© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Нийгэм

" Зодуулсан цэрэг эмчилгээ авах боломжгүй байсан"

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б нь даргадаа зодуулсан хэрэг гуравдугаар сарын 29-нд гарсан. Тэрбээр хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм. Харамсалтай нь биеийн байдал нь сайжралгүй, өнгөрсөн шөнө нас баржээ. Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс өнөөдөр /2021.03.31/ дараах мэдээллийг өглөө. Тус эмнэлгийн Эмчилгээ, чанар хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Хандмаагийн хэлснээр байлдагч нь Эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээ хийлгэх явцад гуравдугаар сарын 30-ны 23.15  цагийн үед нас барсан байна. Биеийн байдал нь хүнд байсан тул мэс засал хийх боломжгүй гэж тус эмнэлгийн зөвлөх эмч нь үзжээ.

ӨВЧТӨН ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТ, ЗҮРХ СУДАСНЫ АРХАГ ДУТАГДАЛ ЗЭРЭГ 3-4 ОНОШТОЙ НАС БАРСАН

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ, чанар хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.ХАНДМАА: 

-Байлдагч нь энэ сарын 29-ний шөнийн 01.30 минутад биеийн байдал нь хүнд, ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн. Эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээ хийлгэх явцад гуравдугаар сарын 30-ны 23.15  цагийн үед нас барсан. Нас барах үедээ тархины цус харвалт, тархины ком, тархины төвийн даралт, амьсгал зүрх судасны архаг дутагдал, уушгины хатгалгаа гэсэн оноштой нас барсан. Байлдагч нь уушгины хатгалгаатай байсан. Бид биеийн байдлыг нь үнэлж, эмийн эмчилгээ хийж байсан. Хамгийн гол нь дараагийн оношилгоо, эмчилгээ хийх асуудлаар зөвлөх эмчтэйгээ өчигдөр уулзаж, зөвлөгөө авсан. Харамсалтай нь, байлдагчийн биеийн байдал хүнд, ухаангүй байдалтай байсан тул мэс засал даах боломжгүй тул эмийн эмчилгээг үргэлжүүлж байсан" гэлээ.

Талийгаач 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан. Түүнийг харуулын үүрэг гүйцэтгэж байх үед нь тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г байлдагчийн дүрмийн бус харилцааны зөрчил гарган байлдагчийн биед халдсан тухай Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлсэн. Энэ талаар ЦЕГын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Хэрэгт холбогдогчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..