© Dandaa.mn. 2011-2024
11-р сарын 22, Баасан
Улаанбаатар °C
Улс төр

" Оюутолгой" зардлыг өсгөх санал тавьсан ч зөвшөөрөөгүй

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүдтэй уулзах үеэрээ төр засгийн зүгээс хариуцлагын тогтолцоог бүх шатанд бий болгох, авлига бий болгохгүйн төлөө төр илүү цахимжиж, цомхон болохын төлөө ажиллаж байна. Хувийн хэвшил энэ төвшинд хүрэх хэмжээнд байна уу гэдгийг дотооддоо яриач ээ гэсэн. Танхимын хуулийг шинэчлэн өргөн барих болсонтой холбогдуулж, хувийн хэвшил үйл ажиллагаагаа ил тод нээлттэй болгох шаардлага үүсч байгаа.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ нь 21 аймаг, Улаанбаатар хотод салбартай. Хуулийн шинэчлэлээр танхимыг бүрдүүлж буй салбар танхимууд буюу мэргэжлийн холбоод салбар бүрийг төлөөлдөг болно. Уул уурхайн бизнес эрхлэгчид нэгдээд уг салбарыг төлөөлсөн мэргэжлийн холбоог МҮХАҮТ-ын дотор байгуулна. Энэ загвар Герман, Турк, БНСУ-д туршигдсан.

Энэ нь төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлдэг. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг мэргэжлийн түвшинд төлөөлж, төртэй харилцах харилцааг бий болгоно.

Төрийн бус байгууллагуудын бүтэц, хариуцлага хүлээх чадвар хангалттай биш гэж олон нийт шүүмжилдэг. Төрийн бус байгууллагыг нэг болон бүлэг хүн байгуулдаг. Эцсийн эзэмшигч нь хувь хүн болчхоод байдаг учир мэргэжлийн холбоо гэж үзэж төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх боломж бүрддэггүй. Тухайлбал МОНАДА байгууллага нэг хүний өмчлөлийн төрийн бус байгууллага болчихоод төрийн нэрийн өмнөөс ажил гүйцэтгэх болохоор асуудал үүсдэг.

Хуулийн шинэчлэлээр хувийн хэвшлийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно.

Компанийн төлбөрийн чадваргүй болсныг хангах, хувийн хэвшил үйл ажиллагаагаа ил тод явуулах, татварын зохицуулалттай холбоотой хууль эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэв.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.ЭНХТҮВШИН:

-Танхимын хуулийг УИХ-аас 1995 онд баталж, хэд, хэдэн удаагийн өөрчлөлт оруулсан ч өнөөдрийн үүсээд байгаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хувийн хэвшлийг төлөөлөх төвшинд бизнесийн төөлөөллийн байгууллагыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа.  Танхимын хуулийг өөрчлөх нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг нэмэгдүүлэх том эхлэлийн шат нь юм байна гэж үзсэн.

Засгийн газрын сайд нарыг өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэр бизнес эрхлэгч нарын дунд хийдэг гурван жил тутмын судалгааныхаа дүнг танилцуулсан. Судалгаагаар бизнес эрхлэгчдийн зүгээс холбоогоо мэргэжлийн болгох, ирээдүйн асуудлаа ярьдаг болоосой гэж хүсч байна. Татварын орчин хүнд байна, зээлийн олдоц муу, зардал өндөр. Мэргэжлийн ажилчид дутагдалтай. Төрийн институц хоорондын уялдаагүй байдал, авлига хээл хахууль, хүнд суртал зэрэг нь бизнес эрхлэхэд хүндрэл учруулж байна, хувийн хэвшлийн хийж чадах ажлыг төр хийдэг зэргийг өөрчлөх ёстой гэсэн асуудлыг хөндсөн.  Энэ бүхнийг хуульд тусгаж, бизнес эрхлэх таатай боломжийг бий болгох зохицуулалтыг тусгахаар болсон гэлээ.

-“Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын зардлыг 1.6 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх санал гаргаад байгаа. Энэ асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Өнгөрсөн жил “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн, энэ онд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор зардал өссөн гэдэг асуудал тал талаасаа яригдсан. “Оюутолгой” компанийн зүгээс Засгийн газарт зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн, зөвшөөрсөн хариулт өгөөгүй байгаа.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа "Оюутолгой" компани, Монгол Улсын Засгийн газар хооронд харилцах ажлын хэсгийг ахалж байсан. Энэ ажлын хэсгийг ахлах үүрэг надад шилжиж ирсэн. Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт хуралдуулж, тодорхой тайлбар авсан. Миний хувьд мэргэжлийн бизнесийн байгууллага болох “Эрдэнэс Монгол” кмопани “Рио тинто” компанитай шууд харилцаж, бизнесийн хувьд ашигтай, ашиггүй, зардал нэмэх эсэх асуудлыг урьдчилсан байдлаар ярьж, хэлэлцдэг байх шаардлагыг Засгийн газрын зүгээс тавьж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Шууд “Оюутолгой” компанитай Засгийн газар харилцаад улс төрийн шийдвэр гаргаад ирж явж ирсэн нь алдаа дутагдал дагуулсан байхыг үгүйсгэхгүй.  Тийм учраас “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Монгол” компаниудыг үр ашгийн эдийн засгийн тооцооллыг хийж, Монголын талд ашигтай, ашиггүй хувилбарыг тодорхой болгож танилцуулсны үндсэн дээр Засгийн газраас улс төрийн шийдвэр гаргаж явна гэдгийг тодорхой хэлсэн.

Гурван ажлын дэд хэсэг байгуулсан.  Нэгдүгээрт, Оюутолгой төслийн санхүү, татвартай холбоотой асуудлыг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулсан. Хоёр дахь нь арбитрын шүүх дээр явж байгаа сөрөг нэхэмжлэлийг хариуцсан хууль эрх зүйн дэд ажлын хэсгийг дэд сайд Б.Солонгоогоор удирдуулсан.

Далд уурхайн бүтээн байгуулалт болон бусад олборлолтын үйл ажиллагаатай холбоотой техник технологийн ажлын хэсгийг “Эрдэнэс Монгол”-ын захирал М.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Уул уурхайн яам, “Оюутолгой” компани хооронд үл ойлголцсон асуудал гарсан байх жишээтэй. Жишээ нь, “Оюутолгой” компани олборлолт хийхдээ зардал багатай, ашиг өгөөж ихтэй байх талбайг олборлолтын талбай болгож сонгож байгаа бол Уул уурхайн яам нийт талбайд зардал өндөртэй байсан ч олборлолтыг бүрэн хийж, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа. Тэгэхээр дэд ажлын хэсгүүд тухай бүрт хуралдаад мэргэжлийн компанийн оролцоо зөвлөмж тусламжтайгаар дүгнэлтээ гаргана. Тэрний дараа Засгийн газраас шийздвэрээ гаргаад явна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..