МҮХАҮТ-ын "шинэ" ерөнхийлөгч Д.Энхтүвшингийн намтар, ажлын туршлагыг хүргэж байна.
Тэрбээр Дорнодод 10 жилээ төгсөөд хамгийн эрэлттэй мэргэжил хэмээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн менежментийн ангид элсэн орж, төгсчээ. Санхүү, менежмент гэсэн хос мэргэжлээр төгссөн тэрбээр 1997 онд MCS группт санхүүгийн шинжээчээр анх ажилд орж, тус группийнхээ дэд ерөнхийлөгч болтлоо өсөн дэвжсэн нэгэн. Танхимын ерөнхийлөгчид хүч үзэх болсон тухайгаа "МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдье гэж шийдлээ. Статистикаар эдийн засаг жил бүр өсөлттэй гардаг ч ихэнхи бизнес эрхлэгчид цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаагаа явуулж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо сүүлийн 10 жилд буурсан үр дүнтэй байна. Нөгөө талаас төсөв, төрийн өмчийн хэмжээ улам нэмэгдэж, тэдгээрийн зүй бус ашиглалтын маргаан тасрахаа болилоо.
Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд МҮХАҮТ-ын үйл ажиллагааг улам сайжруулан, төртэй бүтээлч хамтын ажиллагааг бий болгох замаар хувь нэмрээ оруулах боломж байна гэж бодон нэрээ дэвшүүлж байна.
Энэ байгууллагыг улс төрийн болон хувийн нэг компанийн жижиг эрх ашгаас ангид байлгах нь их чухал санагддаг. 2022 оны эхэнд М-Си-Эс групп-с гарснаасаа хойш хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусад жижиг, дунд компани, стартап-уудтай хуваалцаж, хөгжлийн дараагийн үе шатанд гарахад туслахыг зорин ажиллаж байна. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд, орон нутгийн бизнесийн орчны хувьд сайжруулах боломж, орон зайнууд асар их харагдаж байна.
Хөдөлмөрлөсөн нь хөлжиж болдог нийгмийг хамтдаа бий болгож, олуулаа баяжмаар байна аа" гэж байжээ.