© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 28, Пүрэв
Улаанбаатар °C
Нийгэм

" Дурангаа хагалж, сум дутаасан нь хүн буудах шалтгаан биш"

Говь-Алтай аймгийн хилийн 0214 дүгээр ангид алба хааж байсан хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Үүний шалтгааныг цэргүүд дурангаа хагалж, сум дутаасан тул дарамтлуулахаас айгаад ийм үйлдэл хийсэн гэж зарим эх сурвалжууд үзэж буй юм. Энэ талаар ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжаваас тодрууллаа.


-Цэргүүд дурангаа хагалж, сумаа дутааснаас ийм хэрэг үйлдсэн гэж эх сурвалжууд хэлж байна. Сум дутааж, дурангаа хагалсан бол хатуу шийтгэдэг юм уу?

-Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн штабын бүлэг хэргийг шалгаж байгаа. Албаны шалгалтаар олон зүйл тодорхой болно. Мөн аймгийн цагдаагийн газар хоёр цэрэгт эрүү үүсгэж, хэргийг шалгаж байгаа.

-Дурангаа хагалж, сум дутаасан нь үнэн үү?

-Цэргүүд хоорондоо тийм зүйл ярьсан байна лээ. Манай шалгалтын бүлэг мэдээллийг илүү тодорхой болгох байх.

-Энэ тохиолдолд хатуу шийтгэдэг юм уу. Ер нь цэргүүд дарамтаас болсон гэж мэдүүлсэн байна?

-Байлдааны зэвсгийг шинэ зүйлтэй тулгарсан үед эх орноо хамгаалах гэж л ашиглана. Хүний амь хөнөөж, даргаа буудаж болохгүй. Энэ нь даргаа буудах шалтгаан биш. Ар гэрийнх нь зүгээс дарамт байсан гэж ярьсан талаарх мэдээлэл сошиалд явж байна лээ. Хуулийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн энэ талаар ярихаас биш наана нь энэ талаар мэдээлэх нь учир дутагдалтай.

-Та хилийн цэргийн ангиудад дарамт шахалт байхгүй гэж ярьсан. Гэхдээ дарамт байгаа учраас ийм хэрэг гарч байна гэж хардах хүмүүс цөөнгүй байна? 

-Юунаас болсныг цагдаагийн байгууллага тогтооно. Цэрэгтэй дүрмийн бус харьцсан тохиолдлыг таслан зогсоосон гэж хэлж болно. Архи уусан тохиолдолд үндсэн ажлаас нь чөлөөлдөг, өшиглөсөн, цохисон тохиолдолд ажлаас нь халах дүрэм мөрдөгдөөд 10 жил болж байна.

-Тухайн цэргүүдийн сэтгэц хэвийн бус байсан тухай зарим эх сурвалжууд үзээд байна. Харин та хэд хоногийн өмнө мэдээлэл хийхдээ энэ хоёр цэргийн сэтгэц эрүүл байсан гэж байсан. Тухайн үед сэтгэлзүйч нь байгаагүй гэж үнэн үү?

-Манай мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр тухайн цэргүүд сэтгэцийн хувьд эрүүл цэргүүд байсан. Тухайн заставт гурван офицер ажиллаж байгаа. Офицер бүр сэтгэлзүйч байх ёстой. Бүгд энэ чиглэлээр суралцсан байдаг.

-Танай цэргийн ангиудад мэргэжлийн сэтгэлзүйч хэр хүрэлцээтэй байна вэ?

-Хилийн цэргийн сургуульд сэтгэл зүй, соёл мэдээллийн ажилтан мэргэжлээр офицеруудыг дөрвөн жилээр сурган төгсгөдөг. Хилийн анги болгонд энэ чиглэлээр төгссөн офицерууд ажиллаж байгаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..