© Dandaa.mn. 2011-2021
4-р сарын 18, Ням
Улаанбаатар °C
Дэлхийд

Эден Азар дахин хөлбөмбөг тоглохгүй байж магадгүй

Цагтаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн тоонд орж явсан Эден Азар дахин хөлбөмбөг тоглохгүй байж магадгүй. Английн Челсид гялалзсан улирлуудыг үдсэн Бельги тамирчны хувьд 2019 оны зун 100 сая еврогоор Испанийн Реал Мадрид багтай нэгдсэнээсээ хойш бэртэл гэмтлээс салахгүй, талбайд гарах нь өдрийн од шиг цөөн болсон. Саяхан тэрбээр шагайндаа дахин гэмтэл аван тодорхойгүй хугацаагаар талбайд гарах боломжгүй болов.

Атлетико Мадрид багийн эмч Хосе Гонзалез Азарын шагайны гэмтэлд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Миний туршлагаас харахад Азар энэ улиралд багтайгаа нэгдэж, хамт тоглоно гэдэг хэцүү. Шаргуу бэлтгэл хийж, формдоо орохгүй тогловол тэр дахиад л гэмтэнэ. Азарын сэтгэл түгшүүртэй байгаа байх. Хурдхан шиг л талбайд гарч, өөрийгөө 100 хувь дайчилж, шилдэг нь гэдгээ батлахыг хүсч байгаа нь мэдээж. Гэвч Эден Азарын шагайны гурав дахь мэс засал үнэхээр эрсдэлтэй. Магадгүй тэр дахиж хөлбөмбөг тоглохгүй байж болзошгүй” хэмээжээ.

Өдгөө 31 настай Эден Азар Реал Мадридад ирснээсээ хойш Ла лигийн ердөө 25 тоглолтонд оролцоод байна. Челсид өнгөрүүлсэн сүүлийн улиралдаа 21 гоол оруулж байсан тэрбээр Реал Мадридын төлөө хоёр улирал хүчин зүтгэхдээ ердөө дөрөвхөн гоол оруулжээ. Харин гоолоосоо илүү бэртэл гэмтлийг авчээ. Одоогоор тэрбээр нийтдээ 11 удаа гэмтэж, 54 тоглолт өнжөөд байна.

Испанийн өдөр тутмын хэвлэл “Marca”-ийн мэдээлж буйгаар Эден Азар шагайндаа авсан гурав дахь бэртлээсээ болж ирэх зуны Европын аварга шалгаруулах тэмцээнийг өнжинө гэв.

Франц, Английн лигүүдэд тод гялалзаж, хамгаалагчдын толгойны өвчин байсан Эден Азарын ирээдүй бүрхэг боллоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..