АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ. Хамгийн эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Үүнтэй холбогдуулан дэд хороогоо хэзээ хуралдуулахыг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.
Тэрээр "Дэд хороо хаалттай хуралдана. Яагаад гэхээр ерөнхий прокурор асуудлаа нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой асуудлууд орж ирнэ. Ер нь энэ асуудлыг хаалттай хэлэлцдэг горимтой. УИХ ерөнхий прокурорын саналд ажлын тав хоногт багтаан хариу өгөх ёстой. Манай дэд хороо таван гишүүнтэй. Лхагва гаригийн өглөө хуралдаж эхэлнэ. Бид эхлээд материалуудтай нь танилцах хэрэгтэй байна. Одоо л бидний гар дээр материал ирж байна. Дэд хорооны дараа Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо, эцэст нь чуулганаар хэлэлцэн шийдвэрээ гаргана. Нууц санал хураалт явуулж, олонхийн саналаар асуудлыг шийднэ. Хэлэлцэх явцад мөрдөн байцаагчид болон ерөнхий прокуророос асууж тодруулах зүйл гарна. Нэр холбогдсон гишүүд нь дэд хорооны хуралд оролцоно" гэлээ.