дугаар хороон дахь "Сүрэг Агт" ХХК-ийн орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаа газраас 4200 мкв талбайг чөлөөлж чадвал 960 хүүхэд хүлээн авах боломжтой сургууль барина. “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4000 ам метр талбайг албадан чөлөөлснөөр 240 хүүхдийн ортой цэцэрлэг баригдах юм.

Төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороо зөвхөн Баянзүрх дүүргээр хязгаарлагдахгүй. Хан-Уул дүүргийн Зайсан, Яармагт ч төрийн өмчийн сургууль, цэцэрлэг баригдахыг хүсэн хүлээсэн оршин суугчид хэдэн мянгаараа бий.  Хамгийн өндөр үнэлгээтэй орчин үеийн өндөр, өндөр шилэн барилгууд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт шилээ даран баригдсан ч 23, 24 дүгээр хороонд нэг ч сургууль, цэцэрлэг ашиглалтад ороогүй юм. Шалтгааныг нь төрийн өмчийн цэцэрлэг, сургууль барих газаргүй болтол нь барилгажуулсан гэж тайлбарладаг.  Иймээс Улаанбаатар хотын захирагч сэтгэлгүй хандсан барилгын компаниудын газрыг хүчээр албадан авахаас эхлээд бүхий л аргыг хэрэглэх болж байна.

Хамгийн гол нь их үнэ төлж, газартай болсон компаниудын хувьд зүгээр суухгүй нь ойлгомжтой. Шүүхэд өгөхөөс эхлээд ноцож таарна.

Энэ тохиолдолд Х.Нямбаатар ялах уу, барилгын компани ялах уу гэдэг асуудал үүснэ. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана.

Сэлбэ гол дагуу баригдсан “Авлига” хорооллыг нураах шийдвэрийг хотын захиргаанаас гаргасан ч одоог болтол ажил хэрэг болоогүй. Харин ч тус хороолол өнгөрсөн өвлийн турш баригдсаар ашиглалтад орсон. Шүүхээр асуудлыг хэлэлцэхэд барилгын компанийн талд шийдвэр гарч болзошгүй байгаа. Учир нь, уг барилгыг барих газрын зөвшөөрлөөс эхлээд бүхий л холбогдох зөвшөөрлийг төрийн байгууллагуудаас авсан байгаа нь барилгын компанийн талд асуудал шийдэгдэхэд хүргэж буй.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлж авахын тулд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд газрын эрхийг нь цуцлах шийдвэр гаргалаа ч зөвшөөрлийг албан ёсоор авсан байвал шүүх дээр очоод ялагдах магадлал бий ч сөрсөн базаагаар барилгын компаниудыг буулгаж авах тактик барьж байна.

Тэрбээр барилгын компаниудад өөр газар санал болгоно. Хэрэв саналыг нь зөвшөөрөхгүй, газраа чөлөөлөхгүй бол Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ ч мэдэгдсэн юм. Энэ тохиолдолд барилгын компаниудад бүр ашиггүй болж хувирна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..