Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Францын Талес Алейна Спейс компанийн гүйцэтгэх захирал, ноён Херве Деррей нар хиймэл дагуул үйлдвэрлэж, ашиглах гэрээ боловсруулж, бэлтгэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Өөрийн үндэсний хиймэл дагуултай болж, харилцаа холбооны бие даасан байдлаа бататгах үе үеийнхний хүсэл зорилго ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийж буй төрийн айчлалын үеэр бодит ажил болох гараандаа гарлаа.
Дэлхийн томоохон үйлдвэрлэгч “Талес Алейна Спэйс” компанид 100 хувь тоон технологид суурилсан “Чингис сат” үндэсний хиймэл дагуул бүтээж Монголд хуваарилагдсан 113.6°E тойрог замд хөөргөх юм.
Гарын үсэг зурах үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал: “Энэ төсөл бол Монгол Улсын цахим хөгжил, дотоодын сансрын эдийн засгийг хөгжүүлэх шинэ үеийн алхам юм. Өргөн уудам газар нутагт, тархан суурьшдаг монголчууд, нүүдлийн соёл тээгчид орон зайн саадгүйгээр найдвартай холбоотой байх, интернэтэд нэвтрэх, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах өргөн боломж нээгдэнэ. Энэ төслийн цаана иргэдээ болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэх, авран хамгаалах зэрэг өндөр ач холбогдол оршиж байна. Бид “Талес Алейна Спейс”-ийн туршлага, чадавхтай түншилж, хамтарч байгаадаа баяртай байна” гэж хэллээ.
“Талес Алейна Спейс” компанийн гүйцэтгэх захирал Херве Деррей: “Бид Монгол Улстай урт хугацааны хамтын ажиллагаа эхлүүлж, нийт иргэдийнхээ эрх ашгийн төлөө сансрын чадавх, үйлчилгээгээ хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээв.
Монгол Улс бусдаас арилжааны хиймэл дагуул түрээслэхэд жилд 12 орчим сая доллар төлдөг. Түрээсийн зардлаа өөрийн хиймэл дагуултай болоход зориулах нь эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын давхар ашиг тустай. Өргөн уудам нутагт үүрэн холбооны антенн босгох, хот айл бүрд шилэн кабель татаж хүргэх боломжгүй учир иргэн бүрдээ интернэт, харилцаатай холбоо хүргэх дэвшилтэт арга зам гэж үзэж байна.
Гуравдагч хөрш Францтай хамтран өөрийн үндэсний хиймэл дагуултай болох нь өргөн уудам газар нутгийн хаанаас ч өндөр хурдны интернэтийн үйлчилгээ ашиглах, өсөн нэмэгдсээр буй байгалийн гамшиг ослоос сэргийлэх, иргэдээ эрэн хайх, авран туслах, харилцаа холбооны аюулгүй байдлаа бататгах үндсэн ач холбогдолтой юм.
“Чингис сат” нь мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбар, үнэ цэн, өртөг ашиг нэмсэн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжинэ.