Унгар улсад амьдарч байсан монгол эмэгтэй Covid-19 халдвараар нас барж, эмч нар хүүхдийг нь хийсвэр хагалгаа хийснээр аварч чадсан билээ. Талийгаач төрөх дөхөж байсан бөгөөд энэ үед Covid-19 халдвартай нь батлагдсан байсан юм. Одоо нярайн бие сайжирч, эмнэлгээс гарах боломжтой болсон байна. Энэ талаар Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяраас тодрууллаа.
-Эмч нар хийсвэр хагалгаагаар хүүхдийг аварч, нярай инкубаторт бойжиж байгааг өмнө нь мэдээлж байсан. Хүүхдийн бие сайжирч байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Хүүхдийн биеийн байдал сайжирч, хүнд үеэ давсныг эмч нар нь хэлсэн. Охин дутуу төрсөн учраас инкубаторт бойжсон, одоо хүүхдийн тасагт байна. Анх 1050 грамм жинтэй байсан охин маань 2550 грамм жинтэй аварга охин болжээ. Охины ээжийг нутаглуулахаар аав нь Монгол руу буцсан.
-Охины аавтай холбоотой байгаа юу. Хэзээ Унгарт очих вэ?
-Бид охины аавтай холбоотой байгаа. Маргаашийн онгоцоор ирнэ. Аав нь ирэхээр охин эмнэлгээс гарах болов уу.
-Covid-19 халдварын улмаас Монгол Улсын хоёр иргэн нас барсан. Одоогоор Унгар улсад хэчнээн монгол хүн халдварт өртөөд байна вэ?
-Унгар улсад 2017 онд Монгол Улсын 1400 иргэн оршин сууж байсан бол өнөөдрийн байдлаар 3600 иргэн байна. Үүнээс мянга орчим нь оюутан байгаа юм. Covid-19 халдварт өртсөн иргэдийн тоо 100 дөхсөн. Халдварын улмаас хоёр хүн нас барсан бол 10 гаруй хүний биеийн байдал хүндэрч, сэхээнд орж, эмчлүүлж байсан. Одоо нэг хүний биеийн байдал хүндхэн байна. Тухайн хүн Унгар улсад олон /20-30/ жил амьдарсан 65 настай эмэгтэй байгаа.
-Халдварын нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлтэй хэчнээн иргэн байна вэ?
-Монгол руу буцах иргэд Элчин сайдын яамаар дамжихгүй, шууд МИАТ компанитай харилцаж байна. Өнгөрсөн хугацаанд бид гурван удаагийн шууд нислэг зохион байгуулж, 300 орчим иргэн нутаг буцсан. Мөн бусад нислэгээр 150 орчим гэж тооцвол нийт 450 гаруй иргэн эх орондоо очоод байна. Тиймээс Монгол руу буцаж чадахгүй удсан, гацсан иргэд одоогоор байхгүй. Оршин суух эрхгүй хоёр иргэн тусгаарлагдаж байна. Тэд маргаашийн онгоцоор нутаг буцна гэсэн.
Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өчигдөр цахим хуудастаа "Өнөөдөр /өчигдөр /Будапешт хотын Хейм Пал хүүхдийн эмнэлэгийн нэгэн салбар эмнэлэгт хэвтэж буй Монгол улсын залуухан иргэнээ эргэлээ.Эмнэлэгийн асрагч сувилагч нар иргэнийг маань өхөөрдөөд жигтэйхэн. Ёстой "муухай амьтан" асрагчийнхаа өвөр дээр суниаж харагдсан. Эмчлэгч эмчтэй нь ярилцахад "хүнд үе өнгөрсөн, одоо хүүхдийн биеийн байдал хэвийн болж, эмнэлэгээс гаргасан ч болохоор байгаа" гэж хэлж байлаа.
Амьдралд анхны амьсгалаа авахдаа л хагацал зовлон амсаж, хайртай ээжийгээ алдсан ч сайн эмч нар, сайхан сэтгэлтэй сувилагч асрагч нарын буянаар хүн болж эхлээд буй охин маань удахгүй аавыгаа ирэхээр эмнэлэгээс гарч, бидний магнай тэнийх нь дээ. Охин минь чи Амьдрал бэлэглэсэн ээжийнхээ ачийг хариулж, асар их үнээр олдсон энэ амьдралыг хайрлаж, аавдаа ачлалтай, ард түмэндээ ээлтэй сайн хүн, сайн ээж болоорой. Аав нь удахгүй ирнээ" хэмээн мэдээлсэн юм.