Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хүлээлгэн өглөө.
Энэ үеэр "Акуа Гарден" хотхоны гүйцэтгэх захирлын илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.
Тэрбээр “Удаан хугацаанд хэвлэлээр яригдсан зөвлөмжийг манай байгууллагын зүгээс яг одоо л хүлээн авч байна. Бүх заалтыг нь бүгдийг мэдэж байгаа ба судалсан. Манай 30 гаруй хуулийн зөвшөөрөл бүгд хуулийн дагуу байгаа.
Хамгийн гол асуудал бол усны онцгой хамгаалалтын бүс зөрчсөн асуудал. Яг энэ хуулийн заалтаар "Эм Энд Жи" констракшны газрыг цуцлаад шүүхээр ороод, хууль зөрчөөгүй гэж тогтоогдсон шүүхийн шийдвэр байгаа. "S outlet", Шунхлай ШТС хоёр бол нэг хүний өмчлөлийн байршил. "Акуа Гарден" хотхоны төсөл нь 70-аас дээш хувийн буюу 500 гаруй өрхийн байгууллага юм.
Захиалагчдын эрх ашгийг хамгаалах байгууллага гарчихсан ажиллаж байна. Анх энэ газрыг НИТХ-ын тогтоолтойгоор орон сууцжуул гэж улс өөрөө олгосон. Бүх зөвшөөрөл журмын дагуу гарсан. Өнөөдрийг хүртэл манай ажил зогсоогүй явж байгаа.
Бид үнэхээр хууль зөрчсөн бол төрийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Манай төсөл 500 гаруй өрхийн өмч гэдэг асуудал юм. 500 гаруй хүний хохирлыг хэрхэх вэ гэдэгт санаа зовж байна. Бүх баримт нээлттэй нуух зүйл байхгүй. Нийслэлийн захирамж олгохоор одоо л ирж байна. Өмнө огт уулзаагүй, өчигдөр л нэг удаа уулзсан.
Үерийн эсрэг шийдэл буюу инженерчлэлийн олон аргачлал бий. Бид далан гүүр шинэчлэх, засварлах бүх талууд дээр нийгмийн хариуцлагын хүрээнд өчигдөр уламжилсан. 120 тэрбум төгрөгийн хөрөнгийг нураая. Улсын төсвөөс хүмүүст буцаагаад мөнгийг нь өгье. Гэтэл барилгыг буулгахад дахиад 100 тэрбум төгрөгийн зардал гарна. Энэ мөнгө улсын мөнгө. Зүгээр л Монгол Ардын намын нийслэлийн багийнхан дараагийн сонгуульд гарах оноо авах ажил. Ардаа төрийн хамгаалалтгүй бизнес төр төмөр нүүрээ гаргаж, сонгуулийн оноо авахын тулд улсын мөнгийг хог дээр асгах нь оюун ухаант хүний шийдвэр мөн үү" гэв.