УИХ-ын чуулганы хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр бага үнийн дүнтэй нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн онцлогт тохирсон нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх ажиллагааг хялбаршуулж, энгийн болгосон, давж заалдах, хяналтын журмаар хандах хугацааг богиносгох замаар шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг танилцуулгадаа дурдав.
Бага үнийн дүнг 13 сая төгрөгөөр тооцсон бөгөөд 2019 онд 5710 хэрэг бага үнийн дүнтэй байжээ. Энэ нь улсын хэмжээний дүнд 13 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн бага үнийн дүнтэй иргэний хэрэг 2018 онд 5411 шийдвэрлэгдсэн бол 2019 онд 5710 болж 299-өөр буюу 5.3 хувиар өсжээ.
Тэгвэл бага үнийн дүнтэй хэргийг шүүхэд тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх зарчмыг тодорхойлох аж. Тухайлбал, бага үнийн дүнтэй хэргийг нэг удаагийн шүүх хурлаар шийдвэрлэх, шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх, нэхэмжлэл гардуулах, нотлох баримт шинжлэн судлах, гэрч асуух зэрэг үйл ажиллагааг явуулах тусгайлсан журам гаргахыг хуулийн төсөлд тусгасан байна.
Улмаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.