© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 17, Лхагва
Улаанбаатар °C
Улаанбаатар

ХСҮТ-ийн хууль бусаар олгосон газрыг чөлөөлж, хавдрын оношилгооны төв байгуулна

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) 1998 онд таван га газартай байжээ. Гэтэл одоо эмнэлгийн баруун талд орон сууцны хороолол, урд нь үйлчилгээний төв, оффис баригдаж, эмнэлэг хэдэн талаасаа барилгаар хүрээлэгдсэн. Эдгээр зөвшөөрлийг тухайн үед ажиллаж байсан эмнэлгийн удирдлагууд олгосноос гадна өөрсдөө ч газар авсан нь бий.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон холбогдох албаныхан ХСҮТ-ийн өргөтгөлийн асуудлаар газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга  Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авч байна. ХСҮТ-ийн алдсан газрын асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба ИТХ-аар оруулж, баталгаажуулж, Засаг даргын захирамж гарна. Хавдартай иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иймээс хавдрыг эрт шатанд нь илрүүлэх оношилгооны төв байгуулах нь нэн чухал. Манайх хавдрыг хожуу үед нь илрүүлдэг. Эрт илрүүлсэн бол аврах боломжтой байсан хүмүүсээ алдаж байна. Мөн ажилчдын хүүхдийн цэцэрлэг байгуулах ёстой. Эмнэлэгт цаг аваад үзүүлэх гэсээр сарын хугацаа зарцуулдаг. Энэ бүх байдлыг эхнээс нь засаж, зөв зохион байгуулах ажлыг санаачилж, мэргэжлийн байгууллагуудаа дэмжиж ажиллана. Бид боловсрол, эрүүл мэндтэй холбоотой мэргэжлийн байгууллагынхныхаа дуу хоолойг сонсож явна. Эрүүл, боловсролтой иргэнтэй байж Монгол Улс дэлхийн дайтай хөгжинө" хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Өмнө нь улсын эмнэлгүүд газраа алддаг байсан бол энэ үеэс эмнэлгүүд газраа буцааж авч байгаа жишиг тогтоож байгаа Д.Сумъяабазар даргадаа баярлалаа. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлээр хорт хавдрын эмчилгээг улс даадаг болсон. Ковид гарсантай холбоотой эрт илрүүлгийн хувь буурсан. Хавдар хожуу оношлогдох аюул бий боллоо" хэмээн ярилаа.

Өдгөө ХСҮТ-д хавдрын эрт үеийн илрүүлгийн оношилгооны төв барихаар төлөвлөжээ. Гэтэл тус газарт 64 машины гарааш байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай "1992 оноос хойш хувийн компаниуд зөвшөөрөл авч, гарааш барьж, иргэдэд зарсан. Одоо бол бүгд хувь хүний хөрөнгө болсон. Тиймээс газрын албанаас хууль, журмын дагуу иргэдтэйгээ тохиролцож, газрыг чөлөөлөх асуудлыг шийднэ. Ер нь албан байгууллагын газарт 2017 оноос өмнө их зөрчил гардаг байсан. Засгийн газрын шийдвэр, Газрын тухай хуульд өөрчлөлт орсноор төрийн байгууллагын газраас газар дураараа шилжүүлж авахыг зогсоосон. Өмнө нь хууль бусаар олгогдсон, барилга, байшин бариагүй  газруудыг хүчингүй болгож, тухайн байгууллагад нь эргүүлэн олгож байна. ХСҮТ-ийн хувьд өнгөрсөн жил дөрвөн гарцыг чөлөөлж өгсөн. Чөлөөлөхөд зөвшөөрөлгүй барьсан барилга, таван машины гарааш, хашаа байсан. Мөн нийтийн эзэмшлийн газрын орц, гарцыг чөлөөлөх ажил ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ.  Өнгөрсөн жил 180 гаруй байршилд ийм ажил хийгдсэн. Энэ жил 200 орчим  газрыг чөлөөлж, зөрчил арилгана" гэлээ.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..