© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 30, Мягмар
Улаанбаатар °C
Улаанбаатар

Хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өглөө.

Д.СУМЪЯАБАЗАР:

- Би Нийслэлийн Засаг даргын ажлаа авснаасаа хойш Эрх зүй, Эдийн Засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийг бий болгохыг зорьж, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрж, өссөн Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө ажиллахыг хичээлээ. 

- Ажлаа 2020 оны аравдугаар сарын 23-нд хүлээж аваад, Улаанбаатар хотод сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үүссэн, тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж ажиллахаа илэрхийлж байсан. Энэ хүрээнд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог УИХ-д анх удаа байгуулж, эрх зүйн хүрээнд шинэчлэлүүдийг хийхэд анхаарч ажиллалаа.

-  Коронавирусийн хүнд хэцүү үе байсан хэдий ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж чадсан. Ингэснээр нийслэл хот анх удаа бонд гаргах эрхтэй болж, энэ нь ажил хэрэг болоод явж байна. 

- Анх удаа Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгууллаа. Тооцоо, судалгаатай байж хотын тулгамдсан асуудлыг урт болон дунд хугацаанд шийднэ. Энэ байгууллага дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж байна.

-  Ажлаа авснаас хойш коронавирус, жагсаал цуглаан, үерийн нөхцөл байдал гээд олон амаргүй үетэй нүүр тулсан. Эдгээрийг УИХ, Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагуудтай, иргэдтэйгээ ойлголцож, хамтран ажиллаж даван тууллаа. 

- Хот бол нэг нам, хэсэг бүлэг хүмүүс, нэг хүний удирдлагаар явдаг зүйл биш. Хотын тулгамдаж байгаа асуудлыг УИХ-ын түвшинд, хууль, эрх зүй түвшинд шийдэж, Улаанбаатар хотын багц хуулийг батлуулах нь хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх суурь нь болно. Эрх зүй, эдийн засгийн чадамжгүйгээр бидний хүсээд байгаа хотыг бий болгох боломжгүй. Дараагийн Хотын дарга энэ чөдөр, тушаанд битгий автаасай. 

- УИХ, Засгийн газрын түвшин дэх бидний ойлголцлыг үргэлжлүүлж яваасай. 

- Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний 146 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүй байх түүхэн шийдвэр гаргасныг үргэлжлүүлж, хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгтэй. 

- Цаашид Улаанбаатар хотын эрх зүйн чадамжийг сайжруулж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах хэрэгтэй.

- Өнгөрсөн хугацаанд хотын эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, зөвшөөрөлгүй гарааш, хашаа хайсыг чөлөөлж, ногоон байгууламжаа нэмж, явган замаа өргөжүүлэн, стандарттай болголоо.

-  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах учиртай. 

- Зам засварын ажлуудыг дуусгах шаардлагатай. 

- Хотын хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтыг түргэсгэх бондын ажил, Сэлбэ гол дагуух зөвшөөрөлгүй барилга, байгууламжийг буулгах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан далангуудыг яаралтай байгуулах хэрэгтэй байна. 

- Хотын ажил цаашид зогсолтгүй үргэлжлэх учиртай. Хот гэдэг бол нэг хүний ажил биш. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..