© Dandaa.mn. 2011-2024
5-р сарын 1, Лхагва
Улаанбаатар °C
Улаанбаатар

С.САЙНБАЯР: ОДОО ХОТОД НЭМЖ ГЭР ХОРООЛОЛ ҮҮСГЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. 

Намайг Сүрэнхүүгийн Сайнбаяр гэдэг. Газрын харилцааны салбарын мэргэжилтэй.  Мэргэжлийн дагуу судалгаа хийж энэ салбарын мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулж яваа судлаач.

Манай энэхүү буланд уригдаж орсон эрдэмтэдтэй ярилцаж байхад ер нь орчин цагт нэг хүнээс их олон чадвар, тэр хэмжээний ачааллыг шаарддаг болж дээ гэж бодогддог юм. Таны хувьд улс төрийн ажил эрхлэх, эрдмийн ажил хийх, мэргэжлийн хүрээний олон нийтийн ажилд ажиллах гээд олон ажлыг хэрхэн яаж амжуулж байна вэ? 

Хүний амьдрал гэгч арвин баялаг л даа. Юуны түрүүнд  хувь хүний хичээл зүтгэл чухал. Оногдсон хувь тавилан гэж байдаг юм болов уу  гэж бас боддог. Газрын харилцааны салбарын мэргэжилтэн болсон нь  санаандгүй тохиолдол шүү.  Улс төрийн хувьд ч мөн адил. Нийгэмдээ дуу хоолойгоо хүргэж, идэвхтэй явсны үр дүн. Энэ зүтгэл нийгмийн идэвх  маань  дүүргийн хурлын төлөөлөгч, засаг даргын орлогчоор сонгогдох хүртэл урагшилсан хэрэг л дээ. Хүн хариуцлагатай зарчимтай байх ёстой. 

"-Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийгээд явахад бусад асуудал нь аяндаа болдог"

Таны судалгааны чиглэл, судалгааны ажлын үр дүнгүүд, цаашдын зорилгынхоо талаар танилцуулаач. Мөн таны хувьд өөрийн чинь онцлох бүтээл юу вэ?

Миний хувьд газрын шинэтгэл, газрын эдийн засгийн чиглэлээр Москвагийн Газар зохион байгуулалтын улсын их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. 90 онд Монгол улс шинэ нийгмийн харилцаанд орсноор улс төр, нийгэм эдийн засгийн том өөрчлөлтөд орсон. Газрын салбарын хувьд ч мөн адил томоохон өөрчлөлт шинэчлэлд орсон. Газрын олон төрлийн эрх зүй бий болсон. Газрын эрх бүртгэл, газар өмчлөл, газрыг төлбөртэй ашиглах гээд олон шинэ асуудлуудтай тулгарсан. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд шинэ үеийн боловсон хүчнийг бэлтгэх асуудал урган гарсан. Миний судалгааны ажил энэ асуудлуудыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт чиглэсэн ажил байсан. Эрдмийн зэргээ хамгаалж ирээд өөрийн мэдлэгээ бусдад түгээх зорилгоор их сургуульд багшилж салбарын боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулж эхэлсэн. Энэ хугацаанд 3 удаагийн хөтөлбөрийн шинэчлэл, 2 удаагийн магадлан итгэмжлэлийн ажилд оролцлоо. Сургуулийнхаа газар зохион байгуулалтын профессорын багийг ахалж  байлаа. Салбарын шинжлэх ухаан бүрдэхэд урт хугацаа их хөдөлмөр шаардагддаг. 

"-Энэ хугацаанд бид багаараа газар зохион байгуулалтын төлөвлөлтийн аргазүй түүний хэрэгжилтэд судалгаа хийж сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Газрын засаглалын үнэлгээ хийх олон улсын төслийг Монголд амжилттай нэвтрүүллээ. Газар усны нэрийн тодруулгын ажлыг мөн амжилттай хэрэгжүүллээ"

Сүүлийн үед ямар ажил дээр төвлөрч байна? Газрын харилцааны салбартай холбоотой ажлууд мэдээж байгаа байх.

Тусгай хамгаалалттай газрын менежмент, аялал жуулчлалын газрын төлөвлөлт, хүн амын нутагшил суурьшлыг оновчтой болгох зэрэг судалгааны ажилд оролцоод явж байна.  Мөн дэвшилтэт технологиор хадлан бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх Хот суурин газрын бохирдлыг газрын эдийн засгийн үнэлгээнд тооцох боломжийн талаар судалгааны ажлыг шавь нар болон салбарын судлаачидтай хамтран хэрэгжүүлж байна. 

Аливаа зүйлд судалгаатай, шинжлэх ухаанч хандахын давуу талыг энгийнээр тайлбарлаач?

Орчин үед аливаа шийдвэр гаргахад олон хүчин зүйлүүд нөлөөлж байна. Гарсан шийдвэртэй холбоотой олон эерэг сөрөг үр дагаврууд гарч байна. Шинжлэх ухаанч байна гэдэг гарч болох эрсдэлийг  урьдчилан мэдэх сэргийлэх боломж гэж боддог. Асуудал бүрийн цаана мянган шийдэл байдаг мянган шийдлээс хамгийн зөвийг судалж тогтоох нь шинжлэх ухаан юм. Дэлхий нийт хэрэглээний шинжлэх ухаан буюу амьдралд үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлыг шийдэх тал руу эрчимтэй орж байна. Судалгаа шинжилгээндээ илүү их санхүүг зарцуулж байна. Монгол улс  энэ чиглэлд анхаарах цаг нь болсон. 

“-Бид ч гэсэн газрын төлбөрөөс олж байгаа орлогоос салбарын шинжлэх ухааны хөгжилдөө зарцуулах хэрэгтэй. Аливааг шинжлэх ухаанчаар харж, эрдмийн гаргалгаагаар удирдаж чадвал сая онол практик нэгдэж, нэгнээ нөхөх  нөхөрлөх нөхцөл бүрдэнэ”

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ТАЛААР

Сүүлийн жилүүдэд газрын харилцааны салбарт маш их өөрчлөлт шинэчлэл хийгдэж байна. Энэ талаарх таны бодол?

Салбарын шинэчлэл амжилттай явагдаж байна. Нэг үеэ бодвол салбарын бодлого, алсын харааг тодорхойлох мэргэшсэн шинэ үе гарч ирж байна. Газрын харилцааны салбарт мэдээлэл технологийн дэвшил нэвтэрч энэ чиглэлд бусад салбараас бид түрүүнд алхаж байна. Газрын цахим шинэтгэлийг төр засаг, нийгэм олон нийт дэмжиж байна. Хүлээлт маш их байна. Үүнийг зөв амжилттай алдаа багатай нэвтрүүлэх асуудал маш чухал. 

Ард түмний амьдралын үндэс болсон газрын нөөцийг зөв удирдаж, хуваарилж, ашиглаж хамгаалахаас улс орны хөгжил шууд хамаарна. Тийм учир бид хариуцлагатай байх ёстой. Хуулийн шинэчлэлийг нягт нямбай хийх хэрэгтэй.

www.egazar.gov.mn нэгдсэн систем нэвтрээд төрийн олон чиг үүргийг цахимаар шийддэг болжээ. Цахим шинэчлэл гэж таныхаар юу вэ? Энэ талаар судалсан, жишээ, жишиг болгохоор сайн туршлага байна уу?

10 гаруй жилийн өмнө газрын цахим системийн эхлэл болох Ланд менежер программ хангамжийг улсдаа нэвтрүүлэх гээд явж байсан үеийг бодвол өнөөдөр газар төлөвлөлтийн цахим систем, газрын биржийн цахим систем, газрын кадастрын цахим систем гээд олон системүүд амжилттай нэвтэрч байна. Газрын мэдээллийн ил тод системтэй болсноор олон томоохон дэвшил гарлаа.  

“-Монгол улс газрын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг  мөртөө иргэдэд нь газар олддоггүй. Цахим систем нэвтэрснээр энэ асуудал шийдэгдэнэ энэ бол зөвхөн нэг жишээ.  Энэ бүхний цаана олон хүний хүч хөдөлмөр шингэж байгаа салбарын боловсон хүчнээ энэ чиглэлд чадавхжуулах системүүдийн хэрэглээг олон нийтэд сурталчлан таниулах асуудал маш чухал” 

Мэдээлэл технологийн чадамж техник хангамж сул боломжгүй газрууд болон иргэдэд хүрэх арга замыг тодорхой болгох хэрэгтэй.

Та ОХУ-д тэр тусмаа Москвагийн Улсын Их Сургуулийн Газар зохион байгуулалтын их сургуульд суралцаж эрдмийн зэргээ хамгаалсан хүний хувьд тухайн улс орноос манайд авч хэрэгжүүлэх зүйлс хэр их ажиглагдаж байв?

Миний төгссөн газар зохион байгуулалтын их сургууль маань 2019 онд 230 жилийн ойгоо тэмдэглэсэн дэлхийд газрын шинжлэх ухааны анхдагч их сургууль гэж үздэг. Зуун зууныг дамжаад оршин тогтноод хөгжөөд явна гэдэг нь аль ч нийгэм төрийн үед газрын асуудал гэдэг маш чухал гэдгийг тодотгож өгч байгаа юм. Бид нэг хэсэг кадастр бүртгэлд суурилсан системийг нэвтрүүлэх гэж их үзлээ их ч хөрөнгө зарлаа эцэстээ олон улс ч тэр манай улс ч гэсэн газар төлөвлөлт чухал үүнд төрийн оролцоо зайлшгүй гэдгийг бүх төвшиндөө хүлээн зөвшөөрсөн.

Урин дулааны цаг эхлээд газрын харилцааны салбарын ажил  ид эрчимжиж байна. Нийслэлээс хашаа буулгах ажил олны анхаарлын төвд байж, тэр хэмжээгээрээ иргэдээс сайшаал, дэмжлэг ч авч байна.  Энэ талаарх таны байр суурь?

Хашаа арга хэмжээг иргэд их дэмжиж байгаа нийслэлийн бүх дүүргүүдэд арга хэмжээ эрчимжиж байна. Газрын эрхийн гурван төрөл бий. Өмчлөх, эзэмших, ашиглах нь  тус тусдаа ялгаа заагтай үүнийг иргэд ялгахгүй байна. Мөн хуулийн хэрэгжилт дээр ч зөрчил их үүсэж байна. Өмчлөх эрх бол захиран зарцуулах эрхтэй. Эзэмших болон ашиглах эрх хугацаатай бөгөөд захиран зарцуулах боломжгүй. Мэргэжлийн хүний хувьд дүгнэхэд төлөвлөлтгүй, тооцоо судалгаагүй явах боломжгүй гэдгийг нотолж байгаа нэг факт гэж харж байна. Энэ зөвшөөрөлгүй газар барьсан зарим объектыг буулгах үйл ажиллагаа иргэн талдаа ч улс талдаа ч эдийн засгийн багагүй хохирол үүсгэж байна.

Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлын ихэнх нь газартай их бага ямар нэгэн хэмжээгээр холбоотой. Агаарын бохирдол, түгжрэл, ногоон байгууламж, хог хаягдал гэх мэт. Тэгэхээр газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын харилцаагаар дамжуулж эдгээр асуудлуудыг шийдэх боломж бололцоо хэр байдаг юм бол?

Өнөөдөр Улаанбаатар хотод үүсээд байгаа олон асуудлын үндэс нь 90 оноос хойш төлөвлөлтгүй явсны үр дагавар. Ирээдүйд энэ чигээрээ явбал илүү том эрсдэл асуудлууд үүснэ. Улаанбаатарын гэр хорооллыг зоригтой шийдвэр гаргаж нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй.  

“-Орон нутаг сумдыг хөгжүүлж тэнд эдийн засгийн эрх чөлөөг бий болгож байж Улаанбаатарын асуудал шийдэгдэнэ. Үүнийг газрын шинэтгэлээр шийдэх боломжтой”

Дэд бүтэц хөгжөөгүй байршилд газар шинээр олгосноор нүхэн жорлон, хогийн цэгийн асуудал ч хурцаар тавигдаж байна. Энэ бүх асуудлыг газрын харилцааны зүгээс шийдэх гарц гаргалгаа юу байж болох вэ? Улаанбаатар хотод цаашид гэр хорооллын буюу бидний хэлж заншсанаар “хашааны газрыг” олгосоор байхыг та юу гэж бодож байна?

Хотод нэмж гэр хороолол үүсгэхээ одоо болих хэрэгтэй. Сүүлийн 30 жилд Улаанбаатар хотын гэр хорооллын газар замбараагүй тэлсэн. Энэ бүхэн хөрсний бохирдол, агаар орчны бохирдлын эх үндэс нь болж байна. Үүнтэй тэмцэхэд улсаас асар их хөрөнгө зарцуулагдаж байна. Эхний шийдэл нь гэр хорооллын газраа нэмж тэлэхгүй байх алсдаа хэсэгчлэн барилгажуулах, дэд бүтцэд холбох, зарим хэсгийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Мөн гэр хорооллын стандарт бий болгох хэрэгтэй.

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх таны бодол?  Төлөвлөлтийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд юу саад болж байна?

Бид 2013 онд Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд судалгаа хийж байсан тухайн үед хэрэгжилт маш муу байсан. Гол асуудал нь төлөвлөлт ерөнхийгөөс нарийн луу гэсэн зарчмыг баримталж хийдэг гэтэл анхан шатны нэгж болох суманд тухайн жилийн буюу үйл ажиллагааны төлөвлөгөөтэй энэ төлөвлөлт нь ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй байсан. 

“-2015 оноос сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж эхэлснээр ерөнхий төлөвлөлтийн уялдаа хангагдаж хэрэгжилт сайжирч эхэлсэн” 

Өнөөгийн Монголын газрын харилцааны салбарт хамгийн хэрэгтэй байгаа шийдэл юу байж болох вэ? 

Зах зээл хөгжсөн оронд салбараа хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлүүдээ дэмждэг. Газрын харилцааны салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлээ мэргэжлийн байгууллагуудаа дэмжих хэрэгтэй. Ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хууль дүрэм журамдаа тэдний оролцоог сайн хангах хэрэгтэй. Олон улсын дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд нь бодлого санхүүгээр дэмжих хэрэгтэй. Салбарын хөгжил шийдэл явж явж хүн дээр хүний нөөц дээр л очдог. Хүний нөөцөө чадавхжуулж бэхжүүлж чадсан салбар хөгждөг.

Ер нь болохгүй байгаа асуудлын үндэс суурийг та юу гэж харж байна. Эрх зүйн орчин, голлох хуулиуддаа байна уу?

Би асуудлыг эерэг талаас нь  харах дуртай. Болохгүй зүйлс дундаас боломжийг олж харахыг хичээдэг. Асуудал хариуцаж байгаа хүн бүр ажилдаа чин сэтгэлээсээ хандаж хичээгээд явахад бололцоо боломж үргэлж байдаг. Салбарын хувьд аваад үзвэл одоогийн тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатай. Газрын асуудал ерөнхий сайдын харьяанд юм уу эсвэл Газар байгалийн нөөцийн яам болоод явах нь зүйтэй.

Газрын ерөнхий хуулийн асуудал яг одоо яригдаж байгаа шүү дээ. Ийм зүйлийг хуульд тусгачих юмсан гэж боддог зүйл байгаа юу?

Шинэ хуульд хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Хуулиар хэм хэмжээг тодорхойлж, амьдрал өрнөдөг газар нь эрх хэмжээг нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Газар өөрөө хөгжлийн үндэс тул орон нутагт үйл ажиллагаа эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлж өгөх чухал. 

“-Газрыг хамгаалах нөхөн сэргээх асуудлууд их орхигдож байна. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх санхүүжүүлэх асуудлыг хуулиндаа тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгож тусгах шаардлагатай гэж боддог”

Салбарын хүний нөөцийн бодлогын хувьд санал, бодож явдаг зүйлс байвал бидэнтэй хуваалцаач?

Салбарын хүний нөөцийн хувьд харьцангуй бэхэжсэн. Мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр стандарт бол салбарын амин сүнс. Байнга шинэчилж сайжруулж явах хэрэгтэй. Багшлах боловсон хүчнийг чадавхжуулахад төр цаг ямагт  анхаарч дэмжих хэрэгтэй. 

"-Эрүүл өрсөлдөөн бол хөгжлийн үндэс болдог. Тийм учраас бид олон газар хүний нөөцөө бэлтгэж олуулаа болж байж илүү хүчтэй болно"

Газрын харилцааны салбарын төрийн бус байгууллагуудын ирээдүйг та хэрхэн харж байна вэ? Цаашдаа бид яах ёстой гэж бодогдож байна?

Олон улсад мэргэжлийн төрийн бус байгууллагууд салбарын нэг гол институци нь байдаг. Тэднийгээ улс орон төр засаг нь бодлогоор дэмждэг бас санхүүжүүлдэг. Монгол улс олон улсын чиг хандлагыг дагаж байна. Их хурлаас мэргэжлийн төрийн бус байгууллагын тухай хуулийн төсөл санаачлаад явж байна. Засгийн газар үе шаттайгаар төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагуудад шилжүүлэн гүйцэтгүүлж байна. Энэ нь төрийн зардлыг бууруулах хэмнэлтийг бий болгох нөгөө талаасаа мэргэжлийн төрийн бус байгууллагуудыг хөгжихөд том дэмжлэг болж байна. Манай Монголын газар зохион байгуулагчдын холбооны хувьд 21 аймаг Нийслэлд салбар зөвлөлтэй дэргэдээ ахмадын, залуучуудын, эрдэмтдийн зөвлөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын ижил чиглэлийн холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлээд явж байна. Холбооны батлагдсан стратеги төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. 

Салбарын оюутан залуустаа хандаад газар зохион байгуулагч хүний хувьд баримтлах зарчим, үнэт зүйл юу байж болох талаар өөрийн туршлагаасаа хуваалцаач?

Мэргэжилээ сонгоод явж байгаа залуустаа хэлэхэд улс орны тусгаар тогтнол, амь амьдралын үндэс болсон газрын асуудлыг шийдвэрлэх мэргэжилтэн хүн нийтийн эрх ашгийг хүндэлдэг, алсын хараатай, шударга, олон талын өргөн бат мэдлэгтэй байх шаардлагатай. 

"-Хувь тавилангаар энэ салбарын хаалгаар мэргэжилтэн болоод орсон бол няцаж шантралгүй тууштай хичээл зүтгэлтэй зөв хандлагатай байхад Та бүхний өмнө их түүхийг бүтээх үүд хаалга нээлттэй бий"

Газрын харилцааны салбарын ажилтны өдөр тун удахгүй тохиох гэж байна. Мэргэжил нэгтнүүддээ, салбарынхандаа хандаад мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Монгол улсын газрын харилцааны салбарт ажил амьдралаа зориулсан ахмад буурлууддаа болон шинэ цагийн газрын харилцааны бодлогыг тодорхойлж хэрэгжүүлж байгаа төрийн болон мэргэжлийн байгууллагын удирдлага мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, энэ салбарын ирээдүйг тодорхойлох эрдэмд шамдаж буй оюутан залуус та бүхэндээ Газрын харилцааны ажилтны өдрийн мэндийг хүргэе!

 

Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье ээ!

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.9.40.209] 2023/11/30
haanhiin yaltan be
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..