© Dandaa.mn. 2011-2024
5-р сарын 1, Лхагва
Улаанбаатар °C
Дэлхийд

Т.Бадамжунай цус харвасан тул шүүх хурлыг хойшлууллаа

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай болон түүний хүргэн Э.Жаргалсайхан, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн захирал Д.Бямба-Очир нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн. Уг  хэргийн  урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.10.25/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болж байна.

Засгийн газраас зарласан шувуу ажиллагааны хүрээнд тэрбээр Филиппин улсад орогнож байх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар өөрийн биеэр өнгөрсөн хавар баривчилж авчирсан юм.

Түүнийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн зэсийн баяжмалын наймаанд оролцож, ёндоо хуваадаг байж болзошгүйг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан мэдээл байсан юм. Тэгвэл түүний өмгөөлөгч А.Кабирбек "Миний үйлчлүүлэгч  Т.Бадамжунайд холбогдох гэх хэрэг дотор “Эрдэнэт үйлдвэрийн Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой мөн Х.Бадамсүрэнд нөлөөлсөн гэх хэрэг байхгүй. Анх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдийгээр Т.Бадамжунайг Эрдэнэтийн Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах үйл ажиллагаанд Х.Бадамсүрэнд нөлөөлж гэрээ байгуулсан гэсэн боловч энэ асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Нийслэлийн прокурорын газраас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Т.Бадамжунай нарт холбогдох гэх хэрэгт СХД-н Засаг дарга асан Л.Найданд нөлөөлж, хууль бусаар  Л.Зундуйд газар олгуулсан гэх хэрэг, мөн Ц.Анандбазарын хүсэлтээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний захирал Д.Бямба-Очир нарт нөлөөлж, “Нью Тур” ХХК-ийн Бага тэнгэрийн аманд дулаан дамжуулах төв барих шийдвэр болон цахилгаан түгээх техникийн нөхцөлийг олгуулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа. Ц.Анандбазартай бүлэглэсэн гэх хэд хэдэн хэрэгт миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа боловч гэмт хэргийн хамтран гүйцэтгэгч Ц.Анандбазарт холбогдох хэргийг прокурор тусгаарлаж, Т.Бадамжунайд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ шүүх ахуулийн дагуу шударга шийдвэр гаргана гэж итгэж байгаа" гэсэн тайлбар өгсөн байдаг.

Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Т.Бадамжунайн өмгөөлөгч Ш.Цэцэгмаа:  Миний үйлчлүүлэгч 2023 оны есдүгээр сарын 25-ны өглөө харвасан байдалтай, ухаангүй байсан.  Тиймээс Улсын III төв эмнэлэг очиход онош тогтоогдоогүй. Тэгээд улсын II төв эмнэлэгт очсон. MRI шинжилгээгээр баруун нугалмын артер ба зүүн артерийн хэсэгт цочмог харвалт, зүүн нугалмын нарийсал болох нь тогтоогдсон. Харвалтын улмаас Т.Бадамжунайгийн зүүн талын гар, хөл болон хэл ярианы саажилттай болсон. Есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-ны хооронд УГТЭ-т, аравдугаар сарын 13-19-нд "Аллерги Мед" эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн боловч засал олохгүй байгаа тул 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс улсын I төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор бу усдын асрамжид байнгын хэвтэр, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Өөрийнх нь зүгээс шүүх хуралд биечлэн  оролцох хүсэлтэй байгаа. Эмчлэгч нарын зүгээс  Т.Бадамжунайг сэтгэл санааг тайван байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөдөг. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү" гэлээ.

Шүүх хурлын бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээн авч ирэх арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болгон хойшлууллаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..