
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос сүүлд батлагдсан тохиолдлууд бүгд тусгаарлах байранд байсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.
Тэрбээр "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс болж гадуур халдвар тархсан байна гэж ойлгож болохгүй. Бид эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш бүх хавьтлыг тусгаарласан. Өөрөөр хэлбэл, сүүлийн давтан шинжилгээгээр батлагдаж байгаа тохиолдлууд тусгаарлах байранд байсан гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Батлагдсан тохиолдлууд буюу эмнэлгээс гарсан хүмүүс болон эмнэлэгт өвдсөн тохиолдлуудын нэг болон хоёрдугаар хавьтлыг журмынхаа дагуу тусгаарласан. Өнөөдрийн байдлаар ойрын 1,330 болон 800 гаруй хоёр дахь хавьтлын хүнийг олж тусгаарласан байна.
Тиймээс бүх дүүргээс өвчлөл гарсан гэж ойлгож болохгүй. Бид өвчилсөн хүмүүсийг нийслэлийн олон дүүрэгт амьдарч, ажилладаг учраас эрсдэл байх вий болгоомжил гэдэг үүднээс л нийслэлийн хэмжээний харьяаллыг нь хэлсэн.
Гэхдээ БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс гарсан энэ өвчлөл нь халдварын эхний нууц үеийн хугацаанд гарсан том дэгдэлт. Тиймээс энэ голомтыг цааш алдахгүйн тулд бид цаашид ажиллаж байна" гэсэн юм.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "БЗД-ийн нэг болон хоёрдугаар хавьтлын нийт 2,150 гаруй хүн бий. Ялангуяа хоёрдугаар хавьтлууд бидний дунд явж байх боломж байгаа учраас иргэд амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа сайн баривал энэ халдварт өртөхгүй байх боломжтой" гэв.