© Dandaa.mn. 2011-2021
4-р сарын 18, Ням
Улаанбаатар °C
Нийгэм

Н.Түвшинбаярыг өнөөдөр саатуулах уу?

Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр болон Монгол Улсын начин Э.Энхбат нарын зодооны хэрэг олны анхаарлын төвд байна. Энэхүү хэргийн талаар олон янзын мэдээлэл гарч байгаа ч тэд архидан согтуурсан үедээ зодолдож, нэгнээ хүнд бэртээсэн нь тодорхой болсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс Н.Түвшинбаярыг цагдан хорих саналаа өнөөдөр өгч, улмаар түүнийг хорих бололтой.  Мөн Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл өнөөдөр (2021.04.05) хийнэ гэдгээ зарласан.

Н.ТҮВШИНБАЯР, Н.ЭНХБАЯР НАРТАЙ ХАМТ МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖЭЭ

Хэрэг гардаг өдрийн орой Н.Түвшинбаяр, Монголын телевизүүдийн холбооны ерөнхийлөгч, ETV телевизийн захирал Т.Ганзултай "Шангрила"-д уулзаж ажил ярьжээ. Удалгүй жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч С.Гал-Эрдэнийн “MGT Mining LLC” компанийн оффис байрладаг “Их хуралдай” төвд зочилсон байна. Тэнд С.Гал-Эрдэнэ, Э.Энхбат нар хамт байжээ. Мөн тухайн өдөр Булган аймгийн Ардчилсан намынхан болоод Н.Түвшинбаяр нар байсан гэдгийг хэлж буй.

Яг маргаан үүсч, зодолдох үед эдгээр хүмүүс явсан, зөвхөн эмэгтэйчүүд нь үлдсэн байсан гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. Хэрэг болсон газар Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хооронд үл ойлголцол үүсч, зодолдох үед ойр орчимд нь байсан хүмүүс цагдаа дуудаж, мэдээлэл өгчээ. Мөн тухайн хэрэг гарах үед “Херо”-гийн захирал Б.Баатар ирж, Э.Энхбатад анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламжид хүлээлгэн өгчээ. Мөн Н.Түвшинбаярыг машинд нь суулгаж, "Интермед" эмнэлэгт хүргэсэн гэсэн албан бус мэдээлэл байна.

Э.ЭНХБАТЫН БИЕ ТОГТВОРЖИЖ БАЙГАА ГЭВ

Улсын начин Э.Энхбат Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн өдрөө биеийн байдал нь маш хүнд, ар гэрийнхэн нь болон бөхчүүд эмнэлгийн гадна очсон байсан юм. Эмнэлгийн эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авч, биеийн байдал нь тогтворжиж байгааг албаныхан мэдээлсэн. Хэрэг гарсан өдрийн талаар Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг “Том вискиний шилээр нөхрийн минь тархи, нүүр ам, зулай руу цохисон байдалтай байсан. Миний нөхөрт зориудаар архи өгч, согтоож зодсон гэж би ойлгосон. Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 18.18 цагт надтай ярихдаа С.Гал-Эрдэнийн оффис дээр очих гэж байна" гэж ярьсан. Нөхрийн минь оёдлын тоо тоогоо алдсан. Тархины гол яс цуурсан. "Түвшинбаяр аа, одоо боль л доо" гээд шокноосоо гарч чадахгүй байсан” гэж  хэвлэлд мэдээлсэн байдаг.

Н.ТҮВШИНБАЯРЫН БИЕИЙН БАЙДЛЫГ ХАРЗНАЖ БАЙГААД СААТУУЛАХ УУ?

Түүнээс хойш удалгүй “Интермед” эмнэлэгийн орон дээр Н.Түвшинбаярын тархи, гарандаа боолт хийлгэсэн зураг цацагдсан. Түүнийг тухайн өдөр мөн толгойдоо гэмтэл авч, оёо тавиулсан гэсэн мэдээлэл гарсан. Мөн тухайн зургийг эмнэлгийн ажилтан авсан гэх мэдээлэл ч гарсан. Гэхдээ тухайн өдөр хэргийн газар юу болсон талаарх мэдүүлгийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс түүнээс мэдүүлэг авсан ч эмнэлэгт буцаах шаардлагатай гэж үзэж, саатуулаагүй буцаасан юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг шалгаж, Н.Түвшинбаярыг саатуулах хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр түүнийг саатуулж магадгүй аж. Анх мэдүүлэг авахдаа эмнэлэгт дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн учраас шууд саатуулаагүй, эмнэлэгт хүргэсэн.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..