© Dandaa.mn. 2011-2024
5-р сарын 21, Мягмар
Улаанбаатар °C
Улс төр

ЗГ: Хувийнхныг дарамталсан төрийнхөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Тэрбээр "Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шувуу ажиллагааны хүрээнд гадаадад оргон зайлсан хүмүүсийн дотоодоос санхүүжилт хийж байгаа хувийн гадаад дансыг хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөж байгаа, мөрдөх байгууллагуудтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд хамтран ажиллах үүрэг даалгавар өгсөн.

АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, мөрдөн байцаах үйл ажиллагааг тасалдуулж байгаа 18 хүний нэр байна. Бусад мөрдөх байгууллагуудад харьяалагдаж байгаа хүмүүс нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авч ирж мөрдөн шалгах үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэл Ерөнхий сайдаас өгсөн.

Өмнө нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж, прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчинтэй бус болгож, гадаад улс орны хилийн шалган нэвтрүүлэх байгууллага руу хүргэх ажил хийгдэж байна. Өнөөдөр эдгээр хүмүүсийн санхүүжилт, Монголоос мөнгө шилжүүлэн авч байгаа дансуудыг хаах чиглэлээр үүрэг болголоо. Ингэхдээ мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байууллагатай хамтарч, холбогдох банк санхүүгийн байгууллагуудад тогтоолыг үндэслэж хийхээр төлөвлөсөн.

Хоёрдугаарт, бидний хамгийн том асуудал бол хувийн хэвшлийг дэмжих, төрийн хүнд суртал, төрийн дарамтаас ангид чөлөөтэй хөгжих боломжийг хангах үүднээс төрийн байгууллага албан тушаалтан эс үйлдэл үзүүлж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлэх үйлдлийг Эрүүгийн хуульд тодотгож, хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг чиглэл өгсөн. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.1-т албан тушаалын байдлаа урвуулж ашиглах,үйлдэл эс үйлдэхүйг хуульчилсан байгаа хэдий ч үүнийг дахин тодотгож хувийн секторыг төрийн байгууллагын албан тушаалтины элдэв хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс хамгаалах хууль эрх зүйн орчин, эрүүгийн орчинг тодорхой болгох үүрэг өглөө. Бид дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтааж, Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах том өөрчлөлтүүдийн тухайд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авагддаг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлье. Шаардлагагүй тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байх, хүний эрхийг хангах, эрүүдэн шүүлгэхийн эсрэг эрх зүйн хамгаалалтыг тогтоож өгөхийн тулд зорчих эрхийг хязгаарлах, таслан  сэргийлэх арга хэмжээг шинээр Эрүүгийн хуульд оруулахаар бэлдэж байна" гэлээ.

Ингээд түүний сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе.

-Гадаадад байгаа хүний пасспорт нь чипгүй учраас яаж хүчингүй болгох вэ?

-Монгол Улсын гадаад пасспорт гуравдугаар сарын 15-наас цахим, чиптэй болсон. Өмнө нь хэрэглэгдэж байсан пасспортууд энгийн пасспорт бий. Манай улс дипломат харилцааны хүрээнд гадаад улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд руу дээр дурдсан эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн паспортыг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгаа хүсэлт өгч, гадаадад чөлөөтэй зорчиж байгаа хөдөлгөөнд нь хязгаарлалт хийх зохицуулалт хийж байна. Хууль эрх зүйн талаас нэлээд ярвигтай асуудлууд бий. Өөрөөр хэлбэл, харьяалалгүй гэх эрх зүйн  байдал үүсчих вий хэмээн аль аль улсад пасспортыг нь хүчингүй болгох талаар ялгамжтай хандаж, тухайн улс орны үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчинд нийцүүлж бичгээ өгч байна.

Манай улс Go travel гэх программ хангамжийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс үнэ төлбөргүй авсан. Үүнийг давхар ашиглаад явна.

-Шүүхийн шийдвэр гараагүй байхад 48 цаг саатуулж байгаа. Энэ заалтыг яаж өөрчлөх вэ?

-Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаас өмнө прокурорын зөвшөөрөлтэй  баривчлах арга хэмжээ 24 цагаар авч байгаа. Цаашид үргэлжлүүлэн цагдан хорих тохиолдолд шүүх хурал хийлгэж, шүүхийн шийдвэрээр 30 хүртэл хоногоор цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Бид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй зэрэгцүүлж хэрэглэх зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, техникийн болоод программ хангамжийн асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бэлэн болгож байна.

Процессын тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт орно. Энэ хүрээндээ хойшлуулшгүй журмаар баривчилж байгаа зохицуулат дээр хүний эрхийг хангах талаар НҮБ-ын Хүний эрхийг хангах комиссоос өгсөн зөвлөмжийн хүрээнд Процессын хуульд тодораой хэмжээний  босго, шалгуур тавих ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1000 орчим хүнд цагдан сэргийлэх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Улаанбаатар хотод 600 гаруй, хөдөө орон нутагт 300 гаруй таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Бид цаашид таслан сэргийлэх арга хэмжээний төрөл хэлбэрийг өөрчилснөөр энэ тоо эрс буурна. Өмнө нь бид үүнийг ял  дээр хэрэглээд үзчихсэн. Өнөөдөр Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нээлттэй болон хаалттай хорих ангиудад ял эдэлж байгаа хүний тоо 4350 байгаа нь олон жилийн дунджаас бага үзүүлэлт юм. Өмнө нь энэ тоо тогтмол 7000 дээш байсан. Ойр ойрхон Өршөөлийн хууль санаачилж, хүмүүсийг цөөлдөг ийм лзохицуулалт байсан. Тэгвэл 2017 онд батлуулсан хуулийн үр нөлөө өнөөдөр гарч байна. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжүүлсэн. Энэ ялаар улсын хэмжээнд ял шийтгэл эдэлж байгаа 1400 орчим хүн байна. Цаашид төрийн шийтгэл, цээрлэлийг цахим технологи ашиглаж, шоронд хорихгүйгээр хэрэгжүүлж болж байхад заавал цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч тухайн хүний хэргийг шалгана гэдэг хуучин ойлголтоосоо салахын тулд хуулийн төсөл санаачилсан.

-Оргон зайлсан этгээдүүдийн дансыг хаах нь харилцагчийн нууцад хамаарахгүй юу?

-Гадаадад оргон зайлсан хүмүүсийг эх нутагтаа буцааж авч ирж, хэрэг хянан шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан тохиолдол маш бага. Цагдаагийн байгууллагаас гурван удаа хэрэгжүүлсэн юм билээ. Түүнээс өөр практик байхгүй. Нэг удаагийн практикийг та  бүхэн мэднэ. Европын холбооноос хүн авч ирэхдээ тухайн орны хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж тухайн үеийн Тагнуулын газрын дарга асан Б.Хурцыг Холбооны бүгд найрамдах Герман улсын шүүхийн шийдвэрээр хорьж, ял эдлүүлж байсан. Бид гадаад орны нутаг дэвсгэр дээр байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл ихээхэн хумигдмал байдаг. Гэхдээ бид гадаадад оргон зайлсан этгээдүүдийг ирүүлэхийн тулд эдийн засгийн болоод бусад хуульд заасан арга хэрэгслийг хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдаж, согтуу жолоочид ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх талаар ярьж байсан. Энэ асуудал юу болж байна?

-Яам дээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Хуулийн төсөлд ял шийтгэлийн бодлогыг чангатгах, сулруулах, гэмт хэрэгт шинээр тооцох, эсвэл гэмт үйлдэл биш хэмээн тооцох нь заавал судалгаа шинжилгээний үндсэн дээр шийдэгдэж байх ёстой.  Энэ хүрээнд судлаачид, эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ахлуулан ажиллаж байгаа. Одоогоор нарийн мэдээлэл аваагүй байгаа учраас эргэж мэдээлэл өгье. Ер нь эрүүгийн хариуцлагыг сулруулах, чангалах тохиолдол бүрт тооцоо судалгаа хийх учитай. Сэтгэл хөдлөлөөр хуулийн босго, тотгыг өөрчлөх нь зохимжгүй.

-Монгол Улс нийт хичнээн улстай эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй вэ?

-Монгол Улс нийт 20 гаруй улстай 36 орчим эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй.  Эрүүгийн хэрэг, Иргэний хэрэгт ялтан шилжүүлэх гэсэн гэрээтэй. Хамгийн сүүлд Макао улстай эрх зүйн талаар харилцан туслах иж бүрэн гэрээ зурж, УИХ-аар гэрээгээ батлуулсан. Одоо бид Бүгд найрамдах Куб улстай эрх зүйн талаар харилцан туслах гэрээг УИХ-аар оруулахаар бэлдэж байна. Бид дипломат харилцаатай улс бүртэйгээ эрх зүйн талаар үзүүлэх харилцан туслах гэрээ байгуулах нь эдийн засаг, худалдаанд ахиц дэвшил үзүүлдэг. Гэхдээ бидэнд бас муу туршлага бий. Тухайлбал, бид өмнөд хөрштэй байгуулсан ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд тэнд ял эдэлж байсан хүмүүсийг авч ирээд шууд сулласан тохиолдол байдаг учраас бусад улс орнууд энэ кейс дээр дүн шинжилгээ хийж манайхтай гэрээ байгуулах асуудалд хойрго ханддаг. Тийм учраас Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулж,  ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан улс орнуудаас шилжүүлэн авсан хүнийхээ тухайн улсад биеэр эдлээгүй  үлдсэн ялыг энд үргэлжлүүлэн эдлэх зохицуулалт оруулахгүй бол манай улсын ял шийтгэлийн бодлого зарим улсаас сул байдаг учраас шүүх, прокурорууд дотоодын хууль тогтоомжоор суллаж гаргадаг. Үүнээс болоод дараа дараагийн хүмүүсийг шилжүүлж өгөхөд асуудал үүсээд байгаа юм. Ийм зохицуулалт Эрүүгийн  хүрээнд явагдаж байгаа.

-Гэм буруутай гэдгийг нь шүүхээс тогтоогоогүй байхад тухайн хүний зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь хэлмэгдүүлэлт биш үү?

-Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татахаар тухайн хүний эрхэнд хязгаарлалтууд хийдэг. Тухайлбал, цагдан хорих арга хэмжээ, барьцаа авах, эсвэл батлан даалтад гаргах, нутаг орноосоо явахгүй байх хязгаарлалтууд тогтоодог. Тэгэхээр Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар тагтсанаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцаа үүсдэг. Ийм харилцаанд орсон хүмүүсийн элдэв төрлийн эрхийг хязгаарладаг эрх зүйн орчин манайд үйлчилдэг.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..