© Dandaa.mn. 2011-2024
10-р сарын 12, Бямба
Улаанбаатар °C
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/ болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцохоор ирсэн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд төлөөлөгчдийн хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн цохон тэмдэглэв.

Мөн ОУПХ-ны Ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархаад, бүсийн хоёрдугаар чуулганыг Монгол Улсын Их Хуралтай хамтран зохион байгуулж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулж буй өндөр хувь нэмэр гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн ОУПХ-ны тэргүүлэх зорилгуудын нэг нь Улсын Их Хуралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ингэснээр иргэдэд ашигтай хууль батлах, энэ замаар ардчиллыг бэхжүүлэхэд чиглэдэг зэргээр ОУПХ-ны үйл ажиллагааг танилцуулж, ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ардчилалд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улсын хөгжлийн замд сайн, муу зүйлс олон тохиолдсон ч ардчиллын баянбүрд хэвээр гэдгийг цохон тэмдэглээд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..