© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 12, Бямба
Улаанбаатар °C
Нийслэл

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд таван бүлэг, 26 зорилтын хүрээнд 477 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Тодруулбал,

“Эдийн засгийн өсөлт өрх бүрд” бүлгийн зургаан зорилтын хүрээнд 61,
“Хот байгуулалт, дэд бүтэц” бүлгийн таван зорилтын хүрээнд 114,
“Байгаль орчин, ногоон хөгжил” бүлгийн гурван зорилтын хүрээнд 71,
“Нийгмийн хөгжил” бүлгийн найман зорилтын хүрээнд 157,
“Засаглал” бүлгийн дөрвөн зорилтын хүрээнд 74 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Хотын захирагч С.Амарсайхан үндсэн төслийг өргөн барихдаа таван зүйлд онцгойлон анхаарсан гэдгээ онцолсон. Тухайлбал, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, ингэхдээ гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, шинэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх, эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаа, орчны тохижилтыг сайжруулахаар төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг хийхдээ төсвийн ачааллыг бууруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, Улаанбаатарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ хотын эрх зүйн чадамжийг сайжруулах чиглэлд анхаарч, 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, эдийн засгийн чадавхийг сайжруулахдаа нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлж, газар зохион байгуулалтыг сайжруулахаар төлөвлөсөн байна.

Улаанбаатар хотын оршин суугчдын хурдацтай өсөлт, түүнээс улбаатай агаар орчны бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, авто замын ачаалал зэрэг Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бүхий л асуудлыг шийдэж, дэд бүтцийн хангамжийг сайжруулан, нийтийн тээвэрт тусгай замын автобус нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн барилгажуулах төслүүдийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлуудыг үргэлжлүүлэн 2020 онд 3663 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Мөн цахилгааны “Их тойруу 110” сүлжээг ашиглалтад оруулж, Нисэх, Яармаг орчмыг дахин төлөвлөж, барилгажуулах нөхцөлийг бүрдүүлэх аж. Авто замын дэд бүтцийг сайжруулах хүрээнд энэ онд барилгын ажлыг нь эхлүүлсэн зам гүүрийн бүтээн байгуулалтыг дуусгаж, төмөр зам доогуур гурван нүхэн гарц барихаар төлөвлөжээ. Нийтийн тээврийн салбарын стратегийн үндсэн баримт бичгийг боловсруулж, байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттай хийхээр үндсэн чиглэлд тусгажээ. Нийгмийн хөгжлийн чиглэлээр 2020 онд нийтдээ 48 сургууль, 37 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, жишиг ариун цэврийн байгууламж барьж, сурагчдыг тээвэрлэх автобусны тоог олшруулахаар төсөлд тусгасан байна. Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг сайжруулах хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 50 автомашин олгохоор тусгасан талаар холбогдох албаны төлөөллүүд хуралдаанд нэмж мэдээлсэн юм.

НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор холбогдох албаны дарга нараас тодруулга мэдээлэл авч, саналаа хэллээ. Энэ үеэр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг түргэвчлэх, хөрөнгө оруулалтын ажлыг эрт эхлүүлэхэд анхаарч ажиллах саналыг онцлон хэлж байв. НИТХ-ын дарга Р.Дагва “Хэлэлцэж буй асуудлыг бид цаашид олон удаагийн хурлаар хэлэлцэнэ. Албан хаагчид тодруулга мэдээлэлд оновчтой хариулж, мэдээлэл өгөх хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал төсвөөр хангахаар бид зорилт тавин ажиллаж байгаа. 2020 оны үндсэн чиглэлд тусгасан ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр хаана байгаа юм бэ. Тиймээс хийх ажлууд тодорхой байх ёстой. Зорилгоо зөв тодорхойлсон байх шаардлагатай” гэлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..