© Dandaa.mn. 2011-2024
4-р сарын 26, Баасан
Улаанбаатар °C
Дэлхийд

С.Мөнхбат: Аварга хүний цол, нэр хүндэд олны зүтгэл, соёлын үнэт зүйл шингэсэн байдаг юм

Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор арав даван түрүүлсэн бөхийн “Увс нуур” галын бөх, Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай хөөрөлдсөнөө уншигч олноо толилуулж байна.
-Сайхан хаваржиж байна уу, аварга аа?
-Сайхаан, сайхан хаваржиж байна уу. 
-Аваргаар ойрын үед сонин хачин арвинтай л биз дээ?
-Арвин даа. Бөхийн “Увс нуур” галынхаа 20 жилийн ойг манайхан Монгол бөхийн баяр болгон тэмдэглэж байна. Түрүүчээсээ шат дараалсан олон ажлуудыг явуулж эхлээд байгаа. Манай галаас энэ сарын 26-нд Монгол бөхийн хөгжил, онцлогийн талаарх эрдэм шинжилгээний бага хурал зохион явуулах гэж байна. Мөн 27-29-нд олимп, дэлхийн медальт алдартнуудынхаа нэрэмжит чөлөөт, жүдо, самбо бөхийн тэмцээнийг зохион явуулна. Ойдоо зориулсан ном гаргах, баримтат кино бүтээх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах зэрэг олон ажлыг зохион байгуулна. Бас сонирхуулж хэлэхэд зохиолч, яруу найрагч, бөхийн хорхойтон, залуусынхаа дунд “Монгол бөх-Монголын бахархал” хэмээх бөхийн тухай шүлгийн уралдаан зарлаад байгаа.

-Ойн олон ажил чих дэлсээд байгаа нь сайхан хэрэг. Та бидний төрж өссөн Хан Хөхүй нутагт маань энэ өвөл зүтгүүхэн болох шиг боллоо. Ойрд сураг чимээ сонсов уу?
-Ихэнх нутгуудаар малын бэлчээр алагласан байна лээ. Өмнөх жил гандуу, өвсний гарц муу байсан болохоороо тэр хэрээрээ хүнд өвөл болсон. Гэхдээ урин цагтай гарз хохирол багатай золгочихлоо. Танай Өндөрхангайн адуу мал өвлийн отор хийж ирсэн байна лээ. “Хаяа багтвал бууна, хамар гарвал иднэ” гэгчээр хамтдаа өвлийг давцгаасан нь сайхан.
-Энэ ярианаас үүдээс төрж өссөн нутаг, аав ижийн тань талаар яриагаа эхэлье?
-Би Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг Хар Цагаан ус гэдэг бултын диваажин болсон нутагт төрж өссөн.
-Олимп, дэлхийн хос медальт, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бас л Хар Цагаан усанд төрсөн. Та хоёр нэг довны хүүхдүүд шүү дээ?
-Х.Цагаанбаатар бид хоёрын төрсөн өлзийт нутаг. Хар Цагаан усны хонхор бол Увсын зүүн сумд, Завханы сумдын өвс тэжээлийн нөөцийг бэлддэг газар. Хүн, амьтныг үргэлжид умдаалж тэжээсэн буян хишигтэй юм. Айхавтар гантай жил эргэн тойрны нутгийнхан Хар Цагаан уснаас л хадлан тэжээлээ авна. Миний бага нас хадлан тэжээл авах, тариа будаа хураах талбар дээр л өнгөрсөн. Тэр хавийн сумдын хадлан тэжээлийг бэлтгэн хүргэх ажлыг их хийсэн. Энэ буянтай хонхор дахь ажил хөдөлмөрийн үр шимээр бяр тэнхээ сууж, бөх болоход нөлөөлсөн юм. Хан Хөхүй хайрхан минь болоод салбар уулс нь байгалийн тогтоц, үзэсгэлэн гоо баялгаараа Монголдоо алдартай шүү дээ. Үр сад нь сайн явах ерөөлтэй. Нэг тохиолдол яримаар санагдлаа. Улсын заан Ө.Тулгаа маань нэг орой манайд халамцуухан буулаа.
-Бага байхад тань уу?
-Үгүй ээ. Улсын начин цол авчихсан байхад хотод ирсэн юм. Ө.Тулгаа заан миний төрж, өссөн нутгийг их нарийвчлан асууж байна. Учир байсан байх. Заан маань “Хар Цагаан усны ургамал ногоо чинь их өөр, өвөрмөц шимтэй. Чи зайлшгүй бөх болно” гэж байна.
Заанд маань ямар нэгэн зөн совин байж дээ?
-Тийм байх. Заан маань олон жил тээвэр хийсэн. Уртын будаанд явдаг, олон газар явж нүд тайлсан тээврийн сайн жолооч. Том бөх хүн учраас тэр нутгийг шинжин харж байжээ гэж боддог юм. Заан үргэлжлүүлээд “Энэ нутагт төрж өссөн хүн хичээвэл том амжилтад хүрнэ. Чи өгөгдөл сайтай юм. Хичээгээрэй” гэж билээ. Ер нь Баруунтурууны сангийн аж ахуй бол тал бүрээс хөдөлмөрч хүмүүс цуглаж, сүүлд байгуулагдсан сум л даа. Хүн бүр хөдөлмөрлөнө. Цуцашгүй, шантрашгүй зантай. Манай сумаас мөн л олимп, дэлхийн хос медальт, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа маань төрлөө. Улсын арслан Б.Ганбат, улсын начин Б.Эрдэнэбилэг нарын ах нар маань байна. Бүгд л хөдөлмөрийн их талбараас ургаж төрсөн гавьяатнууд. Харин нэг зүйл дээр харамсч явдаг.
-Тэр нь юу билээ?
-Хөдөө орон нутагт сурч, амьдарч байгаа хүүхдүүдийн авьяасыг нээж, амжилт бүтээлийн замд хүргэх багш, дасгалжуулагч дутмагаас олон шижир авьяастан хязгаар нутагт гандаж байна. Эртхэн хот бараадсан, өчүүхэн бололцоон дээр дөрөөлөн гарч ирсэн хүүхдүүд амжилт үзүүлж байна шүү дээ. Хөдөө буйдад уг суурь сайтай авьяаслаг хүүхэд олон бий л дээ.
-Таны хувьд энэ боломжид хүрэх үүд хаалга хэрхэн нээгдсэн юм бэ?
-Сүүлд Хар Цагаан уснаас Зүүнтурууны баг байгуулагдахад манайх нүүж ирсэн. Тэндээ бага сургуультай. Түүнийгээ төгсөөд манай Зүүнтурууныхан Баруунтурууныхаа арван жилд дэвшин суралцдаг. Зүүнхангай, Өндөрхангай, Баруунтурууныхан цугларна. Тэр дотроо манай Хар Цагаан усныхан бие томтой, арай л товирдуу, хэдэн анги дээр юм шиг харагдана шүү. Уул усанд нь онцлог байна л даа.
-Аварга маань айлын хэд дэх нь билээ?
–Таван хүүхэдтэй айлын дундах нь. Дээрээ хоёр эгчтэй, доороо гурван эрэгтэй дүүтэй.
-Дүү нараас тань таны адил бөхийн замаар явсан нь бий юү?
-Тэд маань сургууль соёл, ажлын мөр хөөцгөөсөн. Уг нь барилдах дур сонирхол бий л дээ. Надад дүү нараа соёл боловсролтой, хөдөлмөрч болоосой гэж бодсон тал бий.
-Таны эргэн тойронд бөхийн удамтай төрөл садан цөөнгүй байдаг гэж сонссон. Бөх болоход удам нөлөөлдөг нь нийтлэг байдаг даа?
-Монгол хүн бүр л барилддаг. Ямар нэгэн бөхийн улбаа эр хүн бүрээс л цухалздаг. Манай аав барилдах том суурьтай, сумандаа хэд түрүүлчихсэн сумын заан цолтон. Багаасаа л үеийн залуусаасаа онцгойрсон байдалтай барилдаж байсан хүн. Аав маань манай Х.Цагаанбаатарын аавтай хар багаасаа салдаггүй найзалж, нөхөрлөж ирсэн. Хашбаатар гуай миний аав хоёр нэг хонхорт өсч, хүмүүжицгээсэн. Хөлд орохоосоо л хөтлөлцсөн хоёр. Аав залуудаа их тэнхээтэй байсан юм билээ.
-Тийм жишээг уншигчдадаа сонирхуулах уу?
-Ард нь тракторын том аккумулятор баглаж тавьсан “Планета-3” мотоциклийг гар дээрээ өргөөд амралгүйгээр гэрийг хэд тойроод л тавьж байсан. Манайд “Найман халзан” гэдэг нэртэй маш том биетэй үнээ байсан юм. Түүний цээжийг л өдөрт хэд хэдэн удаа өргөөд л босч сууна.
-Хөдөөний нөхцөл дэх бэлтгэл сургуулилтын нэг хэлбэр байжээ?
-Тийм. Аав маань сумаасаа гарч ерөөсөө барилдаагүй. “Алдар” спорт хороонд хоёр ч удаа хуваарилсан гэдэг. Сангийн аж ахуйдаа сайн ажилладаг учраас дарга нар нь хөөцөлдсөөр байгаад сугалаад авч үлдсэн хэрэг. “Алдарт”-т яваад өөрийгөө хөгжүүлсэн бол амжилтад хүрэх байсан болов уу гэж боддог. Улсын начин Эрдэнэбилэг ах ярьдаг юм. Манай аймгийн Наранбулаг сумын харьяат, улсын заан Сүхбаатар нутагтаа болсон ойн барилдаанд гурвын даваанд аавыг амлаж л дээ. Аав маань яаж яваад билээ дээ, барилдаж таарсан хэрэг.
-Наранбулагийн Сүхбаатар заан ч ид үедээ улсад “эвгүй” байсан гэдэг шүү?
-Мундаг заан байлгүй яахав. Аавтай бүтэн цаг ноцолдож л дээ. Заан аавыг “Энэ Сүхбаатартай үзүүр түрүүнд л барилдах байж дээ” хэмээн өгүүлсэн гэдэг. Аав волейбол сайн тоглоно. Тэгж байхдаа мөр нь мултраад сайн барилдаагүй юм билээ. Өөрөө тун даруу, тэр бүрийг ярихгүй. Гэхдээ үндэсний бөхдөө тун элэгтэй. Аймгийн наадамд зодоглолгүй сум хавьдаа л идэр насаа өнгөрөөсөн юм.
-Танай ижийн тань талд бөхийн удам байсан уу?
-Ижийн маань талд бөхийн удам багатай. Туйлын хөдөлмөрч, Цагаанхайрхан сумандаа мал сүргээрээ тэргүүлэгч хүмүүс байсан юм билээ. Аавын нагац ах нь хотод эрт орж ирсэн хүн байв. Цэрэгт байхдаа барилдаад үзүүрлээд цэргийн заан цол хүртсэн Дашцэрэн гэдэг хүн л дээ. Мөн холын төрөл гурван үеийн аймгийн заан цолтон байснаа сүүлд аймгийн арслан болсон Гонгорын Дамдинхүү нар байна.
-Дээрх ярианаас тань ажиглахад яах аргагүй аав тань л таныг бөхийн зам руу хөтөлж, хөглөж өгч дээ?
-Багад минь хязгаар буйд нутагт, хөдөө орон нутагт сатаарах зүйл тун хомс байжээ. Ойр зуур мал хуй эргүүлнэ. Ном гүйлгэж харна. Одоогийнхон чинь гар утас шагайхаас эхлээд шаггүй юм (инээв). Манай гурван эрэгтэй дүү чинь хоёр хоёр насны зөрүүтэй тэрсхэн өссөн. Манайх их том гэртэй. Орой хоолоо идсэний дараа гэрийнхээ хатавчнаас багана хүртэл дэвж дэлээд л оройжин барилдана. Аав удирдаад л, цолоо дуудуулаад л. Ямар нэг хэмжээгээр бэлтгэл сургууль болж байсан байх. Аавын талын олон тэрсхэн хөвгүүдтэй мөн л ноцолдож өссөн. Түүн дотроос манай үедээ, монголдоо өсвөр үе, идэрчүүдийн барилдаанд тэргүүлж байсан Я.Болд маань байна. Жүдо, самбо бөхийн улсын аварга ч болж байсан. Чөлөөт бөхөөр ч гэсэн. Надаас хавьгүй өндөр биетэй, намайг биш түүнийг л бөх болно гэж хэлэлцдэг байв. Бөхийн сургуульд бид хамт байсан. Харамсалтай нь бэртлийн улмаас барилдахаа больсон доо.
-Бөх хүн бүрт багын ч юм уу мартагддаггүй барилдаан байдаг. Түүгээрээ урам орж, тэжээгдэж бөх болох хүсэл нь улам оргилсон байдаг гэх үү дээ. Тийм барилдаанаасаа дурсах уу?
-Баруунтуруунд бөхийн дугуйлангийн багш Эрдэнэтогтох маань ажлаа өгснөөс хичээллэлт тасарсан юм. Есдүгээр ангид байх үед аймгийн Засаг даргын нэрэмжит барилдаан аймгийн төвд болох зар түгэв. Удирдамж нь суманд ирсэн хэрэг. Манай Болд тэргүүтэй үеийн хэдэн барилддаг хүүхэд биеийн тамирын багштайгаа очлоо. Хөдөө холоос очсон болохоор эхний нэлээд хэдэн тойргоос хоцорч барилдлаа. Сумандаа байхад надад жанжин малгай авч өгсөн юм. Үеийн хэд дотроо би л ганцаараа жанжин малгайтай гялалзаад л (инээв). Байнга түүнийгээ өмсч дэлээд л. Харин аймагт очсон чинь олон хүнээс ичээд нөгөө малгайгаа өмсч чаддаггүй ээ. Манай найз Оюунболд өмсөөд барилдлаа. Үдээс өмнөх нөхөж барилдсан долоон барилдаанд бүгдэд нь би өвдөг шороодов. Оюунболд маань долоо дараалаад давчихлаа. Тэгэхээр нь малгайгаа авч барилдаад сайн амжилт үзүүлдэг юм байна. Уран барилдлаа гэж магтагдав. Тэр үеэс л үе дотроо ч, аймагтаа ч олны хараанд өртөж эхэлсэн юм. Маш гоё дэвдэг байлаа. Тэр үед “Уран гоё гараа, дэвээ”-ний дипломтой шагналыг хүртэж байсан шүү.
-Уран гоё гараа, дэвээгээрээ манай Өндөрхангайн харьяат, улсын начин В.Малиа гуай улсад шагшигдаж байсан юм билээ. Өөрт тань үүнийг хэн заав?
-Аав л заасан. Хөлд орох үеэс л “Миний хүү сайхан дэлээрэй” гэнэ. Аавыг маань сумын заан болохоор тэр үү, айлд оронгуут өхөөрдөөд “За, нэг сайхан дэвчихвэл чихэр, боов өгнө шүү” гэдэг байв. Тэг тэгсээр бөхийн уран гоё гараа, дэвээнд шимтсэн юм.
-Тэр жанжин малгайнд нэг учир байж шүү?
-Магадгүй юм (инээв). Тэр барилдаанаас л бөхийн анхны амжилт үзүүлж, дипломтой ирсэн дээ. Одоо хүртэл нандигнан хайрлаж явдаг. Тэр дипломыг маань сургуулийн заалны хананд өлгөөд л.. Тэгэхээр бөх хүний малгай, өмсгөлөөс эхлээд гараа, дэвээ, шаваа хүртэл нарийн нандин бүхнийг агуулсан байдаг нь харагдана. 2002 онд Дархан хотод болсон улсын аварга шалгаруулах барилдаанд аймагтаа шалгараад Я.Болдтойгоо ирж барилдлаа. Аавын эгчийн хүү л дээ. Анхны том барилдаанд оролцож буй нь тэр. Манай үеийн эдүгээ цагийн Монголын хүчтэнүүд тэнд очиж байлаа.
-Хэн хэн билээ?
-Тэр барилдаанд эдүгээгийн Өсөхбаяр заан түрүүлж байлаа. Улсын начин Гантулга хоёрт орж мөнгөн медаль авч байсан. Олимпийн аварга Н.Түвшинбаяр маань гуравт орж хүрэл медаль хүртсэн дээ.
–Олимпийн аварга маань идэр үедээ сайн барилддаг байжээ?
-Ер нь их сайн байсан юм. Эхний аравт орсон нөхдөөс манай Болд, Орхоны Түмэнбаяр гээд цөөхөн хүн л эдүгээ улсын цол аваагүй байна. Бусад нь улсын цол хүртэцгээжээ. Манай улсын харцага Бямбажав, заан Соронзонболд нар ч тэнд барилдаж байсан. Хоёр насны ангиллаар явагдсан юм. Тэр үед аав маань хотод ирж таарсан. Зах дээрээс их олон угалзтай монгол гутал авч өгдөг юм байна. Нөгөөхөө цүнхэнд хийгээд үүрчихэв. Дээл байдаггүй ээ. Аавынхаа хурганы арьсан дотортой торгон дээлийг өмсөхөөр болов. Тэр үед хотод ид барилдаж байсан Ганхүү нарын хэдэн бөхчүүдийн дэргэд хувцсаа сольж таарав. Бусад хүүхдүүд тэрлэг өмсчихсөн, ванны том алчуураар биеэ ороогоод л (инээв). Бэлтгэл сургууль хийдэг хотын хүүхдүүдийн биеийн хөгжил огт өөр харагдаж таарна.Гуяар нь үс ургачихсан, түүнийг нь харж сүрдээд л. Ичээд дээлээ өмсч чаддаггүй ээ. Зарим нь “надтай юу” гээд биеэр бага болохоор нүдээр олзлоод л хажууд ирнэ. Туг руу хараад ганц тойрчих юм сан гэх хүсэл оволзоно. Дандаа том биетэй хүүхдүүд барилдаж байлаа. Барилдаан ч эхэллээ. Шуугиулж өгсөн дөө. Хэсгээсээ нэгээр шалгарч явсаар медалийн төлөө барилдах шигшээ аравт багтлаа. Тус бүр хоёр унаатай Я.Болд бид хоёр хоорондоо таардаг юм байна. Манай Б.Ганбат арслан, заан цолтой байсан. Увсаас ирсэн дасгалжуулагч нар маань “Я.Болд чинь л медаль авах горьдлоготой болов уу. Түүндээ өгчих” гэж ярилцлаа. Өглөө дөө. Ийнхүү том барилдаанд бусдад танигдаж, нөгөө үстэй дотортой дээл чинь багадах шахуу бардам алхаж билээ. Тэр үед би одоотойгоо харьцуулбал их жижигхэн биетэй байсан юм.


-Тэр үеэс л хот руу замнах бодол өвөртөлсөн үү?
-Аравдугаар ангиа төгсөөд конкурс өгөх болов. Манай суманд хилийн цэргийн анги байгуулагдсан үе л дээ. Дарга нар нь намайг хилийн цэргийн албанд том тушаал хашдаг хүн болгохоор “шийдлээ”. Тэгээд л Хилийн цэргийн дээд сургуульд элсэн хотод ирж байлаа. Оюутан ч боллоо. Гэтэл бөх болох хүсэл маань давамгайлаад болдоггүй. Цэргийн бөх болно гэсэн анхны бодол маань амьдрал дээр өөр болж хувирсан. Каринтинд байхдаа сайн суралцаад хойшоо Орос руу академид явах асуудал ч яригдсан юм.
-Сурлагын хувьд дунд сургуульдаа товхийсэн байж дээ?
-Ерөнхийдөө сүрхий сайн байгаагүй ээ. Хүүхэд бүртэй эвсэг, нийтэч л байсан. Академид явлаа гээд цэргийн хүн болоод л шувтрах юм байна. Бөх л болохын төлөө зүтгэе гэсэн бодол маань тархинд хуралдаад болдоггүй. Гуйж гувшлаа. Хилийн цэргээс намайг гаргадаггүй ээ. Өндөр төвшинд ярьж байж л гарлаа даа. Намар нь бөхийн замаа хөөе гээд явж байтал ээж хөдөөнөөс ирдэг юм байна. “Ийм жижиг биетэй байж бөх болно гэж зүтгээд өрийгөө элээж юу хийнэ. Олон дүүгээ асрахын тулд мэргэжил боловсрол эзэмших хэрэгтэй” гэлээ. Ах дүү, хамаатан саднууд ч ятгалаа. Тэгээд ШУТИС-ийн намрын элсэлтэд оролцлоо. Хавар нь авч байсан элсэлтийн шалгалтын вариантын бодлогуудыг өглөө. Тэр үед би каринтиний цэргийн малгайн ормоор цайж гялайсан халзан толгойтой нүүр нь сэвхэтсэн, харласан нөхөр шалгалтад орж байсан юм. Угаасаа энэ шалгалтандаа уначихаад Баянаа аваргын “Шонхор” бөхийн сургуульд орно гэсэн бодол тээчихсэн байлаа. Гэтэл урд орой нь “шипи”-гээр харж байсан бодлогууд ирчихлээ. 70 нь математик, 30 нь физикийн бодлого байсан юм. Нэгэнт ирсэн хойно гээд өмнө харж байснаараа хийгээд заримыг нь тааж бодоод л явуулчихсан. Тэгсэн чинь 800 хүүхдээс гуравт бил үү, тавд ч бил үү жагсаадахлаа. Өөрөөсөө ичих шахуу болж ШУТИС-д нэг жил суралцсан даа. Энэ хугацаанд үлгэн салган амьтан хааяа нэг “Шонхор”-т очиж Я.Болд нарын найзууд дээрээ очиж бэлтгэл хийнэ. Үнэхээр гоё санагдаад л. Жилийн дараа сургуулиасаа гарахаа хэлэхэд багш нар маань надад сайн байсан болохоор гаргадаггүй ээ.
-Тэгээд яаж тэндээс “мултрав” аа?
-Нэг л өдөр их сургуулийн дотуур байранд байхдаа шийдсэн. Хавар нь аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болсон юм. Анх удаа Бөхийн өргөөнд очиж барилдаад одоогийн улсын начин Д.Лхагвадоржтой нэгийн даваанд таарлаа. Хараад сүрдэж байлаа. Яаж барилдсан юм бүү мэд. Нэг мэдэхэд дээр нь гарчихсан байв. Хоёрын даваанд Сэр-Одыг, гуравт аймгийн арслан Булганхүүг давчихлаа. Тэд тухайн үеийнхээ аймгийн арслангуудын магнай нь байв. Ингээд л бөх болж болох нь гэсэн урам орлоо. Тэр зун төрөлх сумандаа түрүүлж сумын заан болсон. Аавтайгаа хүсэл мөрөөдлөө хуваалцлаа. Дэмжиж байна аа. Хотод ирээд улсын начин Эрдэнэбилэгийг сургууль дээрээ дагуулж очин бөөн юм болж байж бичиг баримтаа аваад “Шонхор”-т орсон доо. Бөх болсон олон залууст ээжийн хэлдэг шиг зөвлөгөөг өгч байсан нь харагддаг. Ингээд л шуударсан. Хоёр сургууль хаясан нөхөр чинь бэлтгэл сургуульдаа чамбай хандахаас өөр аргагүй. Өөртөө өндөр шаардлага тавьж өвөлжин хоолтой, хоолгүй бэлтгэл хийж зааланд өнждөг болсон. Гэрээс хонины мах хааяа ирнэ. Нэг өдөр чанаад л олуулаа идчихнэ.
-Тухайлсан багштай байв уу?
-Үгүй. Сургалтын хөтөлбөрийн дагуу л хичээллэнэ. Харин хүүхдүүд хичээл дуусангуут гэр байр руугаа явдаг бол би зааланд ганцаараа үлдээд л хичээллэдэг байсан юм. Хавар болж бэлтгэл их хийсэн болохоор ядаргаанд орчихсон байлаа. Би таван буудалд айлын хашаанд жижиг гэр барьчихсан амьдардаг байв. Заалнаас гараад алхахад цүнхээ даахгүй шахуу болтлоо бэлтгэл хийнэ. Замдаа ШУТИС-ийн эдийн засгийн их сургуулийн ариун цэврийн өрөө рүү орж крантны ус ууж аваад тамир орж гэр рүүгээ алхдаг байлаа. Зун ч дөхлөө. Гайгүй цол авах тухай бодогдож эхэлсэн.
-Та 2005 онд өөрийн аавын алдраар овоглосон аймагт барилдаж аймгийн заан цол хүртсэн байх аа?
-Үүндээ бэлгэшээж явдаг. Нэг удаа олонд хүндтэй лам дээр очиж мэргэ тавиуллаа. “Чи зүүн зүгт очиж барилдвал өлзийтэй юм байна “гэлээ. Үүнээс өмнө Хөвсгөл аймгийн алдар цолтнуудын нэрэмжит тойргийн барилдаанд очиж барилдаан аймгийн начин цол авчихсан байв. Сүхбаатар гэж ямар аймаг ч байдгийг мэдэхгүй очиж барилдлаа. Одоогийн улсын гарьд Бат-Эрдэнээс авахуулаад гайгүй залуусыг цувуулан хаяж үзүүр түрүүнд үлдэв. Түрүүлчихлээ дээ гэсэн бодол цээжинд дүрэлзээд л. Эдүгээгийн хүчит арслан Б.Ганбат руу тэсэлгүй утсаар ярилаа. “Би ч бараг түрүүлчихлээ. Баяр хүргээрэй” гээд л. Урдаас Ганбаа ах “Чи юу яриад байна аа. Давсан хойноо л ийм зүйл ярь” гэж зэмлэлээ. Түрүүлсэн бөхөд даага өгдөг гэхээр нь эндээс цуг явсан найзаараа даагаа авч явах унаа машин хайлгав (инээв):
-Өөртөө тун итгэлтэй байж дээ?
-Тун итгэлтэй байсан. Тэр үед Бат-Орших гарьд маань Солонгост байж байгаад ирчихсэн, надтай хамт явж байв.
-Хэн түрүүлсэн юм бэ?
-Миний үеийн Ганхуяг гэдэг залуу түрүүлсэн.
-Тэгээд итгэлтэй байсан хүн чинь яагаад өвдөг шороодчихов?
-Гараад барилдтал зайлах шиг болоход л уначихсан шүү дээ. Аливаа юм цаанаасаа өөр байдаг юм байна лээ. Нутгийн бөх нь түрүүлсэн юм. Аймгийн заан цол авсныхаа дараа би нутагтаа очиж намрын туршид хадлан тэжээлийн ажил хийж биеэ чангаруулсан. Аавтайгаа хамт маш их ажилласан. Ганцаараа 500-600 га газрын зэрлэг зулгааж, хадлан их хийсэн. Эхэндээ Зил-130 машины тэвшнээс дээш хоёр, гурван үед л боодол өвсийг хүргэдэг байв. Сүүлдээ есөн үе давхарлачихсан байхад давуулаад цаана нь гартал шиддэг болсон. Тамир тэнхээ их орж буйгаа мэдэж эхэлсэн юм. Намрын ажил дуусаад хотод ирсэн хойноо унтаж байтал миний нэг найз ирлээ. “Б.Гантогтох гарьд ирчихсан “Шонхор” дээр бэлтгэл хийж байна. Том барилдаан болно” гэж дуулгалаа. Би өмнө нь сургуулийн барилдаан дээр олигтой барилдаггүй байсан юм. Одоогийн Даваабаатар заан, Элбэгбаяр, нэг ангийн Даваадалай нарын олон сайн залуус байсан. Барилдсан чинь миний гараас барих хүн байдаггүй. Мэх хийх гээд барих гэхэд л унаад өгнө.
-Хүч бяр тэнцэрч дээ?
-Тамир тэнхээ орсон гэж жигтэйхэн. Даваабаатартай ана мана л үздэг байсан. Гэтэл тэр үед сэнжиг аваад тахимдах гээд ухасхийхэд л унаж байсан. Нэг гараараа л дараад давж байв. Манай ангийн намайг хаядаг залууг хонгодох гээд мөр рүү нь түлхэхэд л ойчсон. Эргэн тойронд “Чи аймаар болжээ” гээд л. Үүнээс хойш барилдаануудад тогмтол барилдах болсон.
-Их бяртай хүнд мэх хийгээд нэмэргүй гэдэг үнэн үү?
-Ерөнхийдөө тийм л дээ. Хүч гэдэг бүхний үндэс л дээ. Ямар ч мэх барилдааны хувилбар их хүчний өмнө мөхөсддөг тал бий.
-Намрын хийсэн ажлын үр нөлөө гарч дээ?
-Тийм ээ. Мөнхбаатар арслан, Рагчаа гарьд нар ид барилдаж байлаа. Надтай барилдах үедээ сэнжгээ алдчихаад надаас гуйж байж тавиулдаг байсан юм. Би нэг атгахаараа тавьдаггүй бяртай болчихгүй юу. Үеийнхэн маань төмөр гарт Мөнхөө” гэж хочлоод л. “Арматурын төмөр” ч гэж дуудна.
–2010 оны наадмаар улсын арслан Б.Ганбат түрүүлсний дараа жил нь нэг сумынх болох та түрүүлсэн. Дараа нь П.Бүрэнтөгс, Н.Батсуурь гээд үргэлжилсэн. Энэ үед “Увс нуур” бөхийн галын бөхчүүд төрийн наадмын дэвжээг үнэхээр эзэгнэж эхэлсэн шүү дээ. Бөх сонирхогчид Б.Ганбат арсланг “Булган сүүлтэй” гээд л. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Тэгж бэлгэшээлгүй яахав. Ер нь үүнээс өмнөхөн манай “Увс нуур” бөхийн галын барилдааны амжилт суларчихсан байсан юм. Улсын наадамд шөвгөрдөг бөх нь Б.Ганбат арслан байсан. Бэлтгэл сургуулилт эрээвэр хураавар маягтай явагдаж байсан үе л дээ. Тухайн үед би эхнэр аваад амьдрал зохиочихсон байлаа. Төрөлх сумаасаа гэрлэсэн юм. 2008 онд эдүгээгийн манай галын тэргүүн Д.Дорлигжав гуай АН-ын генсек байв. Одоогийн Бат-Орших гарьд, Батсуурь начин, Баруунтурууны Я.Болд гурвыгаа дагуулаад орж уулзлаа. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулиа төгсчихсөн байсан үе. Тухайлсан багшгүй, бэлтгэл хийх заалгүй бэрхшээл их байсан. Энэ тухайгаа танилцуулсан. Энд тэнд зоргоороо бэлтгэл хийдэг оюутан үедээ хоолтой хоолгүй явна гэдэг амжилтад хүрэх ямар ч аргагүй байсан. Энэ бүгдийг маань ойлгон сонслоо. Д.Дорлигжав гуай “Та нар бэлтгэлээ сайн хий. Би дэмжинэ” гээд “Билиг” дээд сургууийнхаа подвальд өрөө гаргаж өгсөн. Б.Гантогтох гарьдыг дуудан дасгалжуулахаар болов. Д.Дорлигжав гуайн санаачилсан “Элсний бэлтгэл” гэдгийг хийлгэж эхэлсэн дээ.
-Дөрвөн өөр төвшний элсний бэлтгэл гэдэг байх аа?
-Тийм ээ. Бөх болох дур хүслийнхээ ассан үед тэр бэлтгэл рүү орсон. Аймгийн заан цол авснаасаа хойш арслан цол авах гэж би гурван жил зүтгэсэн. Ер нь л болж өгдөггүй. Сэлэнгэ аймагт хоёр удаа, Говьсүмбэр аймагт нэг удаа наадмаар очиж барилдсан.
-Ямар бөхчүүдэд өвдөг шороодсон бэ?
-Сэлэнгэд нэгд нь Өсөх-Ирээдүй харцагад, нөгөөд нь Дэлгэрсайхан начинд ойчсон доо. Говьсүмбэр аймагт Азжаргал арсланд өвдөг шороодсон. Тэр жил Азжаргал арслан улсад үзүүрлэсэн байв. Тавын даваанд намайг амлаадахав. Бидний хооронд “аймаар” барилдаан гарч байсан юм.
-Тэр барилдаанаа дурсах уу?
-Би Азжаргал арслангийн сэнжигнээс атгаад ер тавихгүй. Хаях гэхээр л засуул нь гүйж ирж болиулна. Хөлийн цэц нь арслангийн талд шийдвэр гаргана. Арслан миний нүд рүү цохиод хамар хавдчихсан, эрүүн дороос мөн л цохиод ам, хамраас цус гоожоод л.
-Азжаргал арслан тэгтлээ улайрдаг нь юунд байна аа?
-Өөрийн бөх түрүүлгэх бодолд нь би тээг болчих гээд л тэр байхгүй юу. (инээв)
-Ийнхүү Д.Дорлигжав гуайтай уулзсанаас хойш системтэй бэлтгэлдээ орсон гэсэн үг үү?
-Системтэй гэхээсээ илүү бөхийн том амжилт гаргана гэдэг хүсэл маш их байсан. Д.Дорлигжав гуайн тус дэмээс гадна Б.Гантогтох гарьдын уйгагүй дасгалжуулалт гээд дурдвал олон хүчин зүйл бий. Б.Ганбат арслан, Батсуурь начин нар ирж цугтаа бэлтгэл хийх болсон нь нөлөөлсөн. Түрүүлдэг жил гэхэд л бэлтгэл онцгой сайн, биеийн хувиралт өвөрмөц байлаа. Цэргийн барилдаанууд болоход байнга оролцоно. Намайг хаясан нь түрүүлдэг байв. Тогтмол бэлтгэл хийдэг болсноор одоогийн Бат-Орших гарьд бид нар үлэмж сайжирч эхэлсэн. Нэг удаа Ж.Ганболд зааны спорт цогцолборт бид нар байрлачихсан, хаврын наранд гадаа ээгээд ярилцаж байлаа. Бат-орших маань дөхөж ирснээ “Би наана чинь сууна, чи бос” гэж байна. Манай хүн аймгийн арслан, би заан цолтой байлаа л даа. “Чи намайг яахаараа босгодог юм бэ” гэчихлээ л дээ (инээв). Тэгсэн чинь Бат-Орших маань “За, гайгүй ээ, удахгүй цэргийн наадам болно. Үзүүр түрүүнд үлдэхээрээ чи надаас гуйна аа гайгүй” гээд яваад өгөв. Хариуд нь би “Би чамаас гуйхгүй түрүүлнэ ээ” гэж билээ.
-Та хоёр чинь өөрсдөдөө ямар итгэлтэй байгаа вэ?
-Олон мундаг бөх байхад тэгээд үг сөргөлдөөд зогсч байна гэдэг үнэхээр өөртөө итгэлтэй байж дээ, бид хоёр. Манай хүний хэлсэн ёсоор бид хоёр үзүүр түрүүнд үлддэг юм даа. Багаасаа л бид хоёр цугтаа бэлтгэл хийж ирсэн түүхтэй. Бид хоёр тэврэлдээд л намайг цэргийн арслан болгож билээ. Цэргийн арслан цолныхоо малгайныхаа тэмдгийг ч сольж амжилгүй хорь хоногийн дараа улсын начин цол хүртсэн дээ. Манай Бат-Орших улсын харцага цол авч байв.
-Улсын начин цолоо хэнээр давж хүртэж байлаа?
-Улсын заан Ц.Батзоригоор.
-Харин харцага цолоо улсын гарьд Баяржавхлангаар авлуу?
-Тийм. Тавын даваанд эдүгээгийн Эрхэмбаяр аварга начин цолтойгоор намайг амлаад надад өвдөг шороодсон. Зургаагийн даваанд Баяржавхлан гарьдыг давсан. Би нэг зүйлд бэлгэшээж явдаг. Оюутан болсныхоо дараа зун нутагтаа очлоо. Зүүнговь сумын харьяат Алтансүх начин надтай цуг явж байсан. Гэтэл замд Хяргас суманд Кёкүшюзан Батбаярын нэрэмжит бөхийн барилдаан болж байна. Тэр барилдаанд улсын заан Ц.Батзориг намайг гурван даваанд амлаж авдаг юм байна. Намайг татаж хавирдгаараа л хавирлаа. Би дагаж ороод хутгаад тас гэдэргээ харуулчихав. Хяргасынхан шуугиад л. Босоод ирсэн чинь заан маань дэвчихсэн явж байна. Том цолтой хүнтэй би юу ярихав. Суган доогуур нь гарахдаа “Ивээл хишгээ хайрлаарай даа” гэж бэлгэшээн шивнээд тахимаа өгч байсан юм. “Амны бэлгээс ашдын бэлгэ” дүүрч дараа нь тэр мундаг заанаар тав давж начин болсон юм шүү дээ.
-Дараа жил нь цол ахиулж харцага цол хүртсэн. Таны амжилт зогсолтгүй ахиж эхэлсэн шүү?
-Тэгсэн. Начин цолоо баталж, болж өгвөл цол ахиулах юм сан гэж мэрийсэн. Тэр үед “Монголросцветмэт” нэгдлийн өмнөөс барилддаг байв. Тэндээс надад байр өгсөн юм. Байрны минь доод талд фитнесийн сургуультай. Дараа дараагийн цол авахад тэр газар нөлөөлсөн болов уу гэж боддог юм.
-Хүчний бэлтгэлээ базаасан биз?
-Өглөө болонгуут доошоо орчихно. Гэртэйгээ нэг дор болохоор тун дажгүй. Харцага цолны болзол хангасныхаа дараа (Б.Ганбат арслан түрүүлдэг жил) долоогийн даваанд Рагчаа арслантай тунасан. Би өөрөөсөө болоод л уначихсан юм. Харин дараа жил нь буюу 2011 оны их ойн жил Рагчаа арслан намайг долоод амлаж авсан. Өмнөх жил нь намайг мөн энэ даваанд хаячихсан болохоор давах сэтгэлзүй өндөр байсан биз. Бас зургаагийн даваанд би хавиргаа гэмтээчихсэн байсан. Үүнийг арслангийн нутгийн нэг бөх харчихаад хэлсэн юм билээ. Би өөр тийшээ харж гүнзгий амьсгаа авч түгжээд л арслан руу дайрч барилдсан. Барьц сонгоод хаясан юм. Тэр үед Б.Гантогтох багшийн бэртэлтэй хүн хэрхэн барилдах тухай зөвлөгөө тун хэрэг болсон.
-Тийнхүү давсаар их ойгоор та арав даван түрүүлж аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн. Тэр наадамд түрүүлнэ гэж бодож байв уу?
-Өмнөх хавраас нь эхлээд л нэг битүү зөн совин цээжин дотроос оргилоод байсан даа. “Чи түрүүлнэ” гэж шивнээд ч байх шиг.
-Дотор хүн чинь хэлээд байгаа ч юм шиг байсан уу?
-Тийм ч юм уу даа. Цаанаа л нэг өөр мэдрэмж төрөөд байсан. Б.Ганбат арслангийн гэрт хоёр ч удаа очсон юм. “Ганбаа ах аа, та бид хоёр үзүүр түрүүнд үлдээд та ч, би ч аварга болох боломжтой юм байна. Үзүүр түрүүнд үлдвэл та надад өгнө биз дээ” гэж хэлээд л. Ганбаа ах инээснээ “Наад Мөнхөө чинь халуурч солиорчихсон яваа юм биш биз. Даруйхан аваачиж унтуул” гэж байлаа (инээв). Ийнхүү би гурван жил дараалан цолоо ахиулсан. Наадмын өмнөхөн Д.Бумбаяр заан маань “Баянаа аварга дээр очиж зөвлөгөө авъя” гээд дагуулж очсон юм. Тэр зөвлөгөө намайг түрүүлэхэд маш үнэтэй зөвлөгөө болж чадсан.

-Ямар зөвлөгөө өгсөн юм бэ?
-Хоёр гуравхан зүйл хэлсэн. “Чамд хаяхгүй бөх гэж байхгүй ээ. Тэгж харагдаж байна. Давааны цаана даваа байгаа гэдгийг ямагт сана. Битгий амархан баярлаарай. Түрүүлэх бололцоо чамд байна” гэсэн нь том хөшүүрэг болсон шүү. Өмнөх наадмуудад би даваандаа ханаж баярладаг байсан бол 2011 оны наадамд “Түрүүлэх юм шүү” гэсэн итгэлтэй болчихсон байв. Харин зааны болзол хангачихаад нэг хэсэг баярлаж ирснээ аваргын захиасыг санан биеэ төвлөрүүлж чадсан. Улсын арслан цолны болзол хангаад аварга болоод өөртөө хоёр удаа зарлиг уншуулсандаа баяртай явдаг. Том түүх, олдохгүй аз завшаан юм даа.
-Дөрөвт үлдээд Ч.Санжаадамба зааныг хаясныг тод санаж байна?
-Хүчит заан Ч.Санжаадамбыг хаяад одоогийн аварга Г.Эрхэмбаяртай үзүүр түрүүнд үлдсэн маань тун сайхан санагдаж байлаа. Д.Дорлигжав гуайн бэлтгэл, сургуулит хийлгэх болсны үр шим ингэж гарсан юм. “Увс нуур” бөхийн гал зохион байгуулалтад сайн орсон, Увс нутгийн бөхөд элэгтэй хүмүүс үйл ажиллагаанд идэвхтэй орлцох болсны тод илрэл энэ. Цаашилбал Харзтайн амралтын газрын хамт олон, тогооч Дэлгэр эгч, эмч, бэлтгэл хангагч гээд олон хүний үр шим шүү дээ. Үүний үрээр богино хугацаанд л улсын наадмын дөрвөн түрүү, хоёр үзүүрийг авчихаад байна. Аливаа юм сайн зохион байгуулалт, чин сэтгэл байж л дэвждэг нь үүнээс харагдаж байгаа юм. Нөгөөтэйгүүр “Увс нуур” бөхийн галын нөлөөгөөр бусад гал эрчимжиж, манайхтай өрсөлдсөний үрээр бас сайжирч байна. Өөрөөр хэлбэл манай галын үндэсний бөхийн хөгжилд оруулсан хувь нэмэр сүүлийн үед тодорхой харагдсаар байгаа шүү. Бие биеэ сайтар дэмждэг манай галын үлгэр дууриаллыг бусад гал зөвөөр тусгаж ч байна.
-Бусад галын бөхчүүдийг ирлэж, хурцалж байгаа гэж болох уу?
-Тийм. Сайхан өрсөлддөг болсон. Бие биедээ нөлөөлж байна. Өрсөлдөөн ихтэй болно гэдэг үзэгч олонтой, үндэсний бөх нэр хүндтэй болох том алхам шүү.
–Түрүүн цухас дурдлаа. Цол авчихаад сэтгэл ханаснаа дарж чадсаны үр бий гэж. Сэтгэл ханаснаа яаж дарж байв?
-Улсын харцага цол хүртчихээд ийм байдалд орсон үе бий. Нэг удаа Увсын төгсөгчдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн болж би оролцлоо. Сагс тоглочихсон явж байтал нутгийн Пагаарай гэдэг залуу “Улсад түрүүлье гэж бодож явах хүн энд бөмбөг хөөгөөд явж байдаг чинь юу вэ. Боль л доо чи” гэж зэмлэх, ухааруулахын завсар хэлэв. Энэ үг толгойд орж үнэтэй зөвлөгөө болон хоцорсон. Найз минь “Бөх гэдэг том уул байхад чи харцага гэдэг тэхий дунд нь оччихоод зогсох юм уу. Орой дээр нь гаралгүй буух гээд байгаа юм уу. Монгол бөхийн өргөөнд өнөөдөр барилдаантай. Оч” гэлээ. Тэр даруй хувцсаа аваад л очиж барилдан доор даваанд уначихав. Үүнээс хойш бэлтгэлээ базааж “Би яагаад түрүүлж болохгүй гэж” гэсэн сэтгэлзүйг өөртөө төвлөрүүлсэн.
-Аварга ч боллоо. Сэтгэлийн дээд ханамж мэдээж байна. Дараа нь өөрт юу бодогдох юм?
-Эрхэмбаяртайгаа үзүүрт үлдсэний дараа манай галынхан намайг тойрч зогсохдоо хэн нь ч, юу ч хэлээгүй. Балжаа багш бид нарын тэр бичлэг байдаг даа. Нэгэнт түрүүлнэ гэсэн том зорилго тавьсан хүнд юу хэлэх вэ гэсэн сэтгэлзүй хүн бүрийн толгойд байсан байх. Энэ бол бөх сайтай галын нэг давуу чанар юм болов уу. Тухайн үед дотроо би “Манайхан яагаад дуугарахгүй, ямар айдастай байна аа. Том ой шүү дээ гэж биеэ хураагаад байна даа” гэж л бодож зогссон. Өмнө жил нь Б.Ганбат арслан түрүүлчихсэн болохоор бас нэг давуу тал байлаа. Өмнөх наадмын түрүү бөхтэй тувт цуг бэлтгэл хийнэ гэдэг асар их давуу талыг надад бас бий болгож байгаа юм. Бэлтгэл дээр Б.Ганбат арсланг ганц нэг хаяж байсан нь маш их ир, сэтгэлийн тогтвортой байдал үүсгэсэн байв. Дараа нь П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар түрүүлсэн нь бидэнтэй бэлтгэл хийсний үр нөлөө гэж болно. Тэдэнд “Би ч бас түрүүлж болно” гэсэн сэтгэл төрнө өө дөө. Ер нь сэтгэл гэдэг ертөнц аугаа том байж чадвал бие нь дагаад хөвчирч, тэлж чаддаг юм билээ. Түрүүлэх хэмжээний олон бөх нэг галд цуг бэлтгэл хийж байсан, гал доторх өрсөлдөөн шаггүй байдгаас улбаалж бидний амжилт дээгүүр байна.
-Эдүгээгийн аварга Эрхэмбаярыг хаясан барилдааны тухай эргэж дурсвал сонин байх болов уу?
-Аль аль нь ес давчихсан. Би Эрхэмбаяр руу хэд хэдэн удаа мэх хийх гэж үзэд маш их цуцсан. Хоёр талдаа харцагадаж сугадаж аваад, баахан шигшлээ, мушгилаа. Янз бүрээр л үзлээ. Нэлээд цуцлаа. Эрхэмбаяр маань миний элэг бүсийг түрүүлээд авчихлаа. Харин би авч чаддаггүй. Сэнжиг дээрээс нэг зайлах гэж байна. Яг тэр үед миний улсын начин цолтой байхдаа хийж байсан мэх тархинд гялсхийж орж ирээд давтан хийсэн юм. Эрхэмбаяр тэр мэхээ ахиад хийдэггүй юм болов уу гэж бодлоо. Элэг бүс авах гээд ухасхийхэд ахиад л хийлээ дээ. Тэр үед дагаж ороод л өвдөг шороодуулсан.
-Түрүүний асуултдаа хариулт авъя аварга аа?
-Хүн бүр л түрүүлснийхээ дараа ямар мэдрэмж төрж байв гэж асуух дуртай. Надад түрүүлчихээд явж байхдаа болох ёстой юм болсон юм шиг л бодогдоод байдаг. Өөртөө итгэхгүй яагаад ингэж бодоод байна аа гэж өөрөөсөө асууж ч үзэв. Түрүүлснийхээ дараа үзүүр түрүүний бөх зураг авахуулахад Эрхэмбаярыг би татаж авчраад өөрийнхөө дээр зогсоосон байдаг юм.
-Яагаад?
-Эрхэмбаяр надад уначихаад уурлаад босч ирэх болов уу гэж гэж бодсон чинь инээгээд босч ирж билээ. Үүнд нь баярласан. Дотроо бэлгэшээн аварга болоосой гэж хүссэн юм даа. Эдүгээ би “Миний чин сэтгэл сайхан биеллээ. Хүндлэл дээдлэл маань Эрхэмбаяр маань аварга болсноор биелжээ” гэж бэлгэшээж явдаг. Түүнийг аварга болоход үнэхээр баярлаж билээ. Улсын наадамд хоёр жил дараалан надад унасан юм. Өмнөх жил нь тавын даваанд уначихсан юм. Тухайн үед өөрт нь би “Хоёр жил дараалан таныг давж хоёуланд нь том цол авлаа. Маш их баярлалаа” гэж хэлж байсан. Монгол эр хүний, бөх хүний сэтгэл ийм байх ёстой юм болов уу гэж бодож явдаг. Монгол бөх гэдэг нь эрчүүдийн дундаас бие сэтгэлийн хувьд арай өөрөөр хатуужсан, сэтгэлгээ нь уужим учраас бөх хэмээх эрхэм алдрын эзэн болж явдаг болов уу. Энэ ёс жудаг жилээс жилд алдагдсаар буйг аварга бөхийн хувьд эмзэглэн харж явдаг. Нийгмийн тогтолцоо нь л хувь хүнийг, бөхийг гажуудуулж “Би л том, би л ингэнэ” гэсэн явцуу сэтгэл рүү түлхэж байх шиг байна. Бид үзэгч олонгүйгээр юу ч биш. Тэдний дэм, сэтгэл дээр бөмбөрч яваагаа мартаж болохгүй. Хувиа л бодож огтоос болохгүй. Монгол өв соёлын дархлааны нэг үндэс болсон монгол бөхийн үнэ цэнийг бид зөв хадгалж, хамгаалж явах учиртай. Тэртээх хүй нэгдлийн үеэс л ан гөрөө хийх, нүүж суухад ч манлайлж, дайн байлдаантай үед баатрууд нь бөх байсаар өнөө үетэй золгосон. Энх тайвны үед бөхчүүд маань олон түмэнд баясал төрүүлж, сэтгэл ханамж өгч, өөрөөр хэлбэл аз жаргал түгээж байна. Энэ нандин мөн чанар бохирдох, гажуудах ёсгүй.
-Талцал хуваагдал гээд л дурдвал цөөнгүй дэг ээ?
-Бие биеэ дээр дооргүй хүндлэхгүй, нутаг усаараа ялгарах, үүнийг даамжруулдаг бүлэг хүмүүсийн явуургүй санаа бодлоос монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ сэвтлээ. Японы мэргэжлийн сүмо бол хүндэл гэдэг ариун зүйл дээр л оршин тогтнож байна. Нийгэмд ч бөхчүүдийг хүндэтгэхээ болилоо. Бөх хүн гэхээр л бүдүүлэг мангар гэх байдлаар хандах юм. Боловсролтой гэдгийг чинь олон хэлтэй, олон сургууль төгссөнөөр хэмжихгүй. Бусадтай яаж харьцах, нийгэмд үлгэрлэх байдал, монгол өв соёл, ёс заншлаа хэрхэн дээдэлж байгаагаар л тунарч харагдана. Эдүгээ гадаадад төгссөн, эсвэл унаж эдэлж байгаагаар нь хүнийг дүгнэдэг ялгавартай ханддаг болчихлоо. Гэтэл монголчууд маань эрт дээр үеэс л хүний сэтгэл рүү нь өнгийдөг, хүмүүжил рүү нь анхаардаг, ахас ихэсээ хэр хүндэлж буйгаар нь дүгнэдэг байсан. Энэ бүхний дээд үлгэрлэл бол бөх хүн. Бид чармайх ёстой. Социализмын үед ламгүй байхад бөх хүн дээр очиж барцадаа арилгуулж байсан тухай нэг хүн надад ярьж байсан шүү. Нийгмийн бүхий л нандин чанарыг тээсэн хүн бөх болов уу гэж боддог. Мэдээж бичгийн их мэргэд, эрдэмтэн судлаач нар ч үүнд хамаарна. Одоо нийгэмд ийм хүндлэл алга. Харааж ерөөх нь олширсон. Мөнгөтэй хүнд сөгддөг ёс зүй ноёрхлоо.
-Би бичгийн хүний хувьд элдвийг харьцуулж судлах дуртай. Зөвхөн МНТ-оос харахад л баатар, бэхи, сэцэн, тайш,бөх гэдэг цол байна. Бүри бөх, Чилэгэр бөх хэмээн дурдагдана. Хасарын хав, Бэлгүтэн бөхөөр би улс орныг дагуулав гэж их эзэн Чингис хаан айлдсан нь бий. Тухайн үеийн бөх гэдэг эрхэм цол эдүгээ бөхчүүдийн маань ерөнхий нэрийтгэл болон үлджээ гэж боддог. Бөх болно гэдэг зөвхөн барилдахын нэр төдий биш, ард түмний, нийгмийн өмнө хүлээсэн том үүрэгтэйг аварга та дурдлаа. Аварга гэдэг цолны нэр хүндийг дааж явна гэдэг амаргүй биз?
-Үнэхээр амаргүй. Барилдааны хувьд ярихад зарим хүн намайг “Чи хэтэрхий аваргаар харагдах гэж өмнөх Мөнхбатынхаа зарим зүйлийг гээж байна. Хэтэрхий хичээж өмнөх барилдаанаа гаргахаа болив” гэдэг л дээ. Аварга хүн доор унаж болохгүй ч гэдэг юм уу янз бүрийн тал дээр хичээгээд байгаа юм шиг байдалтай байгаа нь миний алдаа дутагдал байх. Барилдаанаас өөр нөхцөлд аваргаараа байх гэдгээ хольж хутгаад байх шиг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр бөхийн ертөнцөд маань элдэв зүйл гарч байдаг. Энэ бүхэн нөлөөлөх нь бий. Монгол Улсын аварга гэдэг эрхэм алдрыг тээж явахын тулд би гэхгүй бид гэж зүтгэх, монгол эрчүүдийнхээ алдрыг өргөж явах гээд өчнөөн үнэт зүйл байна. Амаргүй нь үнэн. Бөхчүүдийг хүндлэхээ байчихвал монгол ёс заншил, уламжлал хаачих вэ. Энэ бүхнийг ухамсарлаж явахаас өөр яах билээ. Ер нь бөх судлаач нар бөхий

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..