Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллаж буй талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын хэмжээний бүх Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 2021 оноос хойш үнэлгээ хийгдсэн. Энэхүү үнэлгээнд тулгуурлан сургуулиудын чанарыг тогтоосон. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ тодорхой чиглэлийн гүнзгийрүүлсэн сургалтаар сургах сонирхолтой байдаг. Мөн хүүхдэдээ ээлтэй сургуулийг сонгодог. Жишээлбэл, нэг болон 11 дүгээр сургуульд хүүхдээ математикийн гүнзгийрүүлсэн чиглэлээр сургах сонирхол их бий.
Тиймдээ ч олон хүүхэд шалгалт өгдөг. Энэхүү нөхцөл байдлыг бид дараах байдлаар зохицуулж байгаа. Тухайлбал хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заана. БЗД-ийн хүүхдүүд заавал 11 дүгээр сургуульд суралцах шаардлагагүй.
СХД-ийн хүүхдүүд заавал хотын төвд байгаа нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангид сурахгүй байх боломжтой. Учир нь тус дүүргийн 65 дугаар сургуульд нэгдүгээр сургуулийн багш нар хичээл заах зохицуулалтыг хийж байгаа.
Нийслэлийн нийт сургуулиудыг үнэлэхэд 40 гаруй хувь нь сайн, 60 гаруй хувь нь үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай гэж гарсан. Тухайн сургуулиудад менежментийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Өмнөх жил энэхүү төсөлд 36 сургуулийг хамруулж ажилласан. Ингэснээр сургалтын үйл ажиллагаа, хүүхдэд ээлтэй нөхцөл байдал сайжирч болдог гэдэг гэсэн судалгаа гарсан.
Улаанбаатар хотын бүх сургуулийн чанар, үйл ажиллагааг сайжруулах ажлыг зохион байгуулна" хэмээв.