© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 25, Пүрэв
Улаанбаатар °C
Эрүүл мэнд

А.Амбасэлмаа: Халдвар авсан нь батлагдсан гэр бүлийн хоёр хүний хавьтал бүхий 49 хүнийг тогтоон тусгаарласан

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Өчигдрийн тохиолдлын хувьд олон хүнтэй уулзсан учраас хавьтлуудыг алдсан гэх ойлголт иргэдийн дунд байна. Тийм ч учраас УОК хуралдсан гэцгээж байгаа юм. Үүнд тайлбар хэлж өгнө үү?

Д.Нарангэрэл: -Тийм зүйл байхгүй. Монгол Улсад COVID-19 бүртгэгдсэн ихэнх тохиолдол УОК хуралддаг бөгөөд өчигдөр Улсын онцгой комиссын 17 дахь хуралдаан болсон.

-Сүүлийн хоёр тохиолдлын хувьд машинд хамт сууж явсан гэр бүлийн хүн гэлээ. Яагаад гэр бүлийн хүн нь хамт явсан юм бол. Гэр бүлийн хүн нь ирээд өөр хүнтэй уулзсан болов уу?

А.Амбасэлмаа: -Коронавируст халдварын 34, 35 дахь тохиолдол нь ОХУ-аас ачаа тээврийн жолооч нарын дундаас гарсан. Бид гуравдугаар сарын 10-наас эхлэн ачаа тээврийн машины жолооч нарыг тосож аван, гурван газарт барааг нь буулгаж байгаа.

Тухайн үед нь ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг ажиллаж, сэжигтэй зүйл илрээгүй бол тэр хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлаж байна.

Тухайн өдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор нийт 32 ачаа, тээврийн машин хилээр орж ирсэн. Үүнээс 21 жолооч нь орос иргэн учраас ачаагаа буулгаад шууд буцсан. Үлдсэн 11 монгол жолоочийн хоёр нь үлдэж, ес нь буцаад явсан.

Үлдсэн гээд байгаа хоёр жолооч нь л нэг гэр бүлийн хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, 35 дахь тохиолдол болох гэр бүлийн хүн нь ч бас жолооч.

Одоогоор хилээр буцаж гарсан есөн жолоочийн дөрөв нь ирснийг Сэлэнгэ аймагт тусгаарласан. Мөн энэ тохиолдлын хавьтал болох 49 хүнийг тогтоогоод Сэлэнгэ, Дархан-Уул, Замын-Үүд зэрэг аймагт тусгаарласан байна.

Сэлэнгэд тусгаарлагдсан 12 хүний сорьц үүрээр ирсэн. Одоогоор шинжилгээ хийгдэж байна. Харин Замын-Үүдэд тусгаарлагдсан хүмүүсийн сорьц одоо ирж байгаа. Улаанбаатар хотод тусгаарлах байранд аваачсан 24 хүний шинжилгээ сөрөг гарсан.

Энэ батлагдсан тохиолдол нь өөрөө ОХУ-аар дамжин хоёрдугаар сарын 21-нд Унгар хүртэл яваад буцаж ирсэн.

Бид нийт жолооч нар хилийн цаана ачаа авах үедээ халдвар авсан байх эрсдлийг тооцож үзэхэд дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдөр халдвар авсан байх эрсдэлтэй байна.

-Ойрын хавьтал гэж тусгаарласан хүмүүсийн талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: -Бид ачаа тээврийн жолооч нарыг ирэхэд нь тусгаарлаж, 2-3 хоногийн зайтай шинжилгээ хийж байгаа. Мөн тэдгээр машинуудыг хилээр орж ирэхэд ард, урд нь цагдаагийн машин замд нь буулгахгүйгээр дагаж буй.

Ойрын хавьтал болоод тусгаарласан гээд байгаа хүмүүс бол ихэвчлэн жолооч нарыг хилээр орж ирэхэд нь хяналт тавьсан хилийн байцаагч, гаалийн ажилтнууд болон ачаа буулгасан хүмүүс юм.

Гэхдээ тэд бүгдээрээ хамгаалах хувцас, хэрэгсэлтэйгээр ажилласан учраас эрсдэл харьцангуй бага.

Түүнээс гадна ер нь ачаа тээврийн жолооч нар их олон сараар явдаг учраас гэр бүлийн хүмүүс нь уулзахыг боддог. Энэ нь халдвар тараах эрсдэл болох учраас иргэд энэ тал дээр анхааралтай байх хэрэгтэй.

Халдвар хаанаас ч орж ирж, хэнд ч халдахад бэлэн байгаа учир мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хүсье.

- Хилээр орж ирж байгаа жолооч нарыг тусгаарлаж, эрсдэл бага гэж үзэж байгаа юм бол яагаад хөдөлгөөн хаах шийдвэр гаргасан юм бол?

А.Амбасэлмаа: -Тэднийг хилээр орж ирэхэд нь ариутгал, халдваргүйтгэлийг хийж байгаа. Тийм ч учраас бид халдварыг хил хязгаар дотроо илрүүлэн, тогтоон барьж байна.

Харин энэ ачаа тээврийн машины хувьд, машин нь эвдэрсэн зэргээр хөдөлгөөн их байна. Ачаа тээврийн жолооч нараас халдвар гарсан учраас УОК ийм шийдвэр гаргасан.

Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Бусад улс орны жишээнээс харахад эдгэрээд эмнэлгээс гарсан хүнээс дахин вирус илэрч буй. Ер нь эдгэрсэн хүмүүс халдвар тээгч болоод байна уу эсвэл дахин халдвар аваад байна уу?

Д.Нарангэрэл: - БНХАУ-д Ухань хотод эдгэрээд эмнэлгээс гарсан 115 хүнээс 26 хүнд нь буюу 13 хувьд коронавирус дахин илэрсэн жишээ бий. Өвчтөнийг эдгэрээд гарснаас хойш 14-37 дахь хоногт вирус дахин илэрсэн байна.

Тиймээс эдгэрсэн хүмүүс нян тээгч болж байна уу эсвэл дахин халдвар аваад байна уу гэдгийг эрдэмтэд судалж байна. Одоогоор тогтоогдоогүй.

Мөн Европын зарим оронд энэ цар тахлын эрч харьцангуй буурч байгаа. Үүнтэй холбоотойгоор хөл хориог цуцлах арга хэмжээг зарим улс авч буй. Гэхдээ дэс дараа, үе шаттайгаар авч байгааг анхаарах хэрэгтэй.

Хөл хориог гэнэт цуцлах нь буцаж тархаах эрсдэл бий болгож байгааг Сингапур, Индонез улсын жишээ харуулж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..