-Хүнсний инженер мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 2008 оноос ажиллаж байна. Дунд нь хэсэг хугацаанд уурхайд химийн чиглэлээр ажилласан. Энэ туршлага маань мэргэжлийн бус гэхээсээ илүү мэргэжлийн ажилд маань харин ч түлхэц өгсөн.
-Арав гаруй жил хүнсний инженерчлэлийн чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Цахим орчинд өөрийн тань хөтлөн явуулдаг “Хүнсний инженер” хуудсыг олон хүмүүс мэддэг болсон. Энэ хуудсыг нээж ажиллуулах сэдэл нь юу байсан бэ?
-Сошиал орчинд хүнсний чиглэлийн худал мэдээллүүд маш их тавигдаж байгааг анзаарснаас үүдэлтэй л дээ. Би өөрөө худлаа гээд хараад өнгөрч болох ч бусад хүмүүс үнэн гээд итгэнэ шүү дээ, тийм мэдээллүүдэд. Надад энгийн санагддаг ч бусад хүмүүст хэрэгтэй байж болохуйц хүнсний тухай мэдээллийг найзууддаа ярьж өгдөг байлаа. Тэд их сонирхож, маш сайн хүлээж авч байсан.
Тэгээд “чи энийгээ бидэнд ярьж байхаар олон нийтийн сүлжээнд бичээд үзвэл яасан юм бэ” гэдэг саналыг тавьсан юм. Сошиалд идэвхгүй байсан нөхөр чинь нэг пэйж нээгээд бичиж үзлээ. Санасныг бодоход их сайн хүлээж авсан шүү. Бичиж эхлээд л хүмүүст хүнсний талаар ихийг хэлж өгөх ёстойгоо ойлгож мэдэрсэн. Ний нуугүй хэлэхэд хүмүүс юуг сонгож яаж идэхээ, хэрхэн хадгалахаа ч мэдэхгүй байна.
-Сургуулийн ойр, орчмын ТҮЦ, мухлаг, дэлгүүрийн лангуунд резинэн чихэр, пирошки, хуушуур зэрэг бэлэн хоол, маш их чихэртэй ундаанууд зарж борлуулдаг. Шуудхан хэлэхэд хүүхдүүдэд “хор” зараад байна л даа. Энэ тал дээр эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болохуйц мэдээлэл өгөөч?
-Боловсруулсан мөртлөө ил тавиад зарагдаж байдаг ороомог, мантуун бууз, пирошки зэрэг бүтээгдэхүүнүүд хамгийн аюултай нь. Бэлэн болгочихсон хоол өөрөө шим бодис тул зөвхөн хүний хоол байдаггүй ба бактери үүсэх тэжээлт орчин болж байдаг. ТҮЦ-нд 2-3 цаг эсвэл бүр бүтэн өдөр болоход тэдгээр хоолонд бактери үржсээр л байдаг гэсэн үг.
Жишээлбэл, мантууз бууз жигнүүрээс гарахдаа ариун байна. Температур нь буураад хөрөхдөө орчны нөлөөгөөр зайлшгүй бохирддог. Бактергүй газар гэж огт байхгүй тул энэ нь эрсдэлтэй болж хувирч байгаа юм. Хоолны хордлого болно гэдэг нь маш аюултай эцсийн үе шат. ТҮЦ-т байгаа тэдгээр хоолыг идээд тухайн үедээ биед сөрөг нөлөө үзүүлэхгүй юм шиг боловч үүсчихсэн хорт бодис нь бие организмд муугаар нөлөөлдөг. Наад зах нь гэхэд бие организмыг хоргүйжүүлэхийн тулд элэгний ачаалал ихэсч таарна. Үр дагаварт нь элэг гэмтэж байдаг.
-Эцэг, эхчүүдийн анхаарал, сэрэмжээс өөр найдах зүйл алга даа…?
-Эцэг эхчүүд ч гэлтгүй, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг эрх бүхий байгууллагууд шууд хориглох хэрэгтэй байна. Яагаад хүнсний бүтээгдэхүүнд сав баглаа боодол гэж шаарддаг юм бэ?
Яагаад хадгалах нөхцөл гэж шаарддаг юм бэ? Зайлшгүй тэгэх шаардлагатай учраас л тэр шүү дээ. Үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийн хувьд бүгд ямар нэгэн байдлаар савлагаатай байгаад зогсохгүй хадгалах нөхцлийг шошгон дээр нь бичсэн байдаг. Түүний дагуу хадгалаад хэрэглээд явах ёстой. Харин ТҮЦ-т зарж байгаа бэлэн болгосон бүтээгдэхүүнүүдэд бичсэн нэг ч зүйл байхгүй. Өдөржингөө тэндээ байж л байдаг. Амьдрахад хэвийн нөхцөл өөрөө 25 градус л байгаа шүү дээ.
-ТҮЦ, дэлгүүрээс хүүхдүүдийн авдаг бүтээгдэхүүнүүд ихэвчлэн импортоор орж ирсэн чихэр, жимс байдаг. Ер нь манай улс гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүддээ хяналт тавьж, шинжилгээ хийж чадаж байгаа болов уу?
-Аюултай бодис үүссэн байна уу гэдгийг нь химийн нарийн шинжилгээгээр тогтоох учиртай. Төрөл бүрийн жижиглэнгийн чихрийн хаяг, шошго дээрх будагч бодис гэх мэтийг хянаж шалгаж үзэх хэрэгтэй. Харамсалтай нь хянаж шалгаж үздэг лабратори манайд байхгүй.
Манай улсын лабораторийн чадамж бол бичил биетнийг тодорхойлох л байх. Будагч бодис ямар хэмжээнд байгааг, хүнсний нэмэлтүүдэд юу агуулагдаж буйг тодорхойлж чадахгүй байна л даа, манай улс. Янз бүрийн бүтээгдэхүүнүүд орж ирж байна. Ихэнхэд нь ирсэн улсынх нь сертификатыг үндэслэж зөвшөөрөл олгодог. Уг нь бид эх орондоо шинжилж үзээд авах, үгүйгээ шийдэх ёстой.
-ТҮЦ-т зарагдаж байгаа жижиглэнгийн бүтээгдэхүүнийг найдвартай гэхэд хэцүү, найдваргүй гэхэд ч хэцүү болж таарлаа?
-Хүн ер нь мэдэхгүй байгаа зүйлээсээ л айдаг шүү дээ. ТҮЦ-т байгаа бүтээгдэхүүнүүдээ бид мэдэхгүй байна. Ямар эх сурвалжтай, хадгалалтын ямар нөхцөлд хадгалагдаж байгаад орж ирсэн гэх зэргийг мэдэхгүй болохоор тэндээс айхаас өөр арга алга. ТҮЦ ч гэлтгүй, томоохон сүлжээ супермаркетууд, их дэлгүүрүүд, орон сууцны доор байдаг хүнсний дэлгүүрүүд бүгд үүнд багтана. Шинжилгээний бичгэнд хүмүүс маш их найддаг. Яг тэр шинжилгээний бичгийг нь уншаад үзэхэд тэнд цөөхөн зүйлсийг л дурдсан байдаг. Гэтэл тухайн дэлгүүрт хадгалах горим зөрчигдвөл яах вэ гэж ирээд яривал маш олон асуудал бий.
Гэхдээ ямар ч асуудалд гарц байх ёстой. Үйлдвэрлэгчид аюулгүй бүтээгдэхүүнээ хийчихлээ гэж бодъё л доо. Үйлдвэрээс гаргалаа л бол бусад асуудал нь тухайн үйлдвэрийн асуудал биш юм шиг болчихдог. Гэсэн мөртлөө бүтээгдэхүүнээс нь болж ямар нэгэн асуудал үүсэхэд үйлдвэрлэгч хариуцлага хүлээдэг. Тухайн дэлгүүр хариуцлага хүлээдэггүй. Уг нь хүнсний сүлжээнд оролцогч талууд бүгд ижил хариуцлага хүлээх ёстой.
Жишээлбэл, хиамыг нэгэн үйлдвэр маш чанартайгаар үйлдвэрлээд гаргачихлаа. Тэр хиамыг нь аль нэг дэлгүүр буруу хадгалахад эрсдэл үүснэ. Гэтэл хиамыг нь хэрэглээд нэг хүн хордлогод орлоо гэж бодоход тухайн хиамны үйлдвэр нь хариуцлага хүлээдэг. Нэр хүнд нь ч унаж, хиамаа татан авахаас аргагүйд хүрдэг. Тиймээс дэлгүүрт хяналт тавьдаг байх хэрэгтэй. Япон эсвэл Хятадаас маш сайн бүтээгдэхүүн импортоор орж ирсэн бол түүнийг зарж борлуулж буй дэлгүүрийг маш сайн хянадаг болмоор байгаа юм.
-Жишээлбэл, чипс маш муу, хорт хавдар үүсгэдэг гээд ярьдаг. Чипс тийм айхавтар сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн мөн үү?
-Чипс хорт хавдар үүсгэдэг гэдгийг хэн нотолж, тодорхойлсон юм бэ? Баттай нотолгоо байхгүй мөртлөө хортой хүнс гээд зарлачихдаг. Чипснээс хүүхэд тос, цардуулын хэрэгцээгээ авч байна. Эдгээр нь яалт ч үгүй шим бодис. Харин хэрэглэх хэмжээнээсээ хэтэрвэл маш их тос авч, таргалалт явагдана. Хүүхэддээ “чипс хортой шүү” гэж хэлэхийнхээ оронд “чи аав, ээжийнхээ өгсөн мөнгөөр өдөр бүр өөр төрлийн зүйл авч идэж байгаарай” гэж зөвлөх нь өөрөө эрүүл хандлага юм. Хэрэглэж байгаа хүнснүүдээ солонгоруулж, олон төрөл болгох нь зохистой хэрэглээ.
-Би саяхан СU сүлжээ дэлгүүр орж хуушуур авахдаа хуушуур пирошкиг хөргөгчнөөс гаргаж үл ялиг бүлээн хэмтэй шилэн хоргонд хийж байгаад хэрэглэгчийг авах үед богино долгионы зууханд хийж халааж өгдөгийг мэдлээ. Өдөр бүр шинээр хийсэн хуушуур, мантуун бууз авч иддэг гэж бодож явсан маань худлаа болсон. Тахианы махыг хонуулж болохгүй “хор” болдог гэх юм…?
-Тахианы махны тухай ойлголт бол буруу. Хонь, үхрийн махнаас илүү тахианы маханд хүүхэд, залуус дуртай болохоор л тэнд тахианы мах худалдаалж байна. Тахианы махыг зөв горимд нь хадгалаад хонуулаад хэрэглэж болно. Нэр бүхий эмч нар зөвхөн тахианы махыг онцлоод маш буруу мэдээллүүд өгдөг. Тахиа, хонины мах ялгаагүй уургаас бүтдэг. Уураг нь аминхүчлүүдээс бүтдэг. Зохисгүй хэрэглэвэл уургийн хэрэгцээ гэдэг зүйл хонины махан дээр ч гарна. GS25, CU зэрэг томоохон франчайз дэлгүүрүүд том стандартыг нэвтрүүлж байгаа нь нэг талаараа сайн талтай.
Нөгөө талаар мэргэжлийн байж бусад дэлгүүрээс ялгарах ёстой. Гэтэл өнөөдөр тэдгээр дэлгүүр хуушуур, пирошкиг хэвийн нөхцөлд зарж байна. Бүтээгдэхүүнээ шилэн хоргонд хийчихдэг. Тэрхүү шилэн хорго нь халдаг ч үгүй, хөрдөг ч үгүй. ТҮЦ-т тэдгээрийг бүр гялгар уутаар ороочихдог. Энэ бол ямар ч ялгаагүй зүйлс. Уг нь тэр шилэн хорго халуун байх зориулалттай.
GS25 дэлгүүр шилэн хоргоо унтраачихсан бол CU сүлжээ хоргоо 39 градус дээр тохируулсан байдаг. 37 градус бол бактери идэвхтэй үрждэг орчин. 39 градуст бактерийг идэвхтэй үржүүлээд, түүнийгээ дахин гаргаж ирээд халааж байна гэсэн үг. Харамсалтай нь богино долгионы халаах зууханд бактерууд нь устах ч, үүсгэсэн бодис нь устахгүй. Бактери биед ороод аюул учруулдаг юм биш, гол нь хор нь хүний биед орж аюул үүсгэж байдаг.
-GS25, CU сүлжээ дэлгүүрүүдийг онцлоод байгаа чинь цаанаа ийм учиртай байх нь…?
-Чи зөв харсан байна. Эдгээр дэлгүүр бусдаас стандартаараа ялгарч байх ёстой шүү дээ. Хоолны газрууд тэдгээрээс суралцаж байх учиртай.
-Та CU сүлжээ дэлгүүрийн удирдлагуудтай асуудал хөндсөн уулзалт хийсэн. Тэд тавьсан асуудлыг чинь хэрхэн хүлээж авч байна?
-Энэ асуудлыг бичихээс 5-6 хоногийн өмнө эдгээр сүлжээ дэлгүүрийн хэд хэдэн газраар орж асууж, тодруулж үзсэн л дээ. Юу юуны туханд хүрэлгүй бизнес эрхлэгчид рүү дайрахыг хүсээгүй. Нэг асуудлыг дэвшүүлээд дунд нь хаячих юм бол тэр асуудал үр дүнд хүрдэггүй. Тиймээс эхлээд GS25 дэлгүүрийг онцолсон. Өөрсдөд нь мэдэгдэхэд хариу өгөөгүй.
Хоёр хоногийн өмнө CU сүлжээ дэлгүүрийг мөн онцолсон. Тэгтэл нэг хоногийн дараа надтай уулзаж мөрддөг стандартаа танилцуулъя гээд удирдлагын түвшинд уузах саналыг тавьсан. Энэ маш зөв хандлага. Очоод уулзлаа. CU сүлжээ дэлгүүрийн удирдлагууд бэлэн бүтээгдэхүүний хадгалалт дээр буруугаа хүлээсэн. “Бид 300 гаруй салбар дэлгүүрүүдээ чадлынхаа хэрээр хянахыг л зорьж яваа” гэсэн хариу өгсөн.
Хуушуур, пирошки хийчихээд харуулаад байгаа шилэн хоргын температур уг нь 60 градусаас багагүй байх ёстой. Яагаад түүнийгээ 39-40 градуст тавьдгаа тайлбарласан. 60 градусын өндөр температурт хуушуур, пирошки нь удаан байхаар хатчихдаг юм байна. Тиймээс ажилтнууд нь темпратурыг нь буулгачихдаг хэрэг. Эдгээр сүлжээ дэлгүүр салбар бүрийнхээ ажилтнуудад сургалт өгөх хэрэгтэй. Уулзахдаа тэдэнд хандаж тодорхой гарц, гаргалгаануудыг хэлж өгсөн.
Тэр шилэн хоргондоо хуушуур, пирошкины макет хийгээд тавьж болно шүү дээ. Гаргаж өгөхдөө хөлдөөсөн бүтээгдэхүүнээ пэйчид халаагаад өгч болно. Ингэхгүй хөлдөөсөн бүтээгдэхүүнийг гаргаж ирж 40 градуст бактери ургуулаад дараа нь дахин халаагаад хэрэглэгчдэд өгнө гэдэг буруу. Ийм тохиолдолд аминдэм зэргийн тухай бол яриад ч хэрэггүй.
-CU сүлжээ дэлгүүрийнхэн хадгалалтын энэ буруу горимоо өөрчилнө гэнэ үү?
-Өөрчилье л гэж байна. Өөрчилье гэдэг үг өөрчлөх хоёр бас их ялгаатай. Тиймээс харж л байя. Эндээс хүмүүс нэг зүйлийг ойлгож аваасай гэж хүсч байна. Нэг хүнсний инженер том сүлжээнүүдтэй маргаад байгаа асуудал ерөөсөө биш. Бэлэн болсон хоолыг ямар температурт хадгалж хэрэглэх ёстой юм бэ гэдгийг ойлгуулах гээд байгаа юм. Аав ээжүүд орой нь хийсэн хоолоо өглөө нь хүүхдийнхээ цүнхэнд хийгээд явуулчихдаг. Хүүхэд нь тэр хоолыг өдөр хичээлийн завсарлагаанаараа иддэг. Чиний хийсэн хоол дэлгүүрийнхээс аюулгүй байна гэсэн үг ерөөсөө биш.
Зарчмын хувьд ТҮЦ, CU сүлжээ дэлгүүрийн хадгалалттай ялгаагүй хэрэг шүү дээ. Ажилтай хүмүүсийн хувьд өглөө хоолоо бэлдэж ажил дээрээ очиж хөргөгчиндөө хийж байгаад гаргаж ирээд халааж идэхэд аюулгүй. Харин хүүхдүүдийн хувьд сургууль дээр нь хөргөгч байхгүй шүү дээ. Ер нь хүмүүс өөрсдөдөө л их найддаг. Би энэ хоолыг хийсэн юм чинь аюулгүй гээд итгэчихдэг. Гэтэл бичил биетэнгүй орчин гэж хаана ч байхгүй шүү дээ. Энэ асуудал бол нэг хүн нэг хэсэг байгууллага, бизнес рүү дайрч байгаа асуудал биш юм шүү.
-Жин хасах, турах тухай асуудал хүнсний салбартай ч мөн холбогдох боллоо. Тураах янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Турахад зориулж хоол, хүнсийг хэт туйлширч ялгаж хэрэглэж байна. Ер нь тураах бүтээгдэхүүнүүд бүрэн шинжилж, мэдсэн айх айдасгүйгээр ууж, хэрэглэх зүйл мөн үү?
-Амьдарна гэдэг өөрөө энергийн зарцуулалт. Тантай ярихдаа гараа хөдөлгөж байгаа маань ч энерги зарцуулж буй хэрэг. Зүрх цохилж, цус шахна гэдэг ч энергийн зарцуулалт. Хүн энэ бүх энергээ хоол тэжээлээрээ авдаг. Зарцуулж байгаа энергээсээ давсан энергитэй хоол хүнс хэрэглээд байвал илүүдсэн калори элгэнд хуримтлагддаг. Элгэнд нөөцлөгдөж дүүрээд ирэхээр булчинд нөөцлөгддөг. Булчин дүүрэхээр өөхөн давхарга үүснэ. Ингээд харахаар ерөөсөө л зохистой хэрэглээг эхнээс нь хэвшүүлж дадвал таргалахгүй.
Хүн бол мал биш. Мал намартаа сайхан таргалж аваад хаврын тарчиг цагтаа дотроосоо идэж дуусгана. Таргалах процесс нь өөрөө илүүдэл энерги юм гэдгийг маш сайн ойлгож байх хэрэгтэй. Нэг компани “цууны хүчил буюу алимны цуу ууж тураарай, дотор өөхөө шатаагаарай, эрүүлжээрэй” гээд олон жил рекламдаж байна. Хүчил уугаад өөх хайлахгүй шүү дээ. Энэ нь бодисын солилцоог чинь өөр шатанд аваачиж, хоолонд дургүй болгож, аль нэг эрхтний тогтолцоог тань хэвийн бус байдалд оруулж байж хүчээр хийгээд байгаа өөрчлөлтүүд юм.
Ийм эрсдлийг өөртөө үүсгэж яах юм бэ. Хоол гэдэг хүний биед маш хэрэгтэй зүйл. Тураах бэлдмэл, бодисын бизнес эрхэлдэг хүмүүс хоол хүнснээс л татгалзахыг зөвлөдөг. Хоол хүнс бол амьдралын хамгийн чухал шаардлагатай хэрэгцээ. Тураах бүтээгдэхүүнүүд ямар ч хяналтгүйгээр зах зээлд нэвтэрдэг. Ямар ч нөлөөгүй мөртлөө сурталчилгаа хийгээд зардаг нь ч байна. Хүмүүсийг боловсролгүй, анзааргагүйгээр нь далимдуулаад ашиг орлого олж байна. Өдөр бүр хордоод яваад байвал нэг өдөр л том асуудал үүснэ.
-Тураах бэлдмэлүүдийн тухайд эцэст нь асууя. Яг эрүүлээр тураадаг бүтээгдэхүүн гэж байхгүй гэж үү?
-Хаана ч байхгүй. Хэрвээ байдаг байсан бол илүүдэл жинтэй хүмүүст эмч нар тэр зүйлийг хэрэглэхийг бичиж өгөөд л жинг нь хасчихна биз дээ. Уг нь их энгийн логик.
-“Эрүүл хүнс гэж байдаггүй” гэж та Хүнсний инженер цахим хуудастаа бичсэн байсан. Гэтэл нөгөө талд “эрүүл хүнс”, “зөв хооллолт” гээд л ярьдаг шүү дээ.
-Яг одоогийн орчин нөхцөлд хүмүүс эрүүл хүнсний бүтээгдэхүүн гэдгийг маш ихээр хайдаг болсон байна. Эрүүл хүнсийг тодорхойлох нэг шалгуур бий. Илүү цэвэр гарал үүсэлтэйгээр нь тодорхойлж болно. Ааруул, тараг, сүү, өрөм бол гарал үүслийн хувьд эрүүл хүнс мөн. Гэхдээ хэрэглээний хувьд энэ эрүүл юм чинь гээд замбараагүй хэрэглээд байвал маш их тос шүү дээ. Тэгэхээр тухайн хүнсний үйлчлэх бодис нь юу юм бэ, яах гэж хэрэглэдэг юм бэ гэдгийг танин мэдэх хэрэгтэй. Өөрийн биедээ тааруулж, тохируулж хэрэглэж байж л эрүүл хүнс болно. Түүнээс биш эрүүл хүнс гээд нэг тал нь сурталчлаад нөгөө тал нь хайгаад байх тусам зохистой хэрэглээ гэдэг зүйл маш их алдагдаж байна.
Овъёосны жигнэмэг эрүүл, орео жигнэмэг эрүүл биш гэдэг бол буруу хандлага. Овъёосны жигнэмгийг байнга ихээр идээд байвал гэдэсний түгжрэл болох магадлал өндөр. Ислэг гэдэг зүйл биед шингэхгүй учраас эрүүл мэндэд янз бүрийн асуудал үүсч болно. Орео эрүүл биш юм уу гэвэл тийм биш. Ялгаагүй л гурилаар хийж, түлсэн сахарын өнгөөр өнгө оруулсан хар жигнэмэг шүү дээ. Тэгэхээр хүнсний ойлголтод аль нэг эрүүл, эрүүл бус брэндийн бүтээгдэхүүний тухай ярих нь тийм чухал биш. Зохистой хэрэглээ, хандлагаар л эрүүл, эрүүл бус гэж ангилах нь чухал.
-Вакцин хийлгэсэн малын махыг идэх нь эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Хүмүүс антибиотик, вакцин аль алийг нь химийн тариа гэж ойлгодог. Вакцин гэдэг дархлалын системд өөр аюултай вирусыг таниулах үйл ажиллагаа. Тэгэхээр вакцин дотор хагас үхмэл болгосон вирус байдаг. Нэг нь химийн бодис, нөгөө нь аюулгүй болсон нян бактер тул ямар ч аюулгүй. Вакцин хийлгэсэн мах идээд хордоод байх зүйл ерөөсөө ч байхгүй.