© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Улс төр

Ч.Чойдог: Зайсанд байгаа дарга биш, дотор нь аж төрдөг хүн л амьдрах орчноо өөрчилж чадна

Баянгол дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр өрсөлдөхөөр 41 залуу нэр дэвшиж байгаа. Тэдний нэг бол Чимэднамжилын Чойдог. Тэрээр залуу хүний хувьд хийж бүтээе, улс төрд зөв манлайлал нь байя гэсэн чин эрмэлзэлтэй нэгэн. Түүнтэй ээлжит орон  нутгийн сонгуульд ямархуу зорилго чиглэл, бодол хүсэлтэй оролцож байгааг нь хуваалцлаа.

-Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Чимэднамжилын Чойдог гэдэг. Би 1986 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Монголын Үндэсний Их сургуулийг Бизнесийн удирдлага, нягтлан бодогч мэргэжлээр дүүргэсэн. БНСУ-д мэргэжил дээшлүүлэн, маркетингийн чиглэлээр магистр хамгаалсан. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. БГД-ийн 24-р хороо, Алтай хотхонд амьдардаг. Миний гэр бүлд тулгамдаж байгаа асуудал амьдарч байгаа хотхоны маань бүх иргэдэд тулгамддаг учраас түүнийг шийдвэрлэхийн тулд үргэлж дуу хоолойгоо хүргэн, оршин суугчдынхаа хүчтэй төлөөлөл нь байж ирсэн. Энэ ч утгаараа иргэдээ төлөөлөөд орон нутгийн сонгуульд хорооноосоо нэр дэвшихээр шийдсэн. Өөрөөр хэлбэл,  амьдарч байгаа орчноо тав тухтай, эрүүл аюулгүй болгох галт тэргэнд сэтгэлийн дуудлагаар суусан гэх үү дээ.

-Орон нутгийн сонгуулийн онцлогийг хэрхэн харж байна?  Энэ сонгууль чухам яагаад иргэдийн хувьд чухал вэ?

-Орон нутгийн сонгууль яагаад чухал вэ гэхээр иргэд өөрсдийгөө төлөөлж чадахуйц итгэлтэй, зүтгэлтэй хүнээ томилдог. Төрд хамгийн ойр ажиллах нэгж учраас парламентад суух УИХ-ын гишүүн сонгохоос илүү ач холбогдол өгөх ёстой. Томоохон бодлогын асуудлыг гэхээсээ илүү ард иргэдийн өдөр тутамд тулгамдаж буй хамгийн ойрын бэрхшээлийг шийдвэрлэх, түүнд нь гарц чиглүүлэгч нь болдог.

-Энэ дүүрэгт төлөөлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд хийх ажлаа хэрхэн харсан бэ?

- Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч бол биднийг төлөөлсөн хамгийн ойрын хүн байх ёстой. Өмнө хэлсэнчлэн БГД-ийн 24 хороо, Алтай хотхонд олон асуудал тулгамдаж байгаа. Энэ бүхэнд хэн нэгэн Зайсанд байгаа дарга биш, дотор нь амьдарч байгаа бид бүхэн л чирэгддэг учраас мэдрэмжтэй шийдвэр гаргаж чадахгүй бол тэр дарга биш, оршин суугчид бид хохирч ирсэн. Яг ямар асуудлууд хөвөрч байгаа вэ гэдгийг олон жил харсан, шийдвэр гаргаж чадахгүй шаналсны хувьд тодорхой хэмжээнд эрэмбэлсэн юм. Хамгийн эхний асуудал бол улсын сургууль цэцэрлэгтэй болох. Энд хүртээмжийн тухай биш бүүр бий болгох талаар ярьж байгаа. Жишээлбэл би 3 хүүхэдтэй. Гурвууланд нь сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага үүсдэг. Энэ асуудал манай хотхоны 3000 орчим хүүхдэд тулгарч байна. Улсын төсвийн хөрөнгөөр шинээр барих, газрыг нь шийдэх зэрэг бүх шатны хүмүүстэй хамтарч, гүүр нь болж ажилламаар байна. Тухайлбал, Алтай хотхоны маань 53а 54в байрнуудын голд байрлалтай 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг “Тайгам Алтай ”ХХК барьж ашиглалтад оруулж байна. Өөрсдөө газраа чөлөөлөн, стандартын чанар шаардлагад нийцүүлэн барьсан уг цэцэрлэгийг төр бодлогоор дэмжин, улсын төсөвт хөрөнгийг нь суулгаж худалдан авах ажиллагаанд хамруулах шаардлага байна. Энэ бол хотхоны маань шүдний өвчин болсон асуудал болж, нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа учир нааштайгаар шийдэгдэх нь олон мянган оршин суугчдын маань эрх ашигт нийцнэ.

Дараагийн асуудал бол хотхоны зам. Замтай холбоотойгоор түгжрэл бий болж, улмаар тоосжилт ихээр үүсч байна. Хотхон доторх замыг яаралтай засуулах, шинээр зай талбай гаргах, явган зорчигчид, тэрэг түрсэн эцэг эхчүүд болоод дугуйтай хүмүүсийн зорчих замыг гаргах, орц гарцыг сайжруулах шаардлагатай. Ер нь авто замын түгжрэл нийслэл хотын хэмжээнд санаа чилээж байгаа. Хөдөлгөөний нягтрал хотхоны ая тухтай байдлыг алдагдуулж, дамжин өнгөрөгчдийн асуудал урган гарч ирсэн. Энэ юу вэ гэвэл, төв замын түгжрэлээс зугтаж хотхоны дундуур дамжин өнгөрөх машины тоо ихсэж замын эвдрэлд нөлөөлөн улмаар оршин суугчид, тэр дундаа хүүхдүүдийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байгаа юм. Алтай хотхоны 1,3 км цементэн авто зам ачаалал ихтэй байдгаас шалтгаалан их хэмжээгээр гэмтсэн. Иймд хотхоны авто замыг хатуу хучилттай зам болгож шинэчлүүлэх хүсэлтэй байна. Мөн нарны гүүрний урдуур явган хүний гарцаар гарахад маш хэцүү. Том оврын машинууд хурд ихтэй явдаг нь гарцаар гарахад хүндрэл үүсгэдэг. Гүүрэн гарц хийдэг ч юмуу ямар нэгэн аргаар яаралтай тодорхой шийдэл олох шаардлагатай гэж харж байна. Мөн төвийн шугамаас авдаг усны хоолой 1970 онд ашиглалтад орсон учраас ундны ус хатуулаг ихтэй, бохирдолтой гардаг. Энэ бол оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд чимээгүй заналхийлж байгаа явдал. Иймд төрийн дэмжлэг, санхүүжилтээр яаралтай шийдвэрлэхгүй бол ирээдүйд учрах хамгийн том эрсдэл. Энэ бүхэн ингээд харахад ахуй тойрсон жижиг асуудал мэт санагдаж магад. Гэвч үгүй юм. Дүүргийн төлөөлөгч бол төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулдаг хамгийн анхдагч хүн учраас хороондоо амьдардаг, хорооныхоо зовлон жаргалыг мэддэг байх нь хамгийн зөв шийдэл учраас би ийнхүү зориглон нэр дэвшсэн билээ.

-Яах аргагүй л дүүргийн төлөөлөгч хүний хөндвөл зохих асуудлууд байна. Иргэд бидний санал санаачилга гэхдээ аливаа зүйлийн өөрчлөлтөд хамгаас чухал биз?

-Яг үнэн. Санаачилга, иргэдийн оролцоо хамгаас чухал. Гэхдээ мянга санаачилга гаргаад шийдвэрлэлт хойрго байвал хэцүү. Тиймээс иргэдтэйгээ хамтарч чаддаг, асуудлаа мэддэг хүнийг л бид хүсэмжилсээр ирсэн. Тухайлбал айл өрх бүр амьдарч байгаа орон сууцаа хөдөлмөрлөж, хичээн чармайж худалдан авсан байдаг. Харин үүнийгээ үнэтэй байлгах уу, үнэгүйдүүлж орхих уу гэдэг нь тэдний сонголт. Азаар манай Алтай хотхоны оршин суугчдын давуу тал нь нэгдэж нийлж, нэгнийхээ санаачилгыг дэмжиж чаддаг. Яагаад гэвэл дийлэнх нь залуу, дунд үеийн төлөөлөл учраас нийгэм цаг үетэйгээ хөл нийлүүлэн, мэдлэг мэдээлэлтэй байж бас зөв зүйл дээр нэгдэж, бурууд шүүмжлэлтэй ханддаг. Айл өрхийн олон зуун саяар, магадгүй дийлэнх нь зээлээр авсан үл хөдлөх хөрөнгө жил ирэх тусам үнэлгээ үнэ нь буурах магадлалтай байна. Үүний нэг шалтгаан нь цэцэрлэгжүүлэлт, тохижилтын ажил бага хийгдсэнийх. Уг нь бид дунд голын эрэг дээр аж төрдөг азтай иргэд. Энэ давуу талаа ашиглан, байгалиа сэргээж Дунд голыг тохижуулах, урсацыг нь сэргээж чадвал тав тух нэмэгдэн, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин сайжирч, байрны үнэлгээ ч өсөх боломж бий. Бодож явдаг зүйлсийн маань нэг бол Дунд гол дагасан Алтай хотхон дотор архигүй цэнгээний газар зориулалтаар олгосон 1,4 га газрыг нийтийн эзэмшлийн газар болгож олгосон захирамжийг хүчингүйд тооцуулж Дунд голын буюу Сэлбэ голын эрэг дагуух тохижилтын ажлыг оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй байдлыг ханган тохижуулах. Үүнийгээ ч холбогдох албан тушаалтанд нь хүсэлт болгон илгээж байсан. Мэдээж би үүнийг сонгогдох эс сонгогдохоос шалтгаалж, хотхоныхноо уриалан хийх болно. Хүн төрөлхтөн бид байгалийн бүтээгдэхүүн. Тэр ч утгаараа бид байгаль дэлхийтэйгээ зохицон, үр хүүхдүүддээ зөв үлгэрлэлийг үзүүлэх ёстой. Мөн хотхоныхоо  ахмадуудад зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх клуб нээн, тэднийг дэмжиж ажилламаар байна. Хороо, өрхийн эмнэлэг, цагдаа  зэргийг хотхондоо төвлөрүүлж, төрийн үйлчилгээг цогцоор нь төвлөрүүлнэ гэж боддог. Дээр хэлсэнчлэн Алтай хотхон залуусын хотхон. Тиймээс залуучуудыг дэмжих цаг ирсэн.  Жижиг дунд бизнесүүдийг дэмжих, аж ахуй нэгжүүдийг ард иргэдтэй холбох, зөв зүйтэй санал санаачлагыг гаргаж ажилламаар байна. Сууц өмчлөгчдийн холбоог иргэдийн хүсэлд нийцүүлсэн, ээлтэй өгөөжтэй байлгая. Миний хувьд  маркетинг менежментийн мэргэжилтэй хүн учраас олон нийтийн үйл ажиллагааг удаа дараа удирдан зохион байгуулж байсан туршлага дээрээ үндэслэн энэ бүхнийг хийж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Зөвхөн төрөөс ямар нэг ажил хийж хэрэгжүүлэхийг хүлээгээд суулгүйгээр хорооны ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна. Энэ тал дээр л ёстой жинхэнэ иргэдийн хурлын төлөөлөгчийн мэдлэг, ур чадварыг гаргах ёстой гэж боддог.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Гэрээ засаад, төрөө зас гэдэг. Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн үнэт зүйл. Би гурван хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлийн өрхийн тэргүүн. Байнга завгүй ажилладаг миний амьдралын хэв маягийн ард хайртай гэргий минь найдвартай зогсдог учраас би түүндээ маш их баярладаг гэдгээ энэ дашрамд хэлмээр байна. Гэр бүлийн хүнийг маань Бат-Эрдэнийн Лхагвасүрэн гэдэг. Завхан аймгийн анхны хурандаа Бат-Эрдэнэ гэж хүний дунд охин. Бид хоёр 10 жилийн нэг сургуулийг дүүргэсэн. “Хобби” дунд сургуулийн англи хэлний багш, аливаад буурь суурьтай ухаалаг ханддаг, их сайхан эмэгтэй бий. Эхнэр бид хоёр оюутан байхаасаа хамтдаа амьдарч, байр хөлсөлдөг байсан. Хамгийн анх “Алтай” хотхондоо байр худалдан авч, гал голомтоо үүсгэн, 3 хүүхэд маань энэ л хотхонд төрсөн болохоор амьдарч байгаа газартаа хайртай байдаг.

-Хүүхдүүдийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

-Мэдээж ирээдүйг нь сайхнаар төсөөлдөг. Гэхдээ хэн нэгэн алдар суутан болоосой гэхээс илүү зөв хүн болоосой гэж хүсдэг. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, ямар ч ажлыг чадварлаг хийдэг түүнийгээ төгс эзэмшээсэй гэж бас боддог. Тэр хөрсийг нь бүтээхийн тулд өнөөдрийн би хөдөлмөрлөж хичээж байгаа юм.

-Баярлаж, гунихын тухайд?

-Миний хувьд бодсон ажлаа санасан хэмжээндээ хүртэл хийчихээд баярладаг.  Харин баргийн зүйлээс шантраад байдаггүй. Мэдээж ямар нэг урам хугарах зүйлтэй тулгарвал өөрийн аз жаргал болсон гэр бүлээ хараад дорхноо тайвширчихдаг. Ялангуяа улс төрч хүн зөвхөн оюуны гэлтгүй бие бялдар, сэтгэл санаа, тэсвэр тэвчээрийн хувьд сорилт даах чадвартай байх хэрэгтэй. Харилцаа хандлага, сэтгэлгээний хувьд ч хоцрогдолгүй байж, нийгэм цаг үетэйгээ зохицож алхдаг байвал сайн. “Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэж сайхан үг бий. Тиймээс бусдын төлөө, гэгээлэг нийгмийн төлөө өөрийн чадах мэдэх бүхнээ хийж, зориулж чадах бүхнээ бүтээхийг хичээдэг дээ. 

-Улс төрчдийн ёс зүй шүүмжлэлд их өртдөг. Тиймээс ч сонгогчид нэр дэвшигчийнхээ суурь хүмүүжлийг чухалчилж сонголт хийдэг бичигдээгүй хууль байна. Та багадаа ямар хүүхэд байв?

-Би жаахан байхаасаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Дунд сургуульдаа ангийн дарга, сурагчдын зөвлөлийн дарга, цаашлаад их сургуульд ороод ч сургуулийнхаа оюутны холбооны тэргүүн нь байсан. Ажлын талбарт гараад ч удирдах албан тушаал хашиж, хамт олныхоо итгэлийг хүлээж явна. Үүгээрээ юуг хэлэх гээд байна вэ гэхээр багаасаа л удирдагч байж, хамт олноо манлайлагч нь байсан. Тийм болохоор өөрийгөө аливаа ажлын ард нугарахгүйгээр гарч, ард иргэдээ төлөөлж чадна гэдэгт итгэлтэй байна. Дээрээс нь би хөдөө нутагт төрж, аав  ээж, ахмад настныхаа үгийг сонсож, Монгол өв уламжлалаа харж өссөн. Өвөг эцэг минь Халх голын дайнд оролцож явсан болоод ч тэр үү эх орноо гэсэн сэтгэл, хүнийг хүндлэх ухаан надад бий.

-Таны хувьд улс төрд орох шалтгаанаа тайлбарлалаа. Харин чухам яагаад  Монгол Ардын намыг сонгох болов?

- Монгол Ардын нам бол улс төрийн ууган хүчин. Удахгүй 100 жилийн ой нь тохионо. Дэг журам, сахилга батыг эрхэмлэсэн энэ намын өнгө төрх, зоримог шийдлүүдийг олон жилийн өмнөөс дэмжсээр ирсэн жирийн нэгэн гишүүн нь. Надад итгэл хүлээлгэн, өрсөлдөх боломж олгосонд баяртай байна. Залуусаа дэмждэг, хариуцлагатай намын хийж хэрэгжүүлсэн ажлыг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монгол Ардын нам УИХ-д олонхи болж, эрх барих дээд байгууллагад төлөөллөө бүрдүүлсэн ч дүүрэг дээр сөрөг хүчин ялалт байгуулсан. Энэ нь тодорхой хэмжээнд улс төржилт бий болгон, хорооноос ирсэн иргэдийн санал санаачилга дэмжлэг авалгүй дүүрэг дээрээ няцаагддаг, дүүргээс ирсэн санал нийслэл дээрээ няцаагдах зэргээр явсан. Энэ ч утгаараа дүүрэгт дорвитой ажил, чанартай бүтээн байгуулалт хийгдсэнгүй өнөөдрийг хүрлээ. Харин одоо иргэд маань ухаалаг сонголт хийж, сонгосон төлөөллөө ажил хийх боломжоор хангах хариуцлагатай цаг ирсэн шүү гэж хэлмээр, уриалмаар байна.

-Хэрэв та сонгуульд ялалт байгуулвал ажлаа юунаас эхлэх вэ?

- Иргэдийн хуримтлал буюу сууц өмчлөгчдийн хуримтлуулж буй мөнгө төдийхнөөр энэ том хотхон, хорооны асуудлыг шийдвэрлэнэ гэхэд хүндрэлтэй. Дээр дурдсан ажлуудаа хийхийн тулд улсаас төсөв хөрөнгө гаргуулан, түүнд нь хяналт тавьж, шахаж шаардаж ажиллана. Хотхоныхоо иргэдийг амгалан тайван, аз жаргалтай байлгахын тулд улс төрд орж байна гэсэн үг. БГД-ийн Монгол Ардын нам бол нэр дэвшиж байгаа залуучуудаа маш ихээр дэмжиж байгаа. Ялангуяа хэлэх үг, хийх ажилтай, аливааг бүтээх чин эрмэлзэлтэй, шударга сайн залуусыг сонгож дэвшүүлж байгаа нь сайшаалтай. Хийж хэрэгжүүлэх ажлууд их байна. Элдэв дайралт няцаалтууд намайг чиглэн ирсэн ч түүнийг сөрөн гарч, зорьсон сэдсэн бүхнийхээ төлөө зүтгэх чин шаргуу сэтгэл надад бий.

                                 -Танд амжилт хүсье, цаг зав гарган ярилцсанд баярлалаа.       

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..