© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Дэлхийд

Covid-19: ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин халдвар авчээ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин шинэ коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр энэ тухайгаа Ерөнхийлөгч Владимир Путинтэй цахимаар холбогдох үедээ мэдэгдсэн байна. Одоогоор Михаил Мишустин өөрийгөө тусгаарлажээ.

Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг хурдан эдгэхийг хүсээд, Засгийн газрын ажлыг нэгдүгээр шадар сайд Андрей Белоусов түр орлон гүйцэтгэх тушаал буулгав.

ОХУ-ын төр засгийн тэргүүн нарын дунд Михаил Мишустин коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол биш. Өнгөрсөн Бямба гаригт төрийн ДУМ дахь КПРФ намын төлөөлөгч Дмитрий Новиков, Леонид Калашников нар мөн адил халдвартай болох нь тогтоогдсон юм.

Калашниковын хувьд өндөр халуунтай байгаа бол Новиков одоогоор халуунгүй байна. Тэд эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд жолооч нараасаа коронавирусийн халдвар авсан хэмээн мэдүүлжээ.

Интерфакс агентлагийн мэдээлж буйгаар, Төрийн ДУМ-ын дөрвөн жолооч коронавирусийн халдвартай болох нь тогтоогдож, эмнэлэгт эмчлүүлж байна.

Гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын дунд үед Төрийн ДУМ-ийн бүхий л ажилтан, албан тушаалтнуудад коронавирусийн шинжилгээ хийхэд, ганц ч тохиолдол илрээгүй аж. Харин дөрөвдүгээр сарын эхээр Нийслэлийн ДУМ-д коронавирусийн халдвар илэрч, хэд хэдэн албан тушаалтнууд вирусийн халдвар авсан болох нь тогтоогдож, улмаар дөрөвдүгээр сарын 18-нд 63 настай нийслэл Москва хотын ДУМ-ын гишүүн Иван Жуков covid-19-ийн улмаас нас баржээ.

Харин гуравдугаар сарын сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгийн газарт хоёр тохиолдол илэрсэн. Тухайн үед Ерөнхийлөгчин хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ Путинтэй уулзахын өмнө коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай тавьж, түүнээс зай барихыг анхааруулсан билээ.

ОХУ-д 24 цагийн хугацаанд 7099 шинэ тохиолдол бүртгэгдэж, 101 хүн нэмж нас баржээ. Тус улсад Covid-19-ийн нийт тохиолдол 106 мянга 498-д хүрч, 1073 хүн хорвоог орхиж, 11 мянга 619 хүн эдгэжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..