Хурлыг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид 2023 оны үйл ажиллагаагаа дүгнэж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөр цуглаад байна. Манай хамт олон 2023 онд амжилт бүтээл ихтэй, салбартаа манлайлан ажилласан гэдгийг онцгойлон хэлмээр байна.
Өнгөрсөн онд манай эмнэлгээс хоёр баг "Алло болон Ауто цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн", "Өвдөг, мөрний нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" бүтээлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн шагнал" хүртсэн.
Бид 2023 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжин үр ашигтай ажилласан санхүүжилтээс 2,1 тэрбум төгрөгийг эмнэлгийн засвар үйлчилгээнд зарцуулсан бол ЭМЯ-ны хөрөнгө оруулалт болох 879 сая төгрөг, өөрийн санхүүжилтээр 870 сая төгрөг буюу нийт тоног төхөөрөмж шинэчлэх ажилд 1,7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Тэгвэл энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг ажлыг эхлүүлэхэд шаардлагатай 43 тэрбум, эмнэлгийн гадна фасад шинэчлэх ажилд 3 тэрбум, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 5,5 тэрбум төгрөгийг тусгуулж чадсан.
Мөн Олон улсын атомын газраас эмчилгээ, үйлчилгээнд нэн шаардлагатай Спект СТ аппарат авах 3 тэрбум төгрөгийг авахаар болсон. Эдгээр ажил хэрэгжиж эхэлвэл бидний эмчилгээ, үйлчилгээ хэдэн шатаар ахих боломжтой болох юм." гэдгийг онцоллоо.
Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2023 онд 89 эмч, эмнэлгийн мэргэжилтэн өндөр хөгжилтэй орны 15 байгууллагад сургалтанд хамруулжээ. Мөн 120 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Олон улсын хурал семинарт оролцсон байна. Мөн сувилагчдын ажлын ачааллыг бууруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тодруулан ЭМЯ болон Ерөнхий захирлын нэрэмжит шагналыг олгосон юм.