© Dandaa.mn. 2011-2022
9-р сарын 28, Лхагва
Улаанбаатар °C
Эдийн засаг

Ж.Ганбаатар: Хариуцлагатай уул уурхайг тууштай дэмжиж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална

Арав дахь удаагийн “Coal Mongolia-2022” нь “Сэргэлтийг хамтдаа” уриатайгаар энэ сарын 7-8 өдрүүдэд зохион байгуулагдаж буй.

Энэхүү арга хэмжээг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар үг хэлж, цаашид тус салбарт ажиллах байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Нүүрс, эрчим хүчний группийн бүрэлдэхүүн “Эрдэнэс Тавантолгой”, "Багануур", "Шивээ овоо" зэрэг төрийн өмч болон төрийн өмчийн оролцоот компаниуд багтаж байгаа. Цаашид Нүүрс, эрчим хүчний группийн хэмжээнд бизнес төлөвлөгөөг боловсруулан, стратегийн ач холбогдол бүхий томоохон орд газруудын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам баримтлан ажиллах болно.

Засгийн газар болон УУХҮЯ-ны зүгээс хайгуул олборлолт, боловсруулалт, хуваарилалтын бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавин холбогдох ажлуудыг гүйцэтгэж байна. Энэхүү зорилгын хүрээнд Ашигт  малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар улс орон нутгийн орлого нэмэгдэж, үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн үр ашигтай салбарын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, эрдэс баялгийн салбарыг ард иргэдэд тэгш хуваарилах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Миний хувьд сүүлийн дөрвөн жил эдийн засгийн байнгын хороог толгойлж ажилласан. Эдийн засгийн байнгын хороонд аж ахуйн таван яам харьяалагддаг тул салбарын бодлогыг сайн гадарлана. Надаас Улсын Их Хурлын гишүүний хувьд салбарын хэмжээнд хүсэж байгаа зүйлүүдийг ойлгож ажиллахыг хичээж байгаа. Гэхдээ ажлаа аваад удаагүй байна.

УУХҮЯ-аас дөрвөн бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллах болно. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг тууштай дэмжинэ. Зөвшөөрөл өгсөн бол энэ миний асуудал биш гэж буруу харахгүй. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална. Салбарын үйл ажиллагааг хааж, доголдуулсан асуудлыг гаргахгүйн төлөө салбарын сайдын хувьд бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно. Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөөний чадварыг дэмжих асуудал өмнө тулгарч байгаа. Төр бодлого гаргаж, бусдаар ажил хийлгэх чадварыг дээшлүүлэх ёстой гэж үзэж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..