© Dandaa.mn. 2011-2023
9-р сарын 26, Мягмар
Улаанбаатар °C
Эдийн засаг

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЗАХ ЗЭЭЛИЙН ГАРЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

 
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ болжээ.
Монгол Улсын хэмжээнд төмснөөс бусад төрлийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор хангахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх зорилготой энэхүү төслийн хүрээнд Дархан, Сэлэнгэ, Ховд болон Төв аймагт суурь судалгаа явуулж байгаа бөгөөд судалгааны үр дүнд сонгогдсон аймагт 2023-2026 онд хэрэгжүүлнэ.
Төслийн суурь судалгааны тусламжтайгаар Монгол орны цаг уур, агро-экологи, зах зээлийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой өвлийн болон ургалтын хугацаа урт хүлэмжийн загвар, улирлын онцлогт тохируулан хүлэмжид тариалахад хамгийн ашигтай таримлууд, хүлэмжийн тариалалтын ашгийг нэмэгдүүлэх арга замууд зэргийг тодорхойлж үйл ажиллагаандаа тусгах юм.
 
Төслийн хүрээнд сонгогдсон аймагт эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмжүүд бүхий загвар аж ахуйг бий болгох бөгөөд уг аж ахуйд тулгуурлан хүлэмжийн тогтвортой үйлдвэрлэлийн технологиуд, тариалалтын төрөл бүрийн аргуудыг нэвтрүүлнэ. Түүнчлэн уг загвар аж ахуйд хураалтын дараах боловсруулалт хийх агуулах байгуулан хүнсний ногоо, бүтээгдэхүүнийг ангилах, ялгах, боловсруулах, савлах, түгээх үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн технологиудыг сонгон, туршиж үр дүнг танилцуулна.
Мөн тогтвортой хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэхэд зориулан хөрс хамгаалал, хөрсний үржил шим, тарималд шаардлагатай шим тэжээлийн бодисын менежмент (тухайлбал био, органик, эрдэс бордоо ашиглалт),  усалгааны менежмент, ургамал хамгааллын цогц менежмент, цогц органик үйлдвэрлэл, үр үйлдвэрлэл, ургац хураалт ба хураалтын дараах үйл ажиллагаа гэх мэт өндөр бүтээмжтэй, хүнсний ногоо үйлдвэрлэлийн тогтвортой дадлуудыг цогцоор нь хөгжүүлэхэд техникийн тусламж үзүүлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр дараах гол үр дүнгүүдийг бий болгохоор зорьж байна.

  • Хүнсний ногооны үйлдвэрлэл болон импортын хүнсний ногоог дотоодод үйлдвэрлэж, боловсруулсан хүнсний ногоогоор орлуулах ажилд тогтвортой хувь нэмэр оруулах;
  • Үйлдвэрлэлийн болон хураалтын дараах зохистой дадлуудыг нэвтрүүлснээр хүнсний ногооны чанарыг сайжруулан өртгийн сүлжээний менежментийг бэхжүүлж үйлдвэрлэгчид, ногоочдын зах зээлийн гарцыг тэлэх;
  • Хүн амын хүнсний ногооны жилийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор хүнсний ногоо боловсруулах, хадгалах болон хураалтын дараах бусад үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлэх;

Хүнсний ногооны хэрэглээний ач тусын талаарх хэрэглэгчдийн ойлголт, мэдлэгийг сайжруулах. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо, Фермер эмэгтэйчүүдийн холбоо болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..