© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Нийгэм

Оросын вакцины үр дүнг барууны эрдэмтэд хүлээн зөвшөөрөв

ОХУ-ын Гамалейн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг “Спутник V” нь 92 хувийн дархлаа тогтоодгийг харуулсан туршилтын тайлан өчигдөр /2021.02.02/ олон улсын анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтлэгджээ. Тайлангаас харахад энэ вакцин нь зарим үед 100 хувийн үр дүн үзүүлжээ. Ингэснээр уг вакцины талааар удаан хугацааны эргэлзээ арилж, барууны орнууд ч Оросын вакциныг хүлээн зөвшөөрч байгаа юм.

“Спутник V вакциныг бүтээх үйл явц нэлээд шүүмжлэл дагуулж байсан. Харин өнөөдөр нийтлэгдсэн туршилтын тайлангаас харвал маш сайн үр дүнтэй вакцин бий болсон нь тодорхой байна. “Covid-19” өвчинтэй тэмцэх бас нэг вацкин бий боллоо” гэж Ридингийн их сургуулийн профессор Ян Жонс, Лондоны Эрүүл ахуй, Халуун бүсийн Анагаах Ухааны сургуулийн профессор Полли Рои нар мэдэгдсэн байна.

"Спутник V" вакцины төслийг санхүүжүүлсэн Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн тэргүүн Кирилл Дмитриев “Оросын зөв байсан нь батлагдлаа. Хэдийгээр улс төрийн дарамт шахалт их байсан ч "The Lancet" сэтгүүл маш шударга ажиллаж чадлаа” гэж мэдэгдсэн байна.

Вакцины гуравдугаар шатны туршилтаас өмнө ОХУ уг вакциныг дотооддоо албан ёсоор бүртгэсэн бөгөөд арванхоёрдугаар сараас зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд, багш, сэтгүүлч зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүсийг вакцинжуулалтад хамруулсан бол нэгдүгээр сараас бүх иргэдээ хамруулж эхэлсэн билээ.

 Гуравдугаар шатны туршилтад өнгөрсөн оны есдүгээр сараас хойш нийт 19,866 сайн дурынхан оролцсон ба 21 хоногийн зайтай хоёр тун вакцин тарьсны дараа хүний биед 91.6 хувийн дархлаа тогтсон байна.

“Спутник V” нь гуравдугаар шатны туршилтын үр дүнгээ олон улсын тэргүүлэх зэрэглэлийн анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн дөрөв дэх вакцин болж байна. Үүнээс өмнө “Pfizer/BioNTech”, “Moderna”, “AstraZeneca” компаниуд туршилтын үр дүнгээ нийтлүүлж байсан юм. Ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр вакцины нийлүүлэлт доголдоод буй Европын зарим орнууд Орос, Хятадын вакциныг сонирхож эхэлжээ.

Эх сурвалж: Reuters, CNN

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Дорж [202.21.109.125] 2021/02/24
Болж дээ. Эдийн засгийн хоригоос болоод зөвшөөрөхгүй байсан юм аа.
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..