© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Улс төр

МАН, МАХН-тай нэгдэж, АН зөвшилцөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нам, эвслүүд нэр дэвшигчээ тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд болох ёстой.

Нэр дэвшигчээ тодруулсны дараа Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийн материалыг тавдугаар сарын 5-ны дотор хүргүүлэх зохицуулалттай бөгөөд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо хоёр хоногийн дотор баталгаажуулах юм.

МАХН МАН-ЫН НЭР ДЭВШИГЧИЙГ ДЭМЖИНЭ

Яг энэ цаг үетэй давхцаж МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-тай гар барьж, тус намаас нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь улс төрийн хувьд анхаарах үйл явдал болов. Сүүлийн гурван сарын хугацаанд МАН, МАХН нэгдэж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдэж байсан ч тодорхой шийдэлд хүрэхгүй, эргэж буцсаар өдийг хүрсэн юм. УИХ-д нэг суудалтай, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжтой МАХН яагаад МАН-тай нэгдэв гэдэг анхаарал татаж буй. Мэдээж, олон жил ганцхан намын даргатай, ганц намын даргад үйлчилж ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр  ирэх намар болох Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлэх, Засгийн газарт хэд хэдэн сайдын суудал авах зэрэг олон тохироо яригдсан. МАН түүний энэ саналаас зөвхөн тодорхой хэсгийг нь л дэмжсэн гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, МАН Н.Энхбаярын хүүг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх л тохироотой нэгдэж байгаа гэх.

Мэдээж МАН-д одоогийн Ерөнхийлөгчийн сонгууль маш чухал. 100 жилийн босгон дээрээ, гурван ч удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалдаа цэг тавих сонирхол асар өндөр, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ач холбогдол өгч байгаа нь үнэн. Үе үеийн сонгуулиар МАН-ын саналыг хуваадаг МАХН-тай ямар ч гэсэн гар барьсан, хамтарч сонгуульд оролцох нь тодорхой. Хамгийн чухал нь санал хуваагдахгүй, 100 жилийн босгон дээрээ “нам нэгдлээ” гэх мессеж. Харин МАХН, Н.Энхбаяртай цаашид ямар тохироо хийх бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн асуудал.

Н.Энхбаярын хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ойлголцох уу эсвэл гэдэг асуудал гарч ирнэ. МАХН-ыг УИХ-д суудалтай нам болгож, ганцаараа сонгогдсон С.Ганбаатарын хувьд МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг дэмжихгүй байгаа. Түүнийгээ ч илэрхийлсээр байгаа. Мэдээж МАН-тай нэгдэгдэхдээ С.Ганбаатарыг хэрхэх вэ гэдгээ тэр тооцоолсон. Тэр нь удахгүй тодорхой болох биз ээ.

 М.ТУЛГАТЫГ АН-ЫН ДАРГААР БҮРТГЭХ ҮҮ?

2020 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам, Ерөнхийлөгчийн сонгуулийн том өрсөлдөгч нам дотооддоо учраа олохгүй байсаар өнөөдрийг хүрэв. Магадгүй ийм сонирхол зарим улстөрчид, намд ч байсан биз ээ. Хоёр талцаж байсан Ардчилсан нам хоёр талаасаа намын дарга тодруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа. Ийнхүү УДШ-ээс О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзжээ.

Гэхдээ процесс цааш үргэлжилнэ, хугацаа ч бий.  Хэнийг нь АН-ын даргаар бүртгэх вэ гэдэг нэн тэргүүний асуудал. АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувьд “АН-ын даргыг бүртгүүлэх хоёр талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ.   Иймд АН-ын намхан, жижигхэн энэ цэнхэр байран дээрээ, гал голомтондоо  Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд М.Тулгат тэргүүтэй нөхдөө урьж байна.   Яг энэ үед бид “Хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах”, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө” хэмээн уриалсан. Өөрөөр хэлбэл, ойлголцох, нэг талдаа гарах алхам хийж, Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхтэй оролцоё гэсэн санаачлагыг тэр гаргав. Хоёр талын энэ уулзалт ч өнөөдөр болох нь.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар хоёр тал ойлголцож, М.Тулгатыг намын даргаар бүртгүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээ тодруулахад анхаарлаа хандуулахаар ярилцаж байгаа гэх. Өөрөөр хэлбэл, АН ойлголцож чадвал М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ажилдаа анхаарлаа хандуулахаар ярилцсан гэнэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хугацаа хаяанд ирсэн учраас аль аль намынх нь хувьд зөвшилцөл, ойлголцол, тохиролцоогоо яаравчлах нь тодорхой. МАН нэг талдаа гарчихлаа. Харин одоо Ардчилсан нам нэг талдаа гарч чадвал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө тодорхойлогдоно.

Ш.ЧИМЭГ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..