© Dandaa.mn. 2011-2021
4-р сарын 18, Ням
Улаанбаатар °C
Дэлхийд

Эрдэмтэд 300 жилийн өмнө бичигдсэн захиаг задлалгүйгээр уншжээ

Одоогоос 300 орчим жилийн өмнө гараар бичигдсэн захиаг эрдэмтэд орчин үеийн технологийн тусламжтай задлалгүйгээр уншиж чаджээ.

1697 оны долдугаар сарын 31-нд Францын хаант улсын иргэн Жак Сеннак өөрийн үеэл, Голландын Гааг хотод суудаг худалдаачин Пьер Ле Перт уг захиаг бичсэн байна.

Захиандаа тэр Даниэл Ле Пер гэгч хүний нас барсан тухай тодорхойлолтын баталгаажсан хуулбарыг илгээхийг хүссэн байжээ.

Захиаг тухайн үед ашигладаг байсан тусгай аргаар эвхэж, цоожилсон байна. Дугтуй гарахаас өмнө захианы нууцлалыг ингэж хадгалдаг байжээ. Захиаг нээхийн тулд заавал урдаг байсан гэнэ. Хэрвээ захиа эзэндээ хүрэхээс өмнө урагдсан байвал нууц задарсан гэсэн үг байв.

Захиаг урж хөндөлгүй хадгалж, нууцлах арга техникийг нь түүхийн баримт болгон авч үлдэхийн тулд эрдэмтэд анх удаа виртуал аргаар задалж агуулгыг нь уншиж чаджээ.

Массачусетсын Технологийн Их сургууль, Лондон хотын эзэн хааны Коллежийн эрдэмтэд 3D сканнераар захиа хэрхэн эвхэгдсэнийг эхлээд тодорхойлжээ.

Үүний дараа компьютер томографийн техникээр цаасны нугалаа бүр дээр бичигдсэн зүйлсийг дүрсэлж, эвлүүлээд компьютерын тусгай алгоритмын тусламжтай виртуал орчинд дэлгэн үзүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл захиа компьютерын дэлгэцэн дээр дэлгэгдсэн гэсэн үг юм.

Эрдэмтэд эвхсэн захиаг хэрхэн задалж уншсан арга техникийнхээ тухай өчигдөр Nature Communications сэтгүүлд дэлгэрэнгүй нийтэлсэн байна.

Дээрх захиа нь хэдэн зууны өмнө Европын орнуудад бичигдээд дэлгэгдээгүй хадгалагдаж байгаа 577 захианы Brienne Collection нэртэй цуглуулгын нэг хэсэг ажээ. Одоо шинэ арга технологийг ашиглаад бусад бүх захианы агуулгыг уншиж чадахаар болсон байна.

 

Эх сурвалж: CNET

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..