Ням гарагт Юта мужийн Баруун Цөлд алс холын Bennu нэртэй астероидын хөрсний дээж бүхий капсул амжилттай газардсаныг АНУ-ын сансар судлалын үндэсний байгууллага NASA зарлалаа.
Дээжийг 2020 оны аравдугаар сард OSIRIS-REx хөлөг астероидын гадаргаас цуглуулж авсан юм.
Энэ нь манай нарны аймгийн үүсэл хөгжил, дэлхий дээр амьдрал үүссэн үйл явцыг ойлгоход туслах судалгааны чухал материал болох ажээ.
Автомашины дугуйн хэмжээтэй капсул өчигдөр дэлхийн агаар мандалд орж ирэхдээ секундэд 12 км-ийн хурдтай унасан байна.
Хоёр ширхэг шүхрийн тусламжтайгаар капсулын уналтын хурдыг сааруулсаар зөөлөн газардуулжээ.
Капсулд 250 грамм орчим хэмжээтэй хөрсний чулуулгийн дээж хадгалагдаж байгаа гэж NASA үзэж байна.
Хэдийгээр бага хэмжээтэй сонсогдож байгаа ч энэ нь шинжлэх ухааны хувьд хязгааргүй их судалгааны материал болж чадах юм.
Капсулын гадна талыг цэвэрлэсний дараа нисдэг тэргээр Техас мужийн Хюстон хот дахь Жонсоны нэрэмжит сансар судлалын төвийн лабораторид хүргэжээ.
Өнөөдрөөс энд капсулын доторх материалыг судлах ажил эхлэх гэнэ.
Судалгааны эхний үр дүнг аравдугаар сарын 11-нд NASA танилцуулахаар төлөвлөжээ. Дээжийн багахан хэсгийг дэлхийн олон орны судалгааны төвүүдэд тараах юм.
Харин 75 хувийг нь шинжлэх ухаан, технологийн илүү өндөр түвшинд хүрсэн хойч үеийнхэнд зориулж хадгалах ажээ.
Япон улсын сансар судлалын байгууллага өмнө нь 2010, 2020 онуудад мөн алс холын астероидын хөрсний дээжийг дэлхийд авчирч байсан юм. NASA-гийнх түүхэнд гурав дахь нь, бас хамгийн их хэмжээтэй дээж авчирсан тохиолдол болж байна.
500 метрийн диаметр бүхий Bennu астероидыг астрономичид анх 1999 онд нээж байжээ.
2016 оны есдүгээр сард дэлхийгээс хөөрсөн OSIRIS-REx хөлөг 2018 онд Bennu астероидын дэргэд хүрч байв. 2020 оны аравдугаар сард астероидын гадаргаас хөрсний дээж авсан хөлөг 2021 оны тавдугаар сард буцах замдаа орж, 1.9 тэрбум километр зам туулан дэлхийд ирж байгаа юм. OSIRIS-REx хөлөг буцах замдаа хоёр удаа нарыг тойрчээ.