© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 20, Бямба
Улаанбаатар °C
Улс төр

" Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-д үйлчилж байна"

Хурлын талаарх  мэдээллийг АН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр танилцуулав. Тэрбээр “Цар тахлын хууль түүнд нийцүүлэн гаргасан Улсын Онцгой комиссын шийдвэр зэргийг үндэслэн гаргасан Засгийн газрын тогтоолын хүрээнд бид намын Их хурлыг цахимаар анх удаа зохион байгууллаа. АН-ын  дүрэмд зааснаар намын Их хурлын гишүүдийг томилогдох болон сонгох гэсэн хоёр зарчмаар бүрдүүлдэг. Намын их хурлаас хоёр тогтоол гарсан. Намын шинэ удирдлагууд хурлаас гарсан тогтоолыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд цаашид тодорхой ажлуудыг хийнэ. Хуульд заасан хугацаанд бичиг баримтаа бүрдүүлэн  Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. АН-ын үнэт зарчим бол  хуулийг дээдэлж ажиллах юм" гэлээ. 

Дараа нь АН-ын дарга М.Тулгат намын их хурлаас гарсан хоёр тогтоолын агуулгыг уншиж танилцуулав. Тогтоолд дурдсанаар “Нэгдүгээрт.Үзэл санааны хоригдлоор тооцох тухай тогтоол. Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засаг улс төрийн хувьд баталгаажуулах гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан АН-ын дарга асан М.Энхсайхан, Да.Ганболд, Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Б.Болор, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болгосон явдлыг их хурлын төлөөлөгчид бид гадны гар хөл оролцсон хэлмэгдүүлэлт гэж үзэж байна.

Эдгээр нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдлын жагсаалтад оруулах ажлыг АН хариуцан ажиллана. Цаашид эрх мэдэлтний захиалгаар дээрх хүмүүсийг хэлмэгдүүлсэн АТГ-ын хариуцсан мөрдөгч, нэр бүхий прокурор, нөлөөнд автсан шүүгчдийн гэр бүлийг АНУ болон Европын холбооны улсуудад нэвтрүүлэхгүй байх хувийн хориг тавиулах арга хэмжээг ажил хэрэг болгохыг АН-ын удирдлагад даалгасугай.

Хоёрдугаарт. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь АН-ын дотоод асуудалд хөндлөнгөөс  оролцон хагалган бутаргаж, Ерөнхийлөгчийн сонгууль тулаад байгаа үед МАН-д үйлчилж байгааг  их хурлын төлөөлөгчид буруутгаж байна. Энэхүү бусармаг үйлдлээрээ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар АН-ыг ялагдуулсан гашуун үр дүнг дахин давтах вий гэж их хурлын төлөөлөгчид бид сэтгэл зовниж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..