© Dandaa.mn. 2011-2024
7-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Дэлхийд

Барууныг заналхийлсэн айлчлал

Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг Пхеньянд урьжээ. Ингэснээр Хойд Солонгос улс цаашдаа ОХУ-д зэр зэвсгийн туслалцаа үзүүлэх боломжтойг олон улсын шинжээч нар анхааруулж байна. Дэлхий нийтээр Ким Жон Ун , Путин нарын уулзалтыг анхааралтай ажиглан, хоёр орны цаашдын хамтын ажиллагааг шүүмжлэх боллоо. Учир нь Ким Жон Ун айлчлалын үед Оростой ирэх 100 жилд тогтвортой ирээдүйн төлөө хамтрах хүсэлтээ илэрхийлсэн юм. Ким Оросын их буу, баллистик пуужингийн үйлдвэр мөн сансрын шинэ технологийн явцтай танилцсан ба зэр зэвсгийн хомсдолтой нүүр тулах гэж буй Орост туслалцаа үзүүлж магадгүй талаар “KCNA” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр Путин айлчлалын үед хэд хэдэн удаа цэргийн хамтын ажиллагааны талаар дурдаж, Батлан хамгаалах сайд Сергей Шойгу дайны талбар дахь цаашдын зэр зэвсгийн бололцоог танилцуулжээ. Нарийн мэдээллийг хоёр орны хэвлэлийн төлөөлөгчид нууцалц буй нь АНУ болон ЕХ-ны санааг зовоох асуудал нэгээр нэмэгдэж байгааг илтгэх шиг.

Алслагдсан Амур мужийн Восточный сансрын төвд өнгөрсөн Лхагва гаригт болсон уулзалтын үеэр Ким Оросын барууны эсрэг явуулж буй "ариун тэмцлийг" дэмжихээ санал болгожээ. Хариуд нь Путин Хойд Солонгосын хиймэл дагуулын хөтөлбөрт асуудал тулгарвал тусламж үзүүлэхээ амласан байх магадлалтай талаар "Kyodo" агентлаг мэдээллэв. Ким Жон Ун, Путин нар төлөөлөгчдийн хамтаар хоёр цаг гаруй хугацаанд уулзсаны дараа хүндэт зочдод зориулсан оройн зоогт орсон юм. Тэд зэр зэвсэг, хамтын ажиллагааны талаар ярихын сацуу Хойд Солонгосын сансрын нисгэгчийг хэрхэн бэлтгэж, сансарт гаргах боломжтойг ярилцсан гэж Дмитрий Песков мэдэгдэв. Оросын зүүн бүсд байрлах сансрын төвд зочилсноор Ким Жон Ун өөрийн улсдаа сансрын нисгэгчтэй болох сэдэл нь улам их төрсөн нь гарцаагүй биз.

Дэлхийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй хоёр орны уулзалтын дараа АНУ "зүгээр суусангүй". Айлчлалын дараа АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Мэттью Миллер "Хойд Солонгос, ОХУ-ын хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн тогтоолуудыг зөрчиж байна" гэж мэдэгдсэн. Мөн Пхеньян ОХУ-тай хамтарсан хиймэл дагуулуудыг баллистик пуужин хийхэд ашигласан талаар дурдан, АНУ хориг арга хэмжээ авахаас буцахгүй гэлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн Лхагва гаригт өгсөн ярилцлагадаа Орос улс Умард Солонгос, Иранаас дэмжлэг авч, Украин төдийгүй, дэлхийн энх тайванд заналхийлсэн гэв. Тэрбээр. “Энэ бол улс орнуудын “Оддын дайн" кинон дээрх баарны дүр зурагтай яг ижил. Орос хэтэрхий цөхрөнгөө барсан гэж хувьдаа үзэж байна. Хэрвээ Орос нөхцөл байдлыг хүндрүүлэхээр шийдсэн бол бид ч мөн ялгаагүй хийх ёстой зүйлээ хийнэ. Хэр хэмжээний зардал, үр дагавар гарах нь хамаагүй" хэмээн "Pod Save the World podcast"-т ярьжээ.  Барууны орнуудад Хойд Солонгос, ОХУ-н удирдагчдын уулзалт заналхийлэл мэт санагдаж байгаа бол Хятадад төдийлөн онцгой санагдсангүй. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Москва, Пхеньяны уулзалт нь дэлхий нийтээр айж сандрах чухал том асуудал биш гэж мэдэгдсэн юм.

Ким Жон Уны айлчлалаас гадна АНУ Өмнөд Солонгост 5 тэрбум доллар үнэ бүхий 25 ширхэг “F35” тийрэлтэт хөлөг онгоц худалдаалах болов. Уг үйл явдалд Төрийн департамент "БНСУ-ын одоо болон ирээдүйн аюул заналхийллийг даван туулах чадвар, бололцоог дээшлүүлж, бүс нутагт аливаа түрэмгийллийг таслан зогсоох, АНУ-ын цэргийн хүчинтэй хамтран ажиллах харилцааг улам бататган, сайжруулах болно" гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгос олон жилийн турш Хойд Солонгостой их, бага хэмжээгээр зөрчилдөж байсан ба нөхцөл байдал улам хүндэрч буй энэ үед АНУ-аас тийрэлтэд хөлөг онгоц худалдан авч буй нь шинжээчдийн сонирхлыг татаж байна. Учир нь Хойд Солонгос Оростой хамтран ажиллах бол Өмнөд Солонгос аюулгүй байдлаа зайлшгүй хамгаалах хэрэгтэй. Пхеньян сүүлийн жилүүдэд пуужин хөөргөх туршилтын тоогоо олшруулсан ба айлчлалын үед ч туршилт хийгээд амжсан. Кимийн айлчлалын дараа АНУ холбоотон болох Япон, Өмнөд Солонгостой гурван талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэв. Өнгөрсөн сард Вашингтоны ойролцоох Кэмп Дэвидийн ерөнхийлөгчийн амралтын газарт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Жо Байден, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол, Японы ерөнхий сайд Фумио Кишида нар Хойд Солонгос болон бусад асуудлын талаар илүү нягт хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: REUTERS, THE GUARDIAN, KYODO

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..