© Dandaa.mn. 2011-2024
7-р сарын 27, Бямба
Улаанбаатар °C
Улс төр

МАН-ын зовлон, зодоон ил гарч эхлэв

 
 
 

ЗУРХАЙ

2023/08/31

ДОЛЛАР (USD)

USD - Доллар3,472.78

УЛААНБААТАР

+24°C

МАН-ын зовлон, зодоон ил гарч эхлэв

МАН-ын зовлон, зодоон ил гарч эхлэв

Ардчилсан намын зодоон, томилгоонд санаа зовниж байсан МАН-ын зодоон ил цагаандаа гарч эхэллээ. Засгийн газрын танхимын сайд нар  “онилгоо”-нд орж, үүний эхлэл нь Л.Энх-Амгалан болчихов уу гэж улс төрийн хүрээнд хардаж эхэлжээ. Гэнэтхэн хууль зүйн сайдын харьяанд байдаг цагдаагийн ажилтан шүгэл үлээж, Л.Энх-Амгалан сайдын дүү болох Булган аймгийн цагдаагийн дарга нь ажлаас чөлөөлөгдсөн нь жамаараа явсан сценар байж болох ч улс төрийн хувьд “сануулга” байхыг нь ч үгүйсгэмгүй юм. Үүнтэй зэрэгцээд Л.Энх-Амгалан сайдын улс төрийн ургийн мод зарлагдаж, асуудал олон нийтийн анхааралд орж байгааг нь ч хардаж болохоор. Эсрэгээрээ  Х.Баттулга гэдэг хүний МАН-д өгсөн сануулга ч гэж "хардаж" эхэлжээ, улс төрийн хүрээнд.

Үнэндээ Хөгжлийн банкны асуудлыг МАН сөхөж гаргаж ирсэн цагаас эхлэн тэдний зодоон эхэлсэн. МАН-ын, бүр УИХ-ын гишүүд нь нэр холбогдож, зарим нь эцсийн мөчид “мултарч”, зарим нь ял авах хэмжээнд хүрч, улс төрөө зогсоож, олон сонгуулийн тойрог цэвэрлэгдэв.

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Говь-Алтай аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд гишүүн, Архангай аймгаас сонгогдсон Ё.Баатарбилэг гээд улс төрийн хувьд тэд дахин нэр дэвших эрхгүй болж байна. Мэдээж, хуулийн байгууллага гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ч улс төрийн хувьд тэднийг дахин нэр дэвших эрхгүй шүү гэдгийг нь хатуу сануулсан үйлдэл болсон. Энэ нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын жүжиг байсан. Түүнийхээ дагуу ч явж, өнөөдөр шүүхийн асуудал үргэлжилж байна.

Дараагийн “намнах” ажиллагаа нүүрсний гэх том хэргийн дуулиан байв. Нүүрсний хэрэгт холбогдоогүй улстөрч үлдээгүй мэт улс даяараа шогширч байхад МАН-ын дарга нар хэн хэнээр туг тахих, хэн хэнийг улс төрөөс явуулах зургаа аль эрт гаргачихсан тайзны ард чимээгүй зогсч байв.

Хэдийгээр МАН-ын хоёр, АН-ын нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд, өнөөдөр Т.Аюурсайхан нарын 11 хүнийг шүүхийн танхимд дуудсан ч анх зарлагдсан олон хүний нэр хаачсан, тэр олон хүн хаана хэзээ шалгагдаж байна вэ гэдэгт хариулт өгөх хүн алга.

Угтаа бол АН, МАН-ын олон хүнийг АТГ-аас зарлаж, нэрлэсэн гэдгийг ард түмэн санаж байгаа. Гэтэл тэдний хэрэг хэрхсэн, хэн нь шалгагдаж байгаа нь тодорхойгүй туг тахигдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар л цоллуулж, гэм буруугаа шүүлгэж байна. Анх эхэлсэн шигээ байгаагүй, нүүрсний сонсгол хийгээгүй шалтгааныг нэг их холоос хайгаад хэрэггүй биз ээ. МАН-ын Засгийн газар дотор угшлаас нь хайгаад эхэлбэл нүүрстэй холбоотой улстөрчид бий юу гэвэл бий. Нүүрсний сонсгол, нүүрсний хэргийг Засгийн газар дотор гацааж байна гэх таамаг оргүй биш гэдгийг үйл явц, өрнөлүүдээс анзаарч болохоор.

Хэрэгт нэр холбогдсон л бол улс төрийн карьерын хувьд хүндхэн болно гэдгийг МАН-ын дарга нар мэдэж байсан, мэдэж ч байгаа. Тиймээс олон нийтийн итгэлийг олж авах, тойрог цэвэрлэх, үгэнд оруулах гээд олон мэхтэй сценари хоёр чуулган дамнан, олон нийтийн амны уншлага болсон ч шийдэлгүй өнөөдрийг хүрч байна.

Нүүрсний сонсгол, нүүрсний хэрэгтэй холбоотойгоор засаг дотор талцал үүссэн учраас Х.Нямбаатар сайд ил гарч, олон нийтэд сонсгол хийнэ гэж хэлж байгаад Нүүрсний сонсгол зохион байгуулах түр хорооны дарга болж байх жишээтэй. Өнгөцхөн харвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хэргийг шийдэж байгаа мэт харагдавч, өнгөрсөн хугацаанд хэн хэнийг нэрлээд, хэн хэнийг шүүж байна вэ гэж анзаарвал үнэндээ нүүрсний хэргийг шийдэх сонирхолгүй мэт. Хуулийн байгууллага нэрийг нь зарлачихсан, олон нийт түүнийг нь нүүрсчин, авлигачин гээд ойлгочихсон байхад улс төрийн нүүдлээ, улс төрөө хийхэд илүү хялбар болох биз.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нэр дэвшилтэд үеийн шинэчлэл хийнэ”, Д.Амарбаясгалан “Ирэх сонгуульд нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж хэлж байгаагийн учир Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, авлигатай тэмцэнэ гэх дуулианууд мэт ойлгогдож, ойлгуулж буйн хэрэг.

Энэ бүх дуулианы хажуугаар өрнөсөн бас нэг зүйл бол мэдээлэлд ойр, давуу байдлаа ашигласан Боловсролын зээлийн сангийн асуудлыг сөхсөн явдал байв. Мэдээж хэрэг шударгаар өрсөлдөөд тэтгэлэг авсан, тэтгэлгээ төлсөн хүмүүс олон байгаа ч түүний хажуугаар гурвын гурван хүүхдээ тэтгэлэгт хамруулчихсан УИХ-ын дарга, зөвхөн эрх мэдэлтэй хүнд "үйлчилдэг" мэт  энэ сангийн дуулианы автор нь ч мөн МАН байсан. Одоо мөн л хуулийн байгууллага шалгаж, тогтоогоод явж байна.

Мэдээж эрх мэдэл, давуу байдлаа ашигласан бол гэм бурууг нь тогтоож, улс төрөөс ч цэвэрлэх нь зүйн хэрэг. Тиймээс  ч олон нийт Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, авлигатайгаа хэрхэн тэмцэж байна вэ гэдгийг нүд цавчилгүй харж, хүлээж суугаа. Харин энэ их хүлээлт, итгэл нь улс төрийн, тойргийн, үеийн цэвэрлэгээ төдий бус жинхэнэ шинэчлэл, авлигыг таслан зогсоох, дараа дараагийн улс төрд орох горилогчдод том сануулга болж үлдэх учиртай.

Том нам, эрх барьж байгаа намын хувьд зодоонтой, зовлонтой байх тусмаа ард түмэнд, олон нийт хожих нь л нэн чухал хойно МАН-ын зодоон, зовлон хоёр илүү их хурцдаасай гэмээр.

Эцэст нь, ард түмэн, олон нийтийн эрх ашиг илүү байж, хууль бүгдэд тэгш үйлчлэх, авлигагүй, бусдын боломжийн хулгайлдаггүй, мэдээлэлд ойр давуу байдлаа ашигладаггүй тийм цаг үеийг бүтээх нь зовлон, зодоон хоёроос илүү чухал гэдгийг олон нийт мэддэг, мэдэрдэг цаг үе болсныг сануулах нь илүүц биз ээ.

Ш.ЧИМЭГ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..