© Dandaa.mn. 2011-2024
3-р сарын 29, Баасан
Улаанбаатар °C
Нийгэм

Монгол дело - II

МОНГОЛ "ДЕЛО" (2)
БААБАР (зөвшөөрснөөр)

Үргэлжлэлтэй. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

Герман жолооч Ритагийн дело (хэрэг) 1931, 1937. Европоос Хятадын Линшид шуудан хүргэх ёстой байсан Юнкэрс (Junkers W33) маркийн нэг моторт онгоцыг Буйр нуурын дээгүүр нисэж явахад нь Гомбо хэмээгч буудан унагажээ. Онгоцыг багийн ахлагч 25 настай Ёханнэс Ратье, холбоочин Отто Колбэр нар жолоодож явсан. Хоёулаа “EURASIA” шуудангийн компанийн ажилтан. 1931 оны 8-р сарын 1-нд тэднийг баривчлан 2 хоногийн дараа “Герман жолооч Ритагийн хэрэг” хэмээх цэргийн зөвлөлийн дээд шүүхийн хурал болсон юм. Нэрийг монголчууд сунжруулан дуудсан нь “Рита” болжээ. Ажилчин гаралтай Колбэрд ямар нэгэн хэрэг тулгасангүй. Ратьегийн эцэг санваартан байсан тул түүнд буудан алах ял оноожээ. Гэвч хэсэг хугацааны дараа Зөвлөлтийн байнгын төлөөлөгчийн оролцоотойгоор хоёр германыг суллан нутаг буцаав. Шуудангийн онгоц буудаж унагасан М.Гомбыг өндрөөр үнэлж ачааны машинаар шагнасан боловч 1937 онд Японы тагнуул гэж цаазаар авсан. Герман жолооч Ритагийн хэргийг шүүсэн прокурор Ядамсүрэнг мөн 1937 онд Японы тагнуул гээд буудан алсан. Юнкэрс онгоцыг Монголын удирдлага хориод жилийн турш хэрэглэсэн.

Арми, төрийн аппаратын дело (хэрэг) 1937. Их хядлагын хүрээнд Монголын цэрэг арми, төрийн аппаратыг цэвэрлэн устгахаар шийджээ. Намын төв хороо, Засгийн газрын дээд удирдлагаас 25 хүн, армийн дээд удирдлагаас 187 хүн түүний дотор тухайн үеийн цэргийн цол хэргэмээр нь хэлвэл дивизийн дарга 16, комиссар 10, штабын дарга 6, хорооны дарга 26, хорооны комиссар 10, хорооны штабын дарга 8, корпусын дарга 2, корпусын комиссар 2, корпусын штабын дарга 1, бригадын дарга 4, бригадын комиссар 1 тус бүр баривчлагдан буудуулжээ. МАХН-ын IX их хурлаас Төв хорооны гишүүнээр сонгогдсон 51 хүнээс 36 нь, Намын хянан шалгах комиссын 7 хүний 4 нь, Намын шалган байцаах комиссын 5 гишүүний 4 нь хороогдсон. Төв хорооны тэргүүлэгч 11 хүнээс Чойбалсан ганцаараа амьд үлдэв.

Амь хэлтрүүлэх дело (хэрэг) 1938. Нам, төр, армийн ажилтан албан хаагч хэрэв өөрийгөө илчилбэл амийг нь өршөөнө гэсэн 221 тоот тушаал гарсан тул амь хэлтрэнэ гэсэн найдлагаар мянга гаруй хүн өөрийгөө Японы тагнуул, хувьсгалын эсэргүү болохоо илэрхийлжээ. Өөрийгөө илчлэгчид бүлэг хэрэгт оролцож явснаа хүлээх үүрэгтэй, элсэгдсэн бүлэг хэмээн баахан хүн нэмж тоочно. Хамгийн олон хамсаатнаа илчилснийг нь өршөөнө хэмээн амлаж дело-гийн цар хүрээг хурдтай өргөсгөж байлаа. Тэднээс эхний хэдийг нь үзүүлэн болгон хорих ялаар шийтгэсэн ба үлдсэн дийлэнхийг нь буудан хороов.

Лам нарын дело (хэрэг.) 1937-38. Шашныг бүр мөсөн устгах зорилгоор сүм хийд болон лам хувраг нарыг тэр чигээр нь “дело” болгов. Онц бүрэн эрхт төлөөлөгч Голубчик 1938 оны 8-р сад Москва руу бичсэн тайландаа “Толгой лам нарыг бүгдийг нь устгалаа. 771 сүм хийдээс 7-р сарын 20-ны байдлаар 615-ыг үнсэн товорго болголоо…” 1937-38 онд бүрэн бус мэдээгээр 16 мянга 631 ламын цаазлан хороожээ. Энэ нь шүүхээс шийдвэрлэж протоколд тэмдэглэгдсэн нэрс. Бодит байдалд үүнээс хавьгүй олон байх ёстой, учир нь шүүхээс гадуур маш олон лам хувраг үхсэн.

Буриад, хасаг, өвөр монголчуудын дело (хэрэг) 1937-38. Халхыг тойрсон монгол үндэстний нэгдэл үүсэхээс болгоомжлон, ялангуяа ХХ зууны эхээр төв Монгол руу идэвхтэй нүүдэллэсэн буриад, өвөр монголчуудаар “дело” хийлээ. Лхүмбийн дело – оос амьд үлдсэн буриад эрчүүдийг хядав. Үүний дотор жирэмсэн Навчаа, Дунгаржид нарыг буудан хороожээ. Дорнодын буриад сум Дашбалбарын 7 дугаар багийн 100 өрх байсны 72 нь эрчүүдээ алуулсан нь нэг л жишээ юм. Баруун хязгаарын хошуунд 4 мянган 300 өрхийн 21 мянган хасаг иргэд амьдарч байснаас 2 мянгыг нь баривчлан хороов. Монголд дүрвэж ирсэн өвөрлөгчдийг бас хядлаа. Сумъяа бээсийн цахаруудын 140 орчим эрчүүд байснаас 2-3 нь амьд үлджээ.

Алтан ургийнхны дело (хэрэг) 1937. Монголын сүм хийд, толгой лам нар язгуур угсаатнуудын судалгааг зөвлөлтүүд 1934 оноос нарийвчлан судлан тогтоожээ. Судалгааны дагуу анхны театрчилсан шүүх ажиллагааг 1937 оны 10-р сарын 4-7-нд Төв театрт олны өмнө зохиож 19 хамбыг буудан алав. Судалгааны дагуу Чингисийн удмын алтан ургийн бүх эрчүүдийг хүүхэд хөгшид ялгалгүй сорчлон түүж баривчлаад хөнөөв. Өнөөдөр Монгол улсад алтан ургийн шууд залгамж ганц ч хүн байхгүй. “Хэрэв чи алтан ургийнх юм бол яагаад амьд үлдсэнээ тайлбарла” гэдэг гашуун шог гарчээ.

Германы тагнуулын дело (хэрэг) 1934, 1941. Зөвлөлтөөс өөр улс оронтой харилцаа тогтоохыг хориглох зорилготой. Герман, Францад суралцаж байгаад татагдаж ирсэн оюутан асанууд 1934 оны шинэ жилийг хамтаар тэмдэглэжээ. Манж Го улс байгуулагдсаныг ёслон тэмдэглэсэн хэргээр бүгд баригдан шоронд суусан. Хожим Герман ЗХУ-д халдсан 1941 онд тэднийг Германы тагнуул хэмээн дахин баривчилж 10-25 жилийн ял өгчээ. Тэднийг Дотоод яаманд гүтгэн матсан хүн нь хожмын жүжигчин Бат-Очир.

Амарын дело (хэрэг) 1939. Чойбалсанд төрийн бүх эрхийг шилжүүлэн өгөх зорилготой. Сталины найдлагыг Гэндэн хэрэгжүүлээгүй учир дараагийн Ерөнхий сайд Амарт Монголын 100 мянган ламыг устгах даалгавар өгөхөд татгалзжээ. Иймээс түүнийг 1939 оны 3-р сарын 9-нд гэнэт баривчлан феодал учир гэсэн ял тулгаж шүүхээр оруулан яллаад шүүх танхимаас шууд баривчлан Москвад хүргэж өгөв. Амарыг 1940 оны 7-р сарын 11-нд Монгол наадмыг тохиолдуулан Зөвлөлтийн тройкагаар оруулан цаазын ял өгчээ. Хаана хороосон нь мэдэгддэггүй, одоо болтол шарил нь олдоогүй. Зарим батлагдаагүй яриагаар түүнийг нисэх онгоцноос түлхэн унагаж алсан гэх нь бий. Амарыг яллах ажиллагаанд голлон оролцогчид нь Чойбалсан, Лувсаншарав, Монголд суух бүрэн эрхт төлөөлөгч Иванов, Москва дахь НКВД-ын байцаагч Васильев, Морозов гэх мэт

Тусгай комиссын дело (хэрэг) 1939-1955. Хувьсгалт үйл хэргээс гадуур хэн ч байж болохгүй гэдгийг нийтэд ойлгуулах зорилготой. 1930 оны 2-р сарын 1-нд Дотоодыг хамгаалах газрын дэргэд гурван хүний бүрэлдэхүүнтэй шүүн таслах бүрэн эрхтэй тройка хэмээхийг анх байгуулжээ. Тройка нь томилогдсон гурван хүн өөрийн үзэмжээр улс төрийн сэжигтэн гэгдсэн хүмүүсийг шүүж эцсийн ял шийтгэлийг онооно. Анхны тройкаг ДХГ-ын дарга Намсрай, Шүүх яамны сайд Дэндэв, мөн Чойбалсан бүрдүүлж байв. Тусгай комисс 1955 оны 3-р сарын 23 хүртэл 25 жил ажиллахдаа 184 удаагийн хурлаар улс төрийн хэрэгт 5 мянга 728 хүнийг татаж 385 хүнд цаазын ял оноожээ..

Онцгой комиссын дело (хэрэг) 1937-39. Хядлагыг өргөжүүлэх зорилготой. Нийтийг хамарсан хядлага зохион үйлдэх тусгай хэсэг байгуулав. 1937 онд Сталин Монголд шинэ тройка байгуулахыг тушаагаад бүрэлдэхүүнийг нь нэр заав. Ингэж Тусгай комиссоос тусдаа Онцгой комисс гэдгийг 1937 оны 10-р сарын 2-нд байгуулсагдсан ба өөрийн үзэмжээр шүүн таслах эл комиссыг Чойбалсан толгойлж Намын төв хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Шүүх яамны сайд Цэрэндорж гурвуулаа суун мөрдөн байцаах, шүүн таслах эрхийг зэрэг эдлэн газар дээр нь ял өгөх эрхээр хангагдав. Онцгой комисс 1939 оны 4-р сарын 22-нд татан буугдах хүртлээ 51 удаа хуралдаж 25 мянга 785 улстөрийн хэрэгтнийг авч хэлэлцээд 20 мянга 99 хүнийг цаазаар авчээ. Хожим олдсон Чойбалсангийн хувийн тэмдэглэлд “27 оноос 29 оны 11-р сар (1932-1939) хүртлэх хугацаанд баривчлагдсан хүмүүс 56 мянга 938. Үүний дотор бүх буудагдсан хүн 20 396. Жич, эдгээр баривчлагсадын дотроос 17 мянга 335 нь лам нар болно” гэжээ.

Лувсаншарав, Лосол, Дэмидийн дело (хэрэг) 1939. Монголын нам төрийн удирдлагын сүүлчийн үлдэгдэл болох Улсын бага хурлын дарга Догсом, Намын төв хорооны сүүлчийн нарийн бичгийн дарга Лувсаншарав, Сангийн сайд Довчин, Сайд Лосол нарыг баривчлан Москвад тушаалаа. Догсом, Лосол нар нь 1921 онд Зөвлөлт Оросоос тусламж гуйж очсон “анхны долоо” гэж нэрлэгсэдийн сүүлчийнх нь юм. Бүгдийг нь 1940-41 онд Москвад буудан хороосон.

ЗХУ-д шилжүүлэн өгөгсөдийн дело (хэрэг) 1928-1940. Нийтдээ бүрэн бус мэдээгээр Монгол улсын иргэн 12 мянга орчим хүнийг улс төрийн хэрэгтэн хэмээн зарлаад Зөвлөлт улсад шилжүүлэн өгчээ. Нэлээдийг нь Зөвлөлтийн шүүхээр оруулан цаазалсан. Гэвч ихэнх нь ГУЛАГ-т хоригдож тэндээ үхсэн. Зөвлөлтийн талаас “ажлын пян даахгүй хөгшин лам, хар хүн явуулж байгаад” гомдоллож залуу хоригдол явуулахыг шаардсан бичиг баримт үлдсэн. Эх орны дайнд хоригдол олон монгол хүн торгуулын ангид байлдаж явжээ. 1957 оноос хойно амьд үлдсэн цөөн монголчууд эх орондоо эргэж ирсэн.

Дотоод яамныхны дело (хэрэг) 1939. Чойбалсан ид хядлагын үеэр 5 сар Москвад байж байгаад 1939 оны 1-р сард Улаанбаатарт эргэж ирэв. Эзгүй хойгуур нь Дотоод яамныхан ангийн дайсан устгахдаа хэтрүүлж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн байна гээд Дотоод яамны гүйцэтгэгч мөрдөгч харуул хуяг нарыг хамруулсан өргөн баривчлага явуулав. Дотоод яамны дэд сайд Насантогтох тэргүүтэй олон хүн баривчлагдан буудуулсан. Нэр тоо нь одоо болтол бүрэн олддоггүй. Энэ цээрлүүлэлтийн гол зорилго нь 1937-38 оны их хядлагын гэрч нарыг устгахад оршиж байв.

Халх голын тулалдааны дело (хэрэг). 1939. Халх голын тулалдааны үеэр Монголын талаас нийт 238 хүн нас барсан гэсэн бүртгэлтэй боловч тэдний дотор Японы тагнуул, хорлон сүйтгэгч, урвагч нэрээр цаазаар авахуулсан цөөнгүй хүн энэ тоонд багтсан. Яг тулалдаанд хэдэн хүн нас барсан нь мэдэгддэггүй. Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоц Хамар даваанд морьтой жагсаж явсан Монголын ардын журамт цэргийг Баргын морин хороотой эндүүрэн бөмбөгдөж, зугтаасныг нь дээрээс пулемётоор шүршин олон байлдагчийг хөнөөсөн аж. Гэвч энэ эндүүрлийг цагаатгахын тулд Халх голын тулалдаан дахь Монгол талыг удирдаж байсан корпус хамаандлагч Лувсандоной, жанжин штабын дарга Цэрэн нарыг Японы онгоцыг дуудан авчирч өөрийн цэргийг бөмбөгдүүлсэн гэж гүтгээд Москвад аваачин буудан хороов. Үүнээс үүдэн Халх голд байлдаж байсан олон цэрэг даргыг Японы тагнуул хэмээн хядсан ба яс тоо нь олдохгүй ч нийт үрэгдэгсэдийн гуравны нэг нь гэсэн дам мэдээ байдаг.

22-р морьт хорооны дело (хэрэг) 1939. СССР, Япон хоёр Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд байсан 9-р сарын 12-нд Японы тал гэнэт довтлон “дүрмээс гадуур” үйлдэл хийн Нөмрөг уулыг эзлэн авчээ. Байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоо гэсэн тушаал авсан 22-р морьт хороо тушаалыг даган биелүүлсэн тул тэднийг одоо болтол буруутган уравсан, айсан, ухарсан гэх мэтээр дайрч давшилдаг. Хорооны цэргүүдэд улстөрийн хэрэг үүсгэн даргыг нь буудан хөнөөсөн.

Үргэлжлэл. Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.

2020.3.15

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..