© Dandaa.mn. 2011-2024
11-р сарын 24, Ням
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, эрдэмтэн Д.Наранбаатартай ярилцлаа.

Хорт хавдраар өвчлөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэлт маш чухал гэдгийг та хэлж байна. Гэтэл монголчууд их хэнэггүйгээс болж хавдраа бүр хожуу шатандаа оруулж хүндрүүлдэг?

-Элэгний хорт хавдрыг оройтож оношлоод байгаа болохоор өвчтнүүдийн 80 хувь нь нэг жилийн дотор нас барж байна. Тэдний ихэнх нь гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож байна. Хорт хавдар гурван сарын дотор хоёр дахин томордог. Гэтэл хорт хавдрыг эрт үед нь оношилж, бүрэн эмчлэх боломжтой.

Энд нэг тоо хэлэхэд, элэгний хавдраар нэг жилд 1800 хүн буюу өдөрт таван хүн нас барж байна. Энэ нь дэлхийн дунджаас 10 дахин их гэсэн үг.

Элэгний В вирүсийн халдвартай хүн 20 жилийн дотор хорт хавдартай болдог бол хэрэв В, Д вирүсийн халдвартай бол таван жилийн дотор хавдар болдог. Нас залуу байх тусмаа улам хүндэрдэг байна. Дархлааны систем нь өндөр байх тусам хавдар улам үсэрхийлж, бусад эд эрхтэнд нь нөлөөлдөг юм.

-Элэгний Д вирүсийн эмийг үйлдвэрлэгч компанийн Ази хариуцсан захирал Монголд ирэхэд Эрүүл мэндийн яамнаас үнэ дээрээ тохирч чадаагүй байна. Үүнээс болж өөр эмчилгээ, эмгүй болсон 150 мянган хүнийг хэрхэн эмчлэх асуудал тулгамдаж байгаа талаар ярихгүй юу?

-Монголд нийт 250 мянган хүн элэгний В вирүсийн халдвартайгаас 60 хувь нь буюу 150 мянган хүн элэгний В, Д вирүсийн давхар халдвартай. Тэд одоо ямар ч эмчилгээ байхгүй, арга ядаад хүлээж байна. Мөн элэг шилжүүлэн суулгаж байгаа хүмүүсийн 70 хувь нь В, Д вирүсийн давхар халдвартай байна. Тэдний дундаж нас нь 45. Монгол Улсдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг 300 орчим хийсэн бол гадаад, дотоод нийлсэн хагалгааны тоо 1000 гарсан. Элэг шилжүүлэн суулгах мэс засал дунджаар 100-500 сая төгрөгийн өртөгтэй. Хагалгааны дараа байнгын дархлаа дарангуйлах эм уудаг. Энэ хүмүүсийг эмчилгээнд хамруулах талаар судлахад АНУ-ын Gilead компанийн үйлдвэрлэдэг Hepcludex тариан эмчилгээ байна. Германы компани хөгжүүлэлтийг нь хийж байгаад АНУ-ын компанид 1.5 тэрбум ам.доллараар худалдсан байдаг.

Европын улс орнууд энэ компаниас даатгалаасаа шууд худалдан авалт хийж, иргэддээ үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг. Хамгийн багадаа 1-3 жилийн эмчилгээ хийж, сайн үр дүн гарна. Энэ нь уудаг эм биш гэдсэндээ тарьдаг тариа юм.

Монголын Эрүүл мэндийн яамнаас Гадаад харилцааны яамаар дамжуулан АНУ-ын компанитай уулзах хүсэлтээ тавьсан боловч холбоо тогтоож чадаагүй юм билээ. Тэгээд 2023 оны гуравдугаар сарын сүүлчээр С.Чинзориг сайд надтай уулзаж "Энэ компанитай холбож өгөх арга байна уу” гэсэн. Би "Одоо АНУ-руу явах гэж байна. Та дөрөвдүгээр сарын эхээр АНУ-д ирвэл би уулзуулж өгье" гэсэн. Тэгсэн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газраас томилолт авч чадалгүй, тэнд очиж чадаагүй. Сүүлд наймдугаар сарын сүүлчээр нэг цахим хурал хийж, 2500 ам.доллар буюу есөн сая төгрөгөөр энэ тариаг худалдан авахаар болсон байна. Бүтэн жилийн эмчилгээ хийхээр 120 сая төгрөг болно. Эрүүл мэндийн даатгал хуулиараа тарианы үнийг хөнгөлөх боломжгүй. Зөвхөн эмийг хөнгөлдөг. Бид элэгний С вирүсийн эмийг анх 92 мянган ам.доллар байсныг 1200 ам.доллар болгож, 100 дахин хямдруулсан. Ерөнхий нэршлийн эмийг оруулж ирээд 300 дахин хямдруулсан. Бид С.Чинзориг сайдад ядаж 100 дахин хямдруулах саналыг тавих байсан юм.  Монголд орж ирэхдээ 30 ширхэг буюу нэг сарын тариа нь 2500 ам.долларын үнэтэй. Тэгэхээр гурван жил эмчилгээ хийхэд 400 сая төгрөг болно гэсэн үг.

-Таны зүгээс одоо ямар гарц гаргалгааг хэлэх вэ?

-Элэгний В, Д вирүстэй иргэдийн цахим группт байгаа иргэд ОХУ-аас баталгаагүй тариаг 5.3 сая төгрөгөөр оруулж ирэхээр ярьж байна. Хууль бусаар үйлдвэрлэсэн тарианд ус шахаж өгснийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний вирүсийн халдвартай 100 мянган хүнийг эмчилж эдгээнэ гэж тусгасан. Эрүүл мэндийн даатгалын сангийн тодорхой мөнгөөр шууд худалдан авалт хийе гэдэг саналыг хэлж буй. Одоо ЭМД-аас 100 хувь хөнгөлж буй Новартис компанийн эмүүд болох даралт ихсэлт, чихрийн шижин, зүрх судасны эм, хөхний хавдар, уушигны архаг бөглөрөө зэрэг найман төрлийн эмийг нэг ам.доллараар худалдаж авах ажлыг бид 2019 онд хийсэн. Бид ийм зарчмаар явъя гэсэн. Та бүхэн төсвөө гаргаж, цөөн ч гэсэн хамаагүй тариаг нь худалдан авч, иргэддээ эмчилгээ хийчихээд буцаагаад дата мэдээллээ өгье.

Жишээлбэл, тухайн хүний овог нэргүйгээр эмэгтэй, 30 настай хүн эмчилгээ хийгээд ийм үр дүн гарсан гэдэг дата мэдээллээ өгье. Та нар эмээ хямд өгөөд, бид датагаа хуваалцъя гэсэн юм.

Элэгний Д вирүсийн хувьд сайн мэдээ гэвэл 2000 оноос хойш төрсөн хүүхдүүдийн дунд Д вирүсийн тархалт нэг хувиас доошоо орсон. Өнгөрсөн 2013 оны судалгаагаар 400 орчим мянган хүн элэгний Д, С, В вирүстэй байна гэж үзэж байсан. С вирүсийн халдварын эсрэг “Элэг бүтэн монгол” төслийг 2017-2019 онд идэвхтэй хэрэгжиж, 60 орчим мянган хүн эмчилгээ хийлгэж, ерөнхийдөө маш буурсан байгаа. Тиймээс элэгний В, Д вирүсийн халдварыг эмчлэх эмчилгээнд анхаарах хэрэгтэй байна. Элэгний В вирүсийн хувьд бүрэн эдгээдэг эмчилгээ бус дарангуйлдаг л эмчилгээг хийж байгаа. Бид удахгүй 1300 хүнийг хамруулсан том судалгааг хийх гэж байна. Судалгаанд хавдартай гэж шинээр оношлогдсон 400, элэгний хатууралтай 300, элэгний вирүсийн халдвартай, архаг үрэвсэлтэй 300, эрүүл биетэй 300 хүнд эсийн цоо шинэ аргаар эмчилгээ хийнэ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..