© Dandaa.mn. 2011-2021
4-р сарын 18, Ням
Улаанбаатар °C
Улс төр

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодруулга авлаа.


-Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Ганбаатар гишүүн та хоёр бие бие рүүгээ хатуу үг шидэлцэж, барилцаж авах дээрээ тулсан. Ямар асуудлаар ингэж айхавтар зөрөлдөв?

-Байнгын хорооны хуралдаанаар ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус тав, таван гишүүн буюу УИХ-аас 10 гишүүнийг энэ хоёр байгууллагад сонгон шалгаруулж томилох ажиллагаа явуулах, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал хэлэлцсэн. Шүүхийн тухай шинэ хуульд зааснаар ажлын хэсэг нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. УИХ-ын даргын захирамжаар томилогдсон УИХ-ын нэг гишүүн ажлын хэсгийг ахална гэж заасан. Яагаад ингэж заасан гэхээр өмнө нь Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг явуулах явцад гарсан нөхцөл байдлаас үнэлэлт дүгнэлт хийж үзээд асуултад хариулах, хариуцлага хүлээх бодлогын түвшинд асуудлыг парламентад танилцуулаад зангидаад явах нэг хүн нь УИХ-ын нэг гишүүн байя гэж үзсэн.

Үлдсэн 10 гишүүнийг нь холбогдох байгууллагын төлөөллөөс санал болгохоор заасан. Үүнд, Мэргэжлийн холбоо, Төрийн байгууллага, Засгийн газар, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн хүрээлэн, Хууль зүйн их сургууль, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ дахь олонх, цөөнх гээд олон талт хяналт тэнцвэрийг хангах зарчмаар олон талын төлөөлөлтэй бүрдүүлэхээр хуульчилсан. Зарим гишүүд юу гэж мушгиж ярьж байна гэхээр ажлын хэсэгт нэг УИХ-ын гишүүн байна, харин бусад төлөөллийн гишүүдийг УИХ-ын гишүүд биш байна гэж бичээгүй гэж ярьж байна лээ. Ажлын хэсгийн шатанд 11 гишүүн дотор УИХ-ын гишүүн 1-ээс илүү орохгүй гэж тусгасан.

-Тэгэхээр нэг л гишүүн ажлын хэсгийг ахалж ажиллахаар хуульдаа заасан байхад хоёр гишүүн болгож оруулж ирсэн гэсэн үг үү?

-Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж Өмгөөлөгчдийн холбоо, УИХ-ын даргын захирамжаар томилогдох хоёр гишүүнээс бусад есөн гишүүний санал ирчихсэн байна гэж танилцуулсан. Энэ есөн гишүүн дотор УИХ дахь олонх, цөөнхөөс УИХ-ын гишүүн биш хоёр хүнийг явуулсан. Албан бусаар ажлын хэсэгт Засгийн газар, УИХ дахь олонх, цөөнхөөс УИХ-ын гишүүд орох сонирхол байгаа юм байна гэх ойлголтыг би авсан. Бусад орны жишгээр шүүхэд хариуцлага тооцоход парламентын гишүүн ордоггүй. Бид онцлог байдлаа харж үзээд нэг л гишүүнээр хязгаарлуулсан. УИХ-ын даргын захирамжаар томилогдсон С.Бямбацогт гишүүн дээр УИХ дахь олонх, цөөнхөөс ирсэн хүмүүсийг өөрчлөөд УИХ-ын хоёр гишүүнийг олонх цөөнхөөс оруулж байгаа гэдэг тайлбарыг Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гэнэт хэлсэн. Урьдчилж бид үүнтэй танилцаагүй байсан. Шүүхийн хуульд улстөрчдийн нөлөө орох вий гэсэн болгоомжлолыг олон нийтийн цахим сүлжээгээр би байнга хэлж байсан. Иргэд, олон нийтийн байгууллагууд хуулийн хэлэлцүүлгийн үеэр ч санаа зовж байсан. Энэ оролцоог бий болгохгүйн үүднээс нэг гишүүнийг хоёр гишүүн болгож байгаа чинь эргээд Шүүхийн хуулийг хийсэн үзэл санаа, шударга шүүхийг бий болгох алхмуудад сөрөг нөлөөлөхөөр байдал бий болно. Ингээд би Б.Энхбаяр гишүүний саналыг дэмжиж хэлсэн. Ж.Ганбаатар гишүүн надад итгэхгүй байна уу, үгүй юү гэсэн дээрэнгүй өнгө аясаар, намайг доромжлох заналхийлэх байдлаар хэлсэн. Микрофон асаагүй байхад намайг улс төрийнх нь үзэл бодол зарчмынх нь дагуу явж ирсэн замнал түүхээр минь гутааж доромжилсныг нь би тэвчээгүй. Тэвчээгүй нь миний буруу. Би УИХ-ын гишүүн ч гэсэн хүн шүү дээ. Ж.Ганбаатар гишүүнийг би муугүй мэднэ. Хоёрдугаарт, Ж.Ганбаатар гишүүн Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш. Гуравдугаарт, МАН-ын бүлгээс ч юм уу, Хууль зүйн байнгын хорооноос гишүүд өөрсдийгөө санал болгож болно. Ингээд ороод ирэхээр хууль шүүхэд улс төрийн сонирхол орох гээд байна. Тиймээс наадахаа боль гэж би хэлсэн. УИХ гэдэг олон түмний нүдэн дээр байдаг учир маргаан гарах нь зүй ёсных. Би улс төрд байх хугацаандаа цөөн хэдэн хүнтэй маргалдсан тохиолдлын нэг нь энэ боллоо. Миний өнгөрсөн зам мөр зарчимтай, зорилготой хатуу тэмцэгч байсныг илтгэх биз ээ. Зөв байсныг улс төрийн үйл явц харуулсан, харуулж ч байгаа. Хувийн эрх ашигдаа хөтлөгдөж, хэн нэгэнтэй шөргөөцөлдсөн нэг ч үйлдэл байгаагүй. Цаашид ч үгээр бус үйлдэл маань нотлох байх.

-Ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хороодын гишүүд орох ёстой юм уу. Бүхэлд нь 76 гишүүний хэн нь ч орох боломжтой юм уу?

-Зарчмын хувьд өөр гишүүд орж болно. Гэхдээ мэргэшсэн байнгын хороо нь ажиллаж байхад тодорхой гишүүд нь, хуульч гишүүд нь байхад өөр гишүүн орно гэдэг парламентын соёл заншлын хувьд зохимжгүй. Би эдийн засгийн байнгын хороон дээр тодорхой эдийн засгийн асуудлаар ажлын хэсэг гаргаад явж байхад нь гэнэт гүйж ороод би тэр ажлын хэсгийг ахалъя гэвэл тэр хүн дуугай байх болов уу. Бодох ёстой л юм. Тэрнээс худалдаа наймаа эрхэлдэг, бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нэр төрд би халдах гэсэнгүй.

-Яагаад Ж.Ганбаатар гишүүн ажлын хэсэгт орохоор болсноо тайлбарласан уу?

-Өөрөө намын бүлэг даалгавар өгөөд намайг оруулж байгаа гэж хэлсэн. Би тэрийг нь үндэслэлтэй тайлбар гэж хүлээж аваагүй. Манай бүлгээс ямар даалгавар аваад хэн үүрэг өгчихсөн юм мэдэхгүй. Тийм байлаа гэхэд хууль зарчимдаа нийцэхгүй. Хууль зөрчиж болохгүй гэх байр сууринаас би хандсан. Шүүхийн хуулийг олон түмэн харж байна. Сайн хууль гаргачихаад завхруулж, гажуудуулдаг гэсэн өнгөрсөн он жилүүдийн үл итгэсэн байдал өдийг хүртэл хүчтэй байна. Хамгийн гол нь хоёр гишүүний яриан дээр хэний, юуны төлөө дуугарч байгааг нь хүмүүс анхаараасай. Би энэ хуулийн ажлын хэсэгт ажилласныхаа хувьд цаашдын хуульдаа санаа зовж байна.

Улстөрчдийн цаана нэг хүн ганцаараа байдаггүй юм аа. Байнгын хорооны хурал дээр зохисгүй үг хэлснийхээ төлөө Байнгын хорооны гишүүдээсээ уучлал хүссэн. Бусад хүмүүсээс ч уучлал хүсье. Гэхдээ шударга шүүхийн төлөө тэмцэл танхимд хэлж байгаа хатуу ширүүхэн үгнээс илүү хүчтэй дуугарч явах ёстой байх. Бусад нийгэм ч тэгж явдаг. Бид дэлхийн шүүхийн хараат бус байдлаараа 140 улсаас 120-д дордчихсон шүүхтэй. Улс төрийн нөлөөлөл шүүхэд маш өндөр гарчихсан. Улстөрчиддөө итгэхгүй байна. Улстөрчиддөө итгэх итгэлийг яаж сэргээх вэ гэхээр эхнээсээ мордохын хазгай байхгүй, үйл явц нь ил тод нээлттэй л байх ёстой.

-УИХ дахь олигархи гэж яригддаг Ж.Ганбаатар, С.Амарсайхан нарын гишүүд шүүх засаглалд нөлөөлөлтэй болох гэж үзэж байгаа талаар зарим нэг эх сурвалж ярих болсон.Таныг үүний эсрэг дуугарлаа гэж харах хэсэг байна?

-Би энэ талаар хамаа намаагүй хариулж болохгүй л дээ. Тодорхой нэр бүхий улстөрчдийн эрх ашигт садаа болж, зам дээр нь хөндөлсөж байж магадгүй ээ, би.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.131.246.134] 2021/04/02
Ene ganbaatar gej deerengui orgiliin ajilchidtaigaa l tegj haritsdag yum baigaa biz, ashig sonirhol haana baina ter gazar l tarvalzaj yavdag hogiin gar, odoo ter Bayangol duurgiig har, toloologchid ni ugee helj baina sh dee, deerleheed unen hetsuu yumaa geed
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..