Дуучин, жүжигчин Селена Гомэсийн "Rare Impact Fund Benefit" сайн үйлсийн аянд алдартай найзууд нь нэгдэж, дэлхий даяарх залууст сэтгэцийн эмгэгийн талаар боловсрол олгох, эмчлүүлэхэд туслах хөрөнгө босгоход нь эд зүйлсээ дуудлага худалдаанд оруулж байна. Тухайлбал, алдарт хөлбөмбөгчин Лионель Мессигийн 10 дугаартай өмсгөлийг энэ зорилгоор дуудлага худалдаанд оруулж байсан. Тэгвэл үүнээс гадна маш сонирхолтой зүйлс дуудлага худалдаанд багтаад байгаа юм. Жишээ нь, Т.Свифтийн тоглолтын тасалбарыг 15 мянган доллароор худалдан авчээ. Мөн "Cold Play" хамтлагийн дуучин Крис Мартинтай танилцах, дуучин Камила Кабэллотой үдийн зоог барих, жүжигчин Пол Руддтай хамт кино үзэх, С.Гомэсийн стилистүүдтэй уулзах зэрэг сонирхолтой эрхийг дуудлага худалдаагаар арилжсан байна. Дуучин бүсгүй зорилгоо биелүүлж, олон хүнд туслахын тулд 10 жилийн дотор 100 сая долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Тэрээр сайн үйлсийн сангийнхаа үйл ажиллагааны үеэр "Бяцхан дүү Грэйсигээ хараад би түүнд болон түүний үеийнхэнд илүү сайн, илүү эелдэг, илүү ойлгомжтой, илүү харилцаа холбоотой, дэмжлэг хүртээмжтэй дэлхийг өвлүүлэн үлдээх ёстой гэж боддог" гэжээ.