© Dandaa.mn. 2011-2021
4-р сарын 18, Ням
Улаанбаатар °C
Нийгэм

" БНХАУ-ын тал гуравдугаар сарын 23-наас хойш албан ёсоор ямар нэгэн шалтгаан мэдэгдэлгүйгээр автомашин нэвтрүүлэхгүй байгаа"

Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхантай холбогдож, боомтын нөхцөл байдлыг тодрууллаа.

- Замын-Үүд боомтоор экспортын ачаа гарахгүй байгаа гэх мэдээллийг ачаа тээврийн жолооч нар өгч байна. Нөхцөл байдал ямар байгааг танилцуулахгүй юу?

- БНХАУ-ын тал энэ сарын 20-ноос хойш машин нэвтрүүлэхгүй байгаа. Тухайн үед гаалийн хашаанд нэг ачааны машин шатсан юм. Тиймээс тухайн хашаанд бөөгнөрсөн автомашинуудыг цэгцэлнэ, зай талбай гаргана гэх шалтгааны улмаас 20-нд манайхаас гарах урсгалыг хаасан. 

Ингээд байж байтал 23-нд Замын-Үүд суманд КОВИД-19 халдвар бүртгэгдсэн. Үүнээс хойш БНХАУ-ын тал албан ёсоор ямар нэгэн шалтгаан мэдэгдэлгүйгээр автомашин нэвтрүүлэхгүй байгаа. 

Хилийн цаана байсан ачааны машинууд бол цөөн тоогоор орж ирж байгаа. Өчигдөр гэхэд таван машин орж ирсэн. Мөн уул уурхайн зориулалттай импортын машинууд орж ирж байгаа. 

- Албан ёсоор ямар нэгэн шалтгаан хэлэхгүй байна гэлээ. Манай талаас шалтгааныг тодруулахаар албан ёсоор хандсан уу?

- БНХАУ-ын талаас манай ГХЯ, ЗТХЯ, Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газарт ямар шалтгааны улмаас хилээрээ нэвтрүүлэхгүй байгаагаа албан ёсоор огт мэдэгдээгүй байна. Замын-Үүд сумын Засаг дарга удаа дараа албан бичиг явуулсан боловч хариу өгөөгүй л байгаа. 

Хил нээлттэй ч биш, хаалттай ч биш нөхцөл байдалтай байна. БНХАУ-ын талаас ачаатай 5-10 машин өдөртөө орж ирээд байгаа ч Монгол талаасаа ямар ч хөдөлгөөн байхгүй. 

Өчигдөр орой Шадар сайдаар ахлуулан болсон цахим хуралд бүх боомтын төлөөлөл оролцож нөхцөл байдлаа танилцуулсан. Өнөөдөр өглөө ЗТХЯ-наас дахин цахим хурал хийж, БНХАУ-ын Хөх хот, Эрээн дэх консулууд, Элчин сайд Т.Бадрал нар оролцсон. Тус хурлын үеэр Хөх хот дахь консул "БНХАУ-ын тал дөрөвдүгээр сарын 7-ноос хилээрээ нэвтрүүлнэ. Гэхдээ өвчлөлийн байдлыг харна" гэсэн мэдээллийг өгч байна.  

Цахим уулзалтуудын үеэр ачаа тээврийн жолооч нараас гадна Замын-Үүд сумын бүх оршин суугчийг вакцинд хамруулах ажлыг маргаашаас эхлүүлэх талаар шийдвэр гарсныг хэлсэн.

- Өнөөдрийн байдлаар хэчнээн ачааны автомашин хил гарахад бэлэн хүлээж байна вэ?

- 475 тээврийн хэрэгсэл манайхаас гарах зөвшөөрлөө авсан. Нэмж ирсэн машинууд бас бий. Ойролцоогоор 600 орчим тээврийн хэрэгсэл хил гарахад бэлэн байгаа. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dandaa.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..