“УБТЗ” ХНН нь зорчигч үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай аялах нөхцөл бололцоог хангах үүднээс Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгнийхээ 10 вагонд өндөр хурдны Starlink интернэт үйлчилгээг туршилтаар суурилуулаад байна.
Энэ онд нэмж 60 вагонд суурилуулах юм. Цаашдаа шат дараатайгаар 2025 онд зорчигчийн вагонуудаа иж бүрэн интернэт сүлжээнд холбож дуусгахаар төлөвлөжээ.
Туршилтын хугацаанд уг интернэт үйлчилгээ нь ямар нэг тасалдалгүй, найдвартай ажиллаж байгаа талаар зорчигчид ярьж байна.
Өмнө нь зорчигчид галт тэргээр зорчихдоо зөвхөн өөрийн үүрэн операторын сүлжээ, тархцаас хамааран хязгаарлагдмал хүрээнд буюу төмөр зам дагуух томоохон суурин газруудад интернэт үйлчилгээ авдаг байсан бол ийнхүү аяллын туршид хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой болж байна хэмээн “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.