“Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын судалгааны ажлын хүрээнд Дэлхийн банкны Хөдөө аж ахуйн ахлах эдийн засагч, төслийн багийн ахлагч ноён Ситарамачандра Махиражу тэргүүтэй техникийн ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 17-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг нь Олон улсын цар тахлын сангийн буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулах зорилготой ажиллаж байгаа юм.
Ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ХХААХҮЯ-нд ажиллаж “Цар тахлын бэлэн байдлын бодлого, институтчлэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбар хоорондын зохицуулалт” сэдэвт зөвлөгөөнийг хамтран зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхийн банк, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад түнш байгууллагуудын төлөөлөл оролцов.
Олон улсын цар тахлын сангийн 25.0 сая хүртэлх ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл нь тухайн улс оронд учирч болох цар тахлаас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг хангах, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэгддэг бөгөөд энэхүү дэмжлэгийг авахын тулд тухайн улсын Засгийн газар 1:2 харьцаагаар оролцооны санхүүжилт гаргах эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх шаардлага тавьдаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ХХААХҮЯ нь Сангийн яамтай зөвшилцөж, “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төслийг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
“Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төсөл болон цар тахлын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-аас одоо хэрэгжүүлж байгаа Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МААЭЗЭН) төслийн хүрээнд бий болгосон үр дүнд суурилж хэрэгжих юм. МААЭЗЭН төсөл нь малын халдварт өвчний тандалтын тогтолцоог боловсронгуй болгон сайжруулах, оношилгооны чадавхыг дээшлүүлэх, салбарын хүний нөөцийг чадваржуулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн шүлхий өвчинтэй тэмцэх шинэ стратегийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж 6.5 сая тун вакцин нийлүүлсэн.
Цар тахлын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулахдаа “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолоор баталсан хөтөлбөрт нийцүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Иймээс энэхүү төсөл нь Монгол Улсын цар тахлаас сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төдийгүй хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.