© Dandaa.mn. 2011-2021
10-р сарын 18, Даваа
Улаанбаатар °C
Дэлхийд

Орос, Хятадын нөхөрлөл хэр удаан үргэлжлэх вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай энэ долоо хоногт анх удаа уулзсан  Владимир Путины хувьд  Орос, Хятад хоёр гүрний хагаршгүй харилцаа, зүү оромгүй нөхөрлөлөөрөө сайрхахгүй байж үл чадна.

Тэрбээр энэ долоо хоногийн эхэнд NBC телевизэд ярилцлага өгөхдөө “Москва, Бээжингийн харилцаа өдгөө түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Би Хятадыг хэзээ ч аюул гэж харахгүй. Хятад бол маш найрсаг гүрэн. АНУ биднийг эсэргүүцдэг шиг  тэд дайснаа гэж хараагүй” хэмээн ярьжээ.

Бээжин 2021 оны зургадугаар сарын 15-нд дээрх магтаалд хариу барьж, хоёр гүрний хамтын ажиллагааг тэнгэр мэт агуу хэмээн тодорхойлов. Тэгэхдээ Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь “Хятад, Орос хоёр гүрэн нэгэн уул лугаа нэгдэн найрамдсан бөгөөд бидний нөхөрлөл хэзээд ч тасрахгүй” гэсэн байна.

Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын аль аль нь маш нийтлэг байдлаар барууны орнууд, тэр дундаа АНУ, түүний холбоотон улсуудтай харилцаа муудаж, улмаар хоорондоо илүү дотносон, санаа нэгдэх болсон юм. 2014 онд Украинаас Крымийг булаан эзэлснээсээ болж эдийн засгийн хориг тавиулсан ОХУ-ын хувьд дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг болох Хятадыг түших нь чухал ач холбогдолтой, зайлшгүй гарц билээ. Харин БНХАУ нь АНУ болон түүний холбоотнуудтай бүх салбарт үл ойлголцож, асуудал улам хурцдаж байх эгзэгтэй үед нөмөр нөөлөгтэй умард хөрштэйгөө эвсэн найрамдсандаа туйлын их баяртай байлаа.

Орос, Хятадын стратегийн гол түншлэл нь эдийн засаг дээр тогтсоор иржээ. Хоёр их гүрний худалдаа 2018 онд 100 тэрбум ам.долларт хүрсэн агаад үүнийг 2024 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх эрхэм зорилго бий аж. Түүнээс гадна тэдний харилцаа гүнзгийрэх тусам эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж, жишээлбэл, ОХУ-ын талаас Хятад руу байгалийн хий тээвэрлэх 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулан, Хятадын газар нутагт хэд хэдэн хамтарсан цөмийн цахилгаан станц байгуулах төслүүд хэрэгжүүлэхээр болжээ.

Москва бол Бээжингийн хамгийн гол зэвсэг нийлүүлэгч бөгөөд 2014-2018 оны хооронд гэхэд Хятадын нийт зэвсгийн импортын 70 хувийг Орос дангаараа бүрдүүлж байв.

Дипломат талаас харвал, Бээжин, Москва хоёр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд харилцан бие биенийхээ байр суурийг дэмжиж, Сири зэрэг асуудал дээр ямагт дуу нэгтэйгээр АНУ болон холбоотнуудынх нь эсрэг байр суурь баримталж, хүний эрх зөрчсөн тухай барууны шүүмжлэлүүдийг тууштай няцаасаар ирлээ.

Тэдний эл тактикийн холбоо сүлбээ Жо Байден АНУ-ыг дэлхийд манлайлуулах ам тангараг өргөн Ерөнхийлөгч болсноос хойш улам эрчимжиж эхэлсэн юм. Жо Байден ч ажилдаа шуурхай орж, холбоотнуудынхаа үзэл санааг нэгтгэн, авторитар дэглэмийн эсрэг ардчиллын үзэл суртлын тулаанд уриалахын сацуу Орос, Хятад хоёр гүрнийг "Дүрэм журамд суурилсан олон улсын эмх цэгцтэй харилцаанд хамгийн том аюул" хэмээн удаа дараа цохон тэмдэглэв.

Тиймдээ ч Жо Байден сүүлийн үед Англид болсон G7-гийн уулзалт, Брюссельд болсон НАТО-гийн уулзалт дээр Орос, Хятадын авторитар үзлийг хэрхэн эсэргүүцэх тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн бололтой.

Түүний хариуд Орос, Хятад хоёр гүрэн барууны шүүмжлэлүүдийн эсрэг нэгдмэл байдлаа харуулсан юм. Тэд барууныхны шүүмжлэлийг хоёр орны нөхөрлөлийг сэвтээх гэсэн оролдлого хэмээн тодорхойлж, Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао “Хоёр орны нөхөрлөлд сэв суулгах бүх аргыг жижиг гэлтгүй туршиж байгаа гадаад орнуудад бидний харилцаа маш бат бөх тул та бүхний оролдлого үргэлж бүтэлгүйтсээр байх болно гэдгийг сануулж байна” хэмээн мэдэгджээ.

Хэдийгээр Орос, Хятад хоёр гүрэн ийнхүү маш бат бэх харилцаа тогтоосноо олон улсад гайхуулан сайрхаж байгаа тэдний нэгдмэл байдлыг хөргөх хэд хэдэн сиймхий буйг судлаачид онцлох болжээ.

Жишээлбэл, хоёр орны худалдааны түншлэл нэн тэнцвэргүй байна. Хятад бол Оросын хамгийн гол том худалдааны түнш. Харин Орос орон Хятадын худалдааны хувьд харьцангуй ач холбогдол багатай түнш билээ. Оросоос Хятадад гаргаж буй экспортын дийлэнх хувийг байгалийн баялаг, түүхий эд бүрдүүлдэг бол Хятадаас Орост ихэвчлэн бэлэн бүтээгдэхүүн нийлүүлдэг аж.

Түүнчлэн геополитикийн хувьд Хятад орон зам тээврийн хөгжлөөрөө удаан хугацаанд Оросоос хараат байсан төв Азийн орнуудад ноёрхлоо тогтоосон юм. Мөн албан ёсны харилцаанаас гадуур Сибирь, Алс Дорнод дахь Хятадын хөрөнгө оруулалтууд эрчимтэй нэмэгдэж буйд нутгийн иргэд дургүйцэж, болгоомжлол, эсэргүүцэл газар авчээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар, хоёр орны эл дотно харилцаа удаан хугацаанд үргэлжилсэн дайсагналын эцэст үүссэн геополитик, эдийн засгийн ашиг сонирхолд тулгуурласан түншлэл юм. Тухайлбал, 1950-аад оны сүүлээр хоёр орны харилцаа хурцдаж, үл итгэлцэл, үзэл суртлын маргаан, хилийн мөргөлдөөн нэмэгдэж байсан билээ.

Өдгөө бол хоёр орны нийтлэг үнэт зүйл, ижил үзэл суртал, цэргийн албан ёсны холбоо байхгүйг үл харгалзсан зөвхөн геополитик, эдийн засгийн ашиг сонирхолд тулгуурласан найрсаг харилцаа хэр гүн, хэчнээн удаан үргэлжлэхийг харах л үлдсэн хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..