© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Дэлхийд

Мьянмарт цэргийн эргэлтийн хор уршиг гарч эхэллээ

Мьянмарт цэргийн эргэлт гарсны уршгаар санхүүгийн хямрал гүнзгийрч, хүнсний хомсдол үүсэн, олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэснийг НҮБ мэдээллээ. НҮБ-ын "Хүнсний хөтөлбөр"-өөс гаргасан дүгнэлтээс харвал үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарынхан олноороо ажилгүй болж, хүнсний үнэ өссөнөөр хотын захын газруудад ирэх гурваас зургаан сарын хугацаанд 3.4 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх тооцоолол гарчээ.

НҮБ-ын "Хүнсний хөтөлбөр"-ийн орон нутгийг хариуцсан дарга Стефен Андерсон хэлэхдээ “Илүү олон хүн ажилгүйдэлд нэрвэгдсэний улмаас хүнс авах чадамжгүй болсоор байна. Ойрын хугацаанд хариу арга хэмжээ авахгүй бол Мьянмарын хүнсний аюулгүй байдалд маш эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээр байна” хэмээжээ.

Мьянмарт хоёрдугаар сарын сүүлээс хойш будаа, ургамлын тосны үнэ 5-18 хувиар өсч, Янгон хотын өрхүүдийн өр нэмэгдэж, тэжээллэг хүнсний хүртээмж буурч, өдрийн хоолгүй өнжих нь нэмэгдсэн байна. Улмаар НҮБ-ын агентлагаас Мьянмар дахь үйл ажиллагаагаа гурав дахин өргөжүүлж, 106 сая ам.долларын төсөв шаардлагатай болсныг мэдээлжээ.

“Reuters” агентлаг Мьянмарт үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахаар армийн удирдлагуудтай холбогдохыг оролдсон боловч хариулт өгөөгүй байна.

Үүнээс гадна Мьянмарын арми өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт хийснийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг хүчээр тараах оролдлого хийснээс болж 700 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн баривчлагджээ. Цэрэг, цагдаа нар иргэдийнхээ эсрэг хайр найргүй хүч хэрэглэж, гал нээсний улмаас өдөр бүр хүний амь эрсдэх болсныг эх сурвалжууд мэдээлж буй.

Гэнэтийн төрийн эргэлт, үймээн самуунаас үүдэж, Мьянмарын банкны систем зогсолт хийж, олон тооны банкны салбарууд үүдээ барьснаар бизнес эрхлэгчид төлбөр тооцоо хийх, иргэд бэлэн мөнгө авах боломжгүй болжээ. Мөн ихэнх импорт, экспортыг зогсоож, үйлдвэрүүд хаагдсан нөхцөл байдалтай байна. Энэ хэцүү цагт Мьянмарын зарим иргэд гадаадад буй хамаатан садныхаа тусламж дэмжлэгээр өдрийг өнгөрүүлж байгаагаа ярьжээ.

Энэ онд Мьянмарын ДНБ 10 хувиар агших төлвийг Дэлхийн банкны шинжээчид гаргажээ. Цэргийн эргэлтээс өмнө Мьянмарын эдийн засгийн өсөлтийг энэ онд эерэгээр таамаглаж байв. Мөн Мьянмарын 2.8 сая орчим хүн хүнсний хангамж баталгаатай гэх судалгааг Дэлхийн банкнаас энэ оны нэгдүгээр сард гаргаж байжээ.

Хэдийгээр Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан бэрхшээл үүссэн ч Мьянмар нь олон жилийн тусгаарлалт, цэргийнхний санхүүгийн буруу захиран зарцуулалтаас ангижирснаар сүүлийн хэдэн жилд эдийн засаг нь өсөлттэй байв.

Цэргийн эргэлтийн дараа АНУ-аас Мьянмар улстай 2013 онд байгуулсан худалдааны гэрээгээр зөвшөөрөгдсөн бүх худалдаа наймааг дэмжих алхмыг түр хугацаанд хязгаарласныг мэдэгдсэн байна. Ингэснээр хоёр улсын хооронд хийгдэж байсан 1.4 тэрбум ам.долларын худалдаа зогсчээ.

Мьянмарын эдийн засгийн хувьд, хөдөө аж ахуйгаас ДНБ-ий 56 хувийг, үйлчилгээ 35 хувийг, аж үйлдвэрийн салбар 8 хувийг тус тус бүрдүүлдэг. Экспортын бүтээгдэхүүн нь будаа, газрын тос, бадмаараг, хаш чулуу, дэлхийн нийт хууль бус эмийн 8 хувь, ихэвчлэн опиум, метамфетамин зэрэг юм.

Мьянмар улсыг 1962 оноос хойш цэргүүд чанга, хатуу дэглэмээр удирдсаар 2011 онтой золгосон. Харин 2011 онд ардчилал ялж, ард түмэн нь чанга хатуу дэглэмээс салан эрх чөлөөгөө эдлэх болсон юм. Мьянмарын засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд болсон сонгуулиас хойш анх удаа хуралдахаар бэлтгэл ажлуудаа хангаж байв. Сонгуульд Мьянмарын ардчиллыг дэмжигч Үндэсний лиг нам ялалт байгуулж, парламентын суудлын 83-ыг авсан юм.

Харин арми нь сонгуулийн үр дүн Аун Сан Су Чигийн хоосон нэр хүндээс л шалтгаалсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Мьянмарын ардчиллыг дэмжигч Үндэсний лиг намын даргын хувьд Аун Сан Су Чи 2015 онд сонгогдсоноосоо хойш төр барьж байв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..