
Улсын Ерөнхий Прокурорын зүгээс өнөөдөр үдээс хойш УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ ирүүллээ.
АТГ-аас өмнө нь мэдээлэл хийхдээ дээрх гурван УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гэж үзэж буйгаа онцолж байсан.
Өнөөдөр Т.Аюурсайхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргасан захирамжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд "Нүүрсний хэрэгт би хамааралгүй" хэмээн онцолсон юм. Харин Д.Бат-Эрдэнэ гишүүнд хамаарах хэргийг Эрүүгийн цагдаагийн газар тусгайлан шалгаж байгаа билээ.
Холбогдох хуулиараа УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн шалгах хүсэлт УЕП-ын зүгээс УИХ-д ирсэн тохиолдолд ажлын тав хоногт багтаан, хүсэлтийг хүлээн авах эсэхээ парламент шийддэг зохицуулалттай. Энэ дагуу ирэх долоо хоногт дээрх гурван гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэх чигтэй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч даваа гарагийн эрх баригч намын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ гишүүдийн нэр Прокуророос орж ирвэл задгай саналтай орохыг уриалсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний хэргийг парламент өмөөрч, хаацайлж болохгүй гэх байр суурийг ил илэрхийлээд байгаа юм.