© Dandaa.mn. 2011-2021
3-р сарын 1, Даваа
Улаанбаатар °C
Улаанбаатар

Шинэ жилийн өдрөөр -50 хэм хүрч хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг тодрууллаа. Тэрбээр “Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг дулаарна. Гэхдээ салхи шуургатай, жавартай байх учраас агаарын температур хүйтэн байна" гэдгийг анхааруулсан юм.


-Говийн аймгуудаар өчигдөр хүчтэй цасан шуурга шуурсан. Энэ үеэр цаг агаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн үү?

-Ихэнх нутгаар өчигдөр цас орж цасан шуурга шуурч, хонолоо. Цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрээгүй ч Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуурга шуурч өнгөрсөн бол Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар хүчтэй салхилж, зарим үед 18-24 метр секунд хүрсэн. Өнөөдрөөс энэ үзэгдэл Монголын нутгаас гарч байна.

-Хэдий ес эхэлсэн ч нийт нутгаар цаг агаар тогтуун байна. Шинэ жилийн өдрүүдэд цаг агаар ямар байх бол?

-Ойрын гурав хоногтоо нийт нутгаар агаарын температур харьцангуй дулаан байх хэдий ч салхитай байх төлөвтэй. Тиймээс хүний биед мэдрэгдэх температур нь жавартай, хүйтэн байна. Харин арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар салхи шуургатай байна.

Үргэлжлүүлэн энэ сарын 27-28-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, өмнөх хугацаанаас 10 гаруй градусаар хүйтэрнэ. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ оны сүүлийн өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

-Сарын сүүлчээр эрс хүйтэрнэ гэлээ. Хэдэн хэм хүрч хүйтрэх вэ?

-Баруун аймгуудаар арванхоёрдугаар сард ийм төлөвтэй хүйтэн байдаг бол энэ удаа төвийн аймгууд болох Сэлэнгэ, Дархан, Хараа, Ерөө голын сав газар, Төв аймаг, Хэнтий аймгаар -50 хэм хүрч хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна.

Тэгэхээр төвийн болон зүүн бүс, говийн аймгуудаар эрс хүйтрэх гэж байгаа учраас ард иргэд аль болох хол замд гарахгүй байх, малаа ойр газар бэлчээрт гаргахыг анхааруулъя. Бид хот, суурин газрын дулааны шугам хөлдөх эрсдлээс урьдчилан сэргийлж, холбогдох байгууллагуудад сэрэмжлүүлэг хүргүүлсэн.

-Монголчууд идэр ес эхлэхээр хүйтний эрч чангардаг гэлцдэг. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгөөч?

-Монголчууд эрт үеэс билгийн тооллоор өдөр, сарыг тоолж ес эхэлнэ гэж хэлдэг. Шинжлэх ухааны судалгаагаар заавал ес эхлэхээр хүйтний эрч чангардаг гэсэн үг биш. Өвлийн улирлын өдөр, хоногоор хүйтэрч, агаарын температур хасах хэм нэмэгддэг. Хүйтний оргил үе бол нэгдүгээр сар шүү дээ.

Тэр утгаараа арванхоёрдугаар сарын 22-ноос олон жилийн дунджаар хүйтэрдэг. Өнөөдрийн байдлаар энэ сарын 22-ноос хүйтний эрч нэмэгдээгүй тогтуун байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..