ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа одоо тогтоосон хөл хорионы үр дүн, цаашид хөл хориог сунгавал гарах үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Халдварын тархалтаас шалтгаалаад улс орон бүр эмийн бус хариу арга, хатуу хөл хориог хэрэгжүүлээд явж байна. Хатуу хөл хориог халдварын тархалтаас шалтгаалаад улс орон бүр өөр өөрийн онцлогт тохируулаад хэрэглэж байна. Өвчлөлийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн, эрүүл мэндийн байгууллагын нөөц хүндэрсэн үед хатуу хөл хориог ихэвчлэн авч байна.
Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар гарснаас хойш дөрвөн удаа хөл хорио тогтоосон. Эхний хөл хориог ойролцоогоор нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн байна. Дараагийн хөл хориог 21 хоног, гурав дахь хөл хориог 10 хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хөл хорио тогтоосон.
Урт хугацаанд хөл хорио тогтоосноор өвчлөлийн тоог багасгаж чадсан. Судалгаанаас харахад хөл хорионоос 14 хоногийн дараа өвчлөлийн тоо нэмэгдэж байна.
Хөл хорио хэрхэн хэрэгжиж байгааг хүн амын хөдөлгөөнтэй харьцуулж үзсэн. Өмнөх хөл хорионы үед хөл хөдөлгөөн 40-80 хувь буурсан бол энэ удаагийн хөл хориогоор 15-20 хувь л буурсан байна.
Бид хөл хориог, вакцинтай хослуулбал өвчлөлийн динамик хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолсон. Хөл хорионы үед тогтвортой байх ч хөл хориог шууд цуцалбал халдварын тохиолдол эргээд нэмэгдэнэ. Хөл хориог тавдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлүүлбэл өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 677 болно. Үүний дараа бага зэрэг давлагаа яваад эргээд буурна. Хөл хориог 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9-нийг хүртэл тогтоовол өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 536 болно. Мөн вакцин хийхгүй, хөл хорио тогтоохгүй бол өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэнэ. Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусам халдварын тархалт тууштай буурна.